Хүүхдийн спортын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо

“Монгол туургатан” хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо 2018 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Олон улсын хүүхдийн спортын VIII наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд шигшээ багийн 216 тамирчин хүүхэд, 28 дасгалжуулагч, шүүгч болон албаны төлөөлөгчид оролцоно.

Үдэн гаргах ёслолын ажиллагаанд ЗГХА, БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

"Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг нээж БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц үг хэллээ. Тэрээр: "Энэхүү наадмыг өнгөрсөн жил бид эх орондоо зохион байгуулж, амжилттай оролцсон. Нийт тамирчиддаа өндөр амжилт хүсье. Дор бүрнээ хичээгээрэй!" гэж захив.

Мөн "Монгол туургатан” хүүхдийн спортын VIII наадамд оролцох багийн ахлагч О.Баттулгад төрийн далбаа гардууллаа.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page