Ховдын засаг захиргааны ажилд гишүүд нөлөөлдөг гэв үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

 Алс баруун хязгаар Ховд аймагт урьд өмнө үүсээд байсан улс төрийн нөхцөл байдал ахиад ч өрнөж мэдэхээр болсныг эх сурвалж дуулгалаа. Учир нь саяхан болсон тус аймгийн Засаг даргын томилгоотой холбоотойгоор маргаан дэгдэж мэдэхээр байгааг дуулгалаа. Анх маргаан эхлэх шалтгаан нь өдгөө ажлаа өгөөд буй Д.Галсандондог даргыг хугацаанаас нь өмнө огцруулж, өөр хүнийг Засаг даргаар оруулж ирэх зорилгын дор Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болсонтой холбоотой байж. Тиймээс шинээр Засаг дарга болохоор улайрч байсан нөхрийг хурлын төлөөлөгчдийн олонхи эсэргүүцэн, дахин хуралдаан зарлаж, Засаг даргаа бус Иргэдийн хурлын дарга Г.Пүрэвгандийг огцруулахаар болсноос үүдэн ийнхүү хоёр талцан маргаан үүсгэсэн байдаг.

Учир шалтгааныг нэхвэл, өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард дээрх улс төрийн шалтгааны улмаас аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулах эсэх асуудлаар хуралдаж, улмаар санал хураахад 22 төлөөлөгчийн санал буюу 59,4 хувь нь огцоруулна, 15 төлөөлөгчийн санал буюу 40,6 хувь нь огцруулахгүй гэснээр Г.Пүрэвганди суудлаа өгөхөөр болж байв. Энэ үеэр хоёр төлөөлөгчийн санал хүчингүй гарч, хоёр төлөөлөгч гадаадад томилолтой байсан гэдэг. Харин хууль ёсоор суудлаа өгөх учиртай Иргэдийн хурлын дарга маань өрөөгөө түгжин, тамгаа аваад зугтсан гэдгийг ч уншигч та санах байх.

Харин Г.Пүрэвгандийн оронд дэмжлэг авсан Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах тамга ч үгүй, суудал ч үгүй удтал маргаантай байсан. Үүнээс үүдэн Төр захиргааны хүрээнд Иргэдийн хурлаар хэлэлцэн батлах журамтай олон ажил гацаатай байсаар 2018 оны босго давж байсан юм. Ийнхүү Төрийн олон ажил шийдвэр гаргах түвшинд гацаж байсан учраас ойлголцолд хүрч Г.Пүрэвгандийг Иргэдийн хурлын даргаар ахин батласан. Өөрөөр хэлбэл,тамгаа авч зугтасны хүчинд хаа хаанаа тохиролцоонд хүрэхээс аргагүй нөхцөл байдал үүсгэсэн байна. Гэхдээ Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг хэвээр үлдээх болон бусад тохиролцооны үндсэн дээр зөвшилцөлд хүрсэн тухай ч хөндлөнгийн эх сурвалжийн мэдээлэл байдаг.

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, өнгөрсөн баасан гаригт /2018.09.20/ Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр ажилд томилогдсонтой холбогдуулан, аймгийн ИТХ-аас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Дүгэржавыг Засаг даргаар томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэв. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган Б.Дүгэржав өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ховд аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Засаг дарга асан Д.Галсандондог нь ОХУ-д суух Элчин сайдын зөвлөхөөр томилогдсон гэх мэдээлэл бий.

Засаг даргаар томилогдсон Б.Дүгэржав нь аймгийн Боловсрол соёлын газрын дарга мөн хувийн хэвшилд барилгын компанийн захирлын алба тус тус хашиж байсан, Төрийн алба, удирдах түвшний туршлага нимгэн гэх зэрэг шүүмж, маргаан Иргэдийн хурлын түвшинд яригдаад эхэлжээ. Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар Д.Галсандондог нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн эсэх нь тодорхойгүй, орон нутгийн засаг захиргааг Төрийн ордноос удирдаж суудаг зарим гишүүд, эрх мэдэл бүхий нөхдийн зүгээс явуулсан ажиллагаа юу гэх зэргээр олон асуудал хөндөгдөж болзошгүй байна.

Энэ тухайд “Манай засаг захиргааны ажил, тэр тусмаа удирдах албан тушаалтны томилгоонд зарим УИХ-ын гишүүд нөлөөлсөөр ирсэн нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж байна. Энэ утгаараа Төрийн шат шатанд явагдаж байх ёстой ажил гацах явдал урьд өмнө байсаар ирсэн” гэх байр суурьтай эх сурвалж ч байна.

Дашрамд дурдахад, Ховд аймаг баруун бүсийн төв цэг, бүс нутгийн түүхий эд болон бусад өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг тогтоохоос эхлээд тулгамдсан аливаа асуудлыг Ховд аймгаас удирдан зохион байгуулдаг бөгөөд Ховд аймгийн Засаг дарга нь "Баруун бүсийн зөвлөл"-ийн даргын албыг давхар хашдаг онцлогтой билээ. 

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top