Цасанд даруулсан буудайг ХАТААХ бүрэн боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Өчигдөр /2018.09.20/ баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурсны улмаас тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн сумдад 30 см орчим цасан бүрхүүл тогтож, ургац хураалт хүндэрчээ. Харин өнөөдөр /2018.09.21/ Сэлэнгэ аймгийн удирдлагууд тариалан, хадлангийн зарим талбай, зам давааны байдалтай танилцсан байна. Хүчтэй цасан шуурганы улмаас Хүдэр, Ерөө, Жавхлант, Сайхан, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул, Мандал, Баянгол зэрэг сумд 5-15 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд  сумдын цасанд дарагдсан будааг иш өргөгч ашиглаж хаягдал багатай хураан авахад анхаарч, ус борооноос сэргийлж үтрэм дээр буусан будааны нурууг сайтар хучих, налуу хэсгүүдийг засах хамгаалалт хийж, үтрэмийн хаягдлыг багасгах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.


Мөн цас болон цаг агаарын хүчин зүйлээс гадна тариа руу мал оруулахгүй байх маш чухал гэдгийг тариаланчид онцолж байна. Цасанд дарагдсан тариаг сэргээх арга байдаг ч малын хөлд талхлагдвал сэргэхэд тун хэцүү болдог аж. Тиймээс шуурга, салхинд уруудсан мал талбай руу орох асуудал дээр  Орон нутаг анхаарлаа түлхүү хандуулж, малчид ч анхааралтай байхыг тариаланчид анхааруулсаар байна.

Нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Ариунболдоос тодрууллаа.


-Цасан шуурганы улмаас тариалангийн бүс нутагт нэлээд хүндрэл учирсан тухай мэдээлэл байна. Орон нутгаас болон яамны зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Есдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр баруунаасаа төв хэсэгт цасан шуурга орж тариалангийн талбайд нэлээн хүндрэл учрууллаа. Орон нутгаас авч байгаа мэдээллээр өчигдрийн орсон цасан шуурга Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг суманд харьцангуй гайгүй. Бусад сумд цасан бүрхүүлтэй, ялунгуяа Хүдэр, Ерөө орчмын тариалан 30 см орчмын цасан бүрхүүл тогтсон, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Замын байдал хүндэрсэн нөхцөлтэй байгаа. Төв аймгийн хувьд Эрдэнэсант сум гайгүй, Сүмбэр суманд бага зэргийн цастай, бусад тариалангийн бүс нутаг ялангуяа Жаргалант, Борнуур орчимд их хэмжээний цасан бүрхүүл тогтсон байна. Дархан-Уул аймгийн хувьд цасан бүрхүүлтэй, цас хайлж байгаа байдалтай. Хөвсгөл, Завхан аймгийн хувьд цасны нөлөө харьцангүй бага, хүндрэл багатай гэсэн мэдээлэл ирсэн.

Цас цасан шуурганы үеэр мал уруудах, тариан талбайд орох, ургасан тариа сүйтгэх, хөнөөл учруулах магадлал маш өндөр байдаг. Иймээс орон нутгийн удирдлагууд малчид, тариаланчидтайгаа хамтраад орон нутгийн иргэдийг дайчлаад малыг тариан талбайд оруулахгүй байх ажлыг нэн тэргүүнд  хийж байна. Хоёрдугаарт, тэнгэр гайгүй болсоны дараа тариа хураахад зайлшгүй шаардлагатай иш өргөгч, бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг тариаланг дэмжих сан, диллер, аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулж байгаа. Өчигдрийн байдлаар цастай зэрэгцээд Сэлэнгэ, Төв аймгийн гол аж ахуйн нэгжүүдэд иш өргөгч тоног төхөөрөмж, эд ангиудыг олгож ажилласан. Гуравдугаарт, яг ийм үед шатахууны зарцуулалт эрс өсдөг. Тйимээс  шатахууны нөөцийг бүрдүүлэхийн тулд анхаарч ажиллах ёстой. Буудай, тээврийн зам хүндэрдэг. Иймд орон нутгийн зам арчилгааны компаниудтай хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Түүнчлэн үтрэмийн ажил хүндэрдэг. Нэгэнт хураагаад авчихсан, үтрэм дээр байсан хуурай буудайг Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гурилын үйлдвэрүүдэд татан авах ажлыг компаниуд хоорондоо хамтарч ажиллаж, зохион байгуулах шаардлагатай. Үтрэмийг чөлөөлөх шаардлагтай. Чийгтэй буудайг хатаах ажилд нэлээд зардал, цаг хугацаа шаардагдана гэсэн юм.


-Цаг агаарын нөхцөл байдал цаашдаа хэрхэн үргэлжлэх төлөвтэй байгаа вэ?

-Цаг агаарын төлөв байдал 20-дын үеэр муудах, цаашдаа сарын сүүлээр илүү муудах, 10 дугаар сарын дунд үеэс муудах зэрэг мэдээллүүдийг цаг агаарын станцаас бид бүхэнд мэдээлж байгаа. Энэ мэдээллийг бид орон нутагт шуурхай дамжуулж ажиллаж байгаа. Намар урт болж байна, дэлхийн дулааралтай холбоотой өөрчлөлтүүд, гэнэтийн хөнөөлийн байдал ойр ойрхон давтагдаж байгаа. Энэ бол ганцхан Монгол Улсад биш. Тэгэхээр бид бүхэнд тариалангийн технологийн асуудалдаа анхаарах цаг болжээ гэдгийг сануулаад байгаа юм.

-Тариалангийн үйлдвэрд одоогоор ямархуу тоног төхөөрөмж ашиглагдаж байгаа вэ. Ямар тоног төхөөрөмж дутагдаж байгаа бол?

-Манай тариалангийн үйлдвэрийн гол технологи бол тариалангийн болцыг түргэтгэх, сайжруулах ажлыг ангилан хаталтаар зохион байгуулах механик арга хэрэглэдэг. Гэтэл энэ арга тэргүүн зэргийн арга биш болж байна. Зайлшгүй үед химийн технологийг нэвтрүүлэх, тариаг босоо үед нь хатаадаг олон улсын үсрэлтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. 2014 оноос эхлээд манай тариалангийн аж ахуйн нэгжүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтраад туршилт явуулж байгаа. Тариаг босоо үед нь химийн аргаар болцыг түргэтгээд, шууд хураадаг энэ аргыг туршиж байгаа. Ийм туршилтууд тодорхой үр дүнд хүрч байгаа компаниуд бий. Гагцхүү ямар бодисыг ямар тунгаар хэзээ, яаж хэрэглэх вэ гэдэг дээр эрдэм шинжилгээний байгууллагуудын дүгнэлт гаргаж нийтэд нэвтрүүлэх шаадлагатай байгаа юм аа.

-Ургац хураалтын явц ямархуу түвшинд байгаа вэ?

-Өчигдөр тэнгэр муудахаас өмнө ургац ямар байсан бэ гэдгийг юун түрүүнд ярих хэрэгтэй. Улаанбуудай 8,6 хувь, төмсний хураалт 30 гаруй хувь, хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай байсан. Бид улсын ургацын комисст танилцуулсан. Ургацын урьдчилсан балансаар 425 мянган тонн улаанбуудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн тооцоо өгсөн. Харамсалтай нь ургац хураалтын явц маань техник технологийн байдал, тарималын явцын болцоос хамаараад 8,6 хувийн улаанбуудай 10 хувь орчим л явж байна. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт байгаа. Дулаан хоногуудын тоо улам цөөрч байгаа. Үүн дээр цаашид хөдөлмөр зохион байгуулалтаа, техник тоног төхөөрөмжийн байдлыг улам сайн хангаж ажиллах шаардлагатай. Үтрэмийн ажил хүндэрнэ, гэхдээ бид үтрэмийн техникийн шинэчлэлүүдийг амжилттай хийсэн байгаа. ОХУ-аас нийлүүлж байгаа хоёр удаагийн техник нийлүүлэх ажил хоёр жил дараалан ажиллаж байгаа. Энэ дээр үтрэмийн техникүүдийг нэлээд нийлүүлсэн. Тэгэхээр бид бүхэн буудайгаа хэдий чийгтэй ч гэсэн технологийн дагуу стандартад нийцсэн хатаалгыг хийж, цэвэрлэж байж эловатад нийлүүлэх учиртай. Үүн дээр аж ахуйн нэгжүүд удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн ажлыг бэлэн байдалд байлгах шаардлагатай гэдгийг сануулж хэлье ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top