Утаанд зориулсан АМЛАЛТ-ууд чинь ЭНД БАЙНА

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Зургаахан сарын өмнө нэгэн танил маань таван сар тээсэн ургаа алдсан юм. Алдсан гэсний учир нь сар бүр тогтмол эмчид үзүүлж, хяналтад орж явсан мөртөө тав дахь сар дээрээ ураг гэдсэндээ амьгүй болсныг нь мэдсэн. Ийм золгүй явдал нэлээд хэдэн жилийн өмнө хааяа нэг сонсогддог байсан бол одоо айл бүрт, эргэн тойронд маань илүү олон тоогоор тохиолдох болжээ. Гол буруутан нь УТАА. Уг нь ураг эндэхээс илүү хортой үр дагавар гэж хаана байх билээ. Харамсалтай нь, яг энэ үеэс онцгой сэдэв шиг яригдаж эхэлдэг ч хавар нь таг мартагддаг нэхэлт сэдэв УТАА уламжлал ёсоороо өвөлтэй нүүр тулах гэж байна.

УТААНЫ ЭСРЭГ УРИА ЦААСАН ДЭЭР МӨНХРӨХ ҮҮ?

Улаанбаатар хот албан бус тоогоор 1,8 сая иргэнтэй. Үүнээс албан ёсны бүртгэл, зөвшөөрөлтэй 1.4 сая хүн байнга оршин суудаг. Үндсэн хуульд заасан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ээ зөрчүүлсэн хоёр сая орчим иргэн энд амьдарч байна гэсэн үг.

Иргэд арга ядахдаа өнгөрсөн 2017 оны өвөл анх удаа утааны эсрэг жагсаал хийж байв. Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн сүлжээгээр ч иргэдийн бухимдал их байсанд эрх баригчид асуудалд өмнөхөөсөө арай илүү анхаарлаа хандуулж, төрийн гурван өндөрлөг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, УИХ, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн билээ. Тэрхүү зөвлөмжөөр бол агаар орчны бохирдлын эсрэг хөтөлбөр аль хэдийнэ УИХ-аар батлагдчихсан, холбогдох хүмүүс нь утаа, хөрс, усны бохирдлын эсрэг тэмцээд эхэлчихсэн, тухайн өвөл бид утааны хор уршгийг ядаж НЭГ хувиар ч болтугай бага амсах байв. Гэтэл тийм зүйл болсонгүй. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ нь хүртэл бэлэн болоогүй байсан учир тэгсгээд өнгөрсөн. Үнэндээ улс төрчдийн байнга хэлдэг “Утааны асуудал онцгой анхаарал татаж байна” гэдэг үг ард түмний зэвүүцлийг барж байна. Бараг л “Утаандаа хордоод угаартаж үхэхийг чинь анхааралтай ажиглацгааж байна” гэж байгаа юм шиг сонсогддог. Энэ жил ч бас сүржин, сүржин шинэ нэр томъёо ярьсаар хэрхэн хавартай золгохыг бид таашгүй. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөөр бол энэ өвөл сайжруулсан ч гэлүү, боловсруулсан ч гэлүү нэг түлш 23,000 айл өрхөд /Нэг тонныг нь 150,000 төгрөгөөр/ борлуулахаар болсон. Гэхдээ одоогоор энэ тухай БОАЖЯ болон холбогдох газруудаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

ЖИЛИЙН ӨМНӨХ АМЛАЛТ

Одоогоос яг нэг жилийн өмнө Монголын төрийн өндөрлөгүүд утааны тухай ямар байр суурь илэрхийлж, юу амлаж байсныг сануулъя. 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар /2017.12.28/ “Онц байдал зарлах” саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэрбээр” Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Харамсалтай нь, утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн. Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад, ирэх хавраас ажилдаа оръё” хэмээж байв.

Одоогоор Ерөнхийлөгчийн хэлсэн хотоос нүүлгэн шилжүүлэлт хийгдэх ажил биеллээ олоогүй байна. Угтаа бол одоо Ерөнхийлөгч “Онц байдал зарласан”-ы хоёр жилийн ой тохиож байна гэсэн үг.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

/Түүний 2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулган-ын үеэр хэлсэн үгийг ишлэн хүргэж байна/

Ерөнхий сайд тус чуулганд “Үе үеийн Засгийн газар утаа бууруулах олон ажил хийсэн боловч байдгаараа. Тиймээс Засгийн газраас  хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавин бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Яндангийн тоог цөөлөх, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхөд цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх, тэглэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана. ҮАБЗ агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн” гэж хэлсэн нь яг жилийн өмнөх үйл явдал.

Гэхдээ утаа бол ҮАБЗ гамшиг гэж хүлээн зөвшөөрч байж л гамшиг болдог асуудал биш. Засгийн газар 2011 оноос хойш 140 гаруй тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг утааны эсрэг тэмцэж хэрэгжүүлжээ. Энэ мөнгөөр утаагүй зуух, түлш хүртэл үйлдвэрлэсэн. Автомашины янданд шүүлтүүр тавих гэж туршиж, айлуудыг цахилгаан эрчим хүчээр халаалтаа шийдэх санал ч тавьсан. Гэвч дорвитой үр дүнд хүрээгүй гэдгийг бид харж байна. 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.6, зүрх судасны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн тухай эрүүл мэндийн статистик мэдээллээс харж болно. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ- ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхэд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг тогтоосон байдаг.

2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж, нас барсан гэсэн таагүй мэдээг тус судалгааны багийнхан өгөв. Хүүхэд халуурч, ханиалгаж, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвчилж нас барах болжээ. Цаашдаа Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн хэмжээндээ үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцолсон байдаг. Тэгэхээр ҮАБЗ гамшиг гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс ч өмнө манай улсад гамшиг тарьсан гэдгийг ойлгох нь зүйтэй. Ерөнхий сайдын хэлсэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 он үргэлжлэх бөгөөд нийтдээ 10 их наяд төгрөг зарцуулна. Хэрвээ 2025 он гэхэд агаарын бохирдол үнэхээр 50 орчим хувиар буурч чадвал бидэнд амьд үлдэх найдвар байна гэсэн үг.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн жил чуулганы нэгдсэн хуралдааны үеэр утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулж байв. Тэр нь 2017.12.28-ны өдөр гэсэн үг.   

Тэрбээр “Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя” гэж хэлж байлаа.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар ажиллахаар болсон билээ.

Төгсгөлд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулганы үеэр хэлсэн үгийг сануулъя.

Тэрбээр “Биднийг хамгийн бухимдалтай улс орны жагсаалтад дээгүүр тавьсан гурван хүчин зүйлийн нэг бол агаарын бохирдол. Утаатай тэмцэхэд ямар алдаа дутагдал байв гэдгийг эхлээд зөв дүгнэх хэрэгтэй. Юуны өмнө хуулийн хэрэгжилт, хяналтын механизмын салангид байдал, агаарын бохирдлоос жил бүр улсын төсөвт 20-25 тэрбум төгрөг хуримтлагддаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа нь төр иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг хангаж чадахгүй байдалд хүргэж байна. Бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал. Мөн Утааны эх үүсвэрийн нэгдсэн суурь судалгааны дутагдалтай. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжлэг үзүүлдэггүй байдал нөлөөлж байна. Эдгээрийг шийдэх нь Агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм” хэмээж байжээ.

Засгийн газар “Агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т нэлээд найдлага тавьж буй нь энэ мэтчилэн тэдний хэлсэн үгнээс харагддаг. Бидэнд ч бас найдахаас өөр зам үгүй. Гэхдээ тэр найдлагыг тээх тэвчээр, төрийн цаасан дээрх төлөвлөгөө хоёрын хэн нь утааг ялахыг ҮНЭХЭЭР ТААШГҮЙ хэвээр...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top