”JCI Монгол” XXI Үндэсний чуулганаа зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Үндэсний чуулганы хүрээнд JCI байгууллагын зүгээс мэргэжлийн зөвлөгөө болон сургалтууд явуулав. Чуулга уулзалтад JCI байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Марк Брайн Лим болон 2004-2013 онд JCI байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эдсон Кодама нар хүрэлцэн ирж өөрсдийн туршлагаас хуваалцан, илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлэг явуулав.


JCI байгууллага нь 1915 онд АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луйс хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө тасралтгүй 103 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа, дэлхийн 120 гаруй оронд салбартай, нийт 170,000 гаруй гүшүүнтэй аж. Тус байгууллагын Монгол дахь салбараас жил бүр тогтмол зохион байгуулдаг чуулга уулзалтаар JCI Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй шилдэг төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулдаг. Энэ удаагийн үйл ажиллагааны онцлох арга хэмжээгээр Старт-ап байгууллагуудын дундах туршлага хуваалцах, мэдээлэл солилцох арга хэмжээ байсан юм. Мөн энэ удаагийн Үндэсний чуулганы албан ёсны сэтгүүлийг цахим хэлбэрээр гишүүдэд хүргэж байгаа нь шинэлэг зүйл болжээ.


2018 онд Be the change буюу “Өөрчлөлт нь өөрөө бай” урианы хүрээнд JCI Монгол байгууллагаас олон томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээрээс дурьдвал Япон, Солонгос, Хонг Конг, Тайвань, Монгол зэрэг улс орнуудын 100 гаруй компанийн бизнес эрхлэгч залуучууд оролцсон олон улсын бизнес үзэсгэлэн “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” арга хэмжээ зэрэг нийгэмд эерэг өөрчлөлтийг манлайлсан олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байгааг энэ үеэр онцолж байв.

JCI байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Марк Брайн Лим "JCI Монгол ТББ-ын Үндэсний чуулган жил бүр болдог. Энэ чуулга уулзалтаар гишүүдийн уулзалт болж тухайн оныхоо ажлыг дүгнэх, хэрэгжүүлсэн төслүүдээ шалгаруулах, дүгнэх, ийм онцлох үйл явдлуудаа хэлэлцэх, дараа жилийнхээ удирдлагын багийг сонгох зэрэг чухал ажлууд хийгддэг байгаа. JCI Монгол байгууллагын амжилттай 3 дах жилдээ хэрэгжүүлж байгаа нэг төслөөс дурдахад 2015 оноос эхлэн хэрэгжиж байгаа түүхэнд анх удаа нярайн эндэгдлийг 19,2-оос 5,6 хувь болгон бууруулсан, мэс заслийн  дараах эргэн сэрэлтийг 72,2-82,2 хувь болгож өсгөсөн “Save life" төсөл байгаа. Энэ төслөөр маш олон дутуу төрсөн эх нялхасыг аврах, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, эх нялхасын төвтэй хамтарч ажиллан өргөтгөлийн ажлууд хийгдсэн. Энэ төсөл цаашид ч үргэлжилнэ. Мөн үүнээс гадна олон, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж бид төлөвлөж байна" хэмээлээ.  

JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр энэ үеэр "JCI Монгол байгууллага нь 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд бид нийгэмд хандсан 4 том төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслүүд маань ирэх жил ч тогтвортой хэрэгжээд явна. Бид Цагдаагийн Ерөнхий Газар болон Хүүхдийн Эрүүл Мэндийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ санамжийнхаа хугацаанд нийгэмд эерэг хандлага, өөрчлөлт авчрахын тулд өөрсдийн хийж чадах бүхнээрээ хамтран ажиллана. Мөн JCI байгууллага 2019-2023 онд стратеги төлөвлөгөөгөө өөрчилж байгаа. Энэ өөрчлөлттэй холбогдуулан JCI Монгол байгууллага ирэх 5 жилд хөгжлийн ямар чиглэлд илүү ажиллах вэ гэдгээ ирэх 10 сард болох дэлхийн чуулганы дараа боловсруулж гаргах болно" гэлээ.  


Н.Даваасүрэн

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top