Зургаа дахь ҮНЭЛГЭЭ-ний өмнө АНХААРУУЛГА ирлээ

2018 оны 09 сарын 24

Улсын авдар улайж, бадар гуйхдаа тулсан тэр үед буюу одоогоос арванзургаан сарын өмнө ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхэлсэн билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд  ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтэд  таван удаа үнэлгээ хийгээд буй. Дараагийн  зургаа дахь шатны үнэлгээг хийх  төлөөллүүд нь Улаанбаатарт аравдугаар сард бууна. Тэгвэл тэднийг ирэхээс өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн тэргүүн К.Лагардтай уулзлаа. Хатагтай К.Лагард  манай улсыг  гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулжээ. Түүнчлэн  үүсч болзошгүй шокийн эсрэг ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэх ёстойг хэлсэн байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ханшийн өсөлтийн учиг шалтгааныг хаа хаанаа ярьж, хэлэлцэж буй үед ОУВС-ийн тэргүүн манай эрх баригчдыг бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.

Ер нь бол төлбөрийн тэнцэл алдагдалтай ч, макро эдийн засгийн   агуулгаараа бол экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөлттэй, хөрөнгө оруулагчдын итгэл харьцангуй сэргэсэн, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн мөчлөг тохиож буй. Гэхдээ л манай эдийн засаг дархлаа сул тул  орж, гарах   ам.долларын харьцаа хөдөлгөөнийг дагуулж байдаг.  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тухайд  хоёр тал эрх мэдлийн хуваарилалтаа хийн, хамтран хэрэгжүүлж буй. Манай улс хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.долларын урсгалыг нутаг руугаа татахын тулд сангийн зүгээс тавьсан шаардлагуудыг эелдэг байдлаар хүлээн авах ёстой. Гэхдээ нийгмийн зүгээс тавигдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээрийн ширээний хоёр талд суух, улстөрийн түвшинд ойлголцох боломж бас бий. Хүүхдийн мөнгө, цалин зэрэг сэдвийн хүрээнд ярилцахгүй биш ярилцаж байсан. Ойлголцол хэвээрээ байгаад байвал Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт бидэнд ирнэ. Мэдээж энэ бол татгалзахын аргагүй боломж.

Валютын нөөцийн уутаа гөвж сэгсрэх дээрээ тулаад байсан төв банк өнөөдрийн тухайд 3 тэрбумыг шүргэсэн  нөөцтэй байж байна. Цаашлаад валютын нөөцөө өсгөх бодлогын хүрээнд алтны худалдан авалтаа 6-7 тонноор нэмэгдүүлэх төлөвлөгөө тэдэнд бий. Тэгэхээр валютын нөөцийг дотоод хүчин зүйлсдээ тулгуурлан нэмэх төсөөлөлтэй зэрэгцэн донор орнуудаас орж ирэх долларын урсгалаа тогтвортой байлгах тал дээр дорвитой ажиллах нь төр засгийн бүхий л байгууллагуудын уялдаатай үйл ажиллагаанаас хамаарч таарна.

Бүрэн агуулгаараа бол бид ОУВС-ийн хөтөлбөрөөс юутай үлдэх ёстой билээ гэдгээ эргэн саная л даа. У.Хүрэлсүхээс өмнө хөтөлбөрийг нутагшуулах эхлэлийг тавьсан ЕС асан Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Хөтөлбөрийн хамгийн гол ач тус нь Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг эрүүлжүүлж, төрөлжилт бий болгох, цаашид түүхий эдийн үнийн савалгаанаас үүдсэн хямралыг хохирол багатай даван туулах эдийн засгийн дархлаатай болсон байх, эдийн засаг маань огцом савлахгүй байх орчинг бүрдүүлж байгаад оршино” хэмээн хэлж байсан. Тэр энэ үгсийг хэлснээс хойш арвантаван сар өнгөрчээ.

Гол нь яг энэ ДАРХЛАА шаардлагатай байгаа талаар Монголд ч, хилийн чинадад ч ярьцгааж байна.  ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд  энэ оны 9 дүгээр сарын байдлаар  манай улсад 136.9 сая ам.долларын санхүүжилт орж ирээд буй. Тэр мөнгө  “Дим Сам”,  “Чингис” бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг төлөхөд зарцуулагдсан. Орж ирэхдээ улсын валютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, өр төлбөр даран гарч явахдаа төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлсөн дүн үзүүлснийг хэлэх хэрэгтэй байх.  

ОУВС-ийн өмнөх тавдугаар шатны үнэлгээний дүнг сануулахад,  Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна” гэж байсан. Тэгвэл энэ удаа биднийг ШОК-ийн эсрэг хамгаалалтаа сайжруулахыг ОУВС анхааруулчихлаа.

Э.Болор

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huj(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

ongiroi shunaltai pizda ve

0  |  0
z(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

EDIIN ZASGIIG HENCH YAG ONOJ CHADDAGUIM TAAJ BODDOGIIM SAVLAGAAN DEER DARHLAAGAA SAIJRUUL

0  |  0
Top