“Эдийн засаг сайжраагүй байхад ХҮҮ буурна гэж байхгүй”

2018 оны 09 сарын 24

Зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэдэг асуудлаар эдийн засагчид, улстөрчид олон жил ярьж байна. Ярихын нөгөө талд  өндөр хүүний улмаас бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсээр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа  өсч өндийх боломж хумигдаж байдаг. Тэгвэл эдийн засагч Б.Мэдрээ зээлийн хүүг бууруулахын тулд хаа хаанаа санаачлагатай, сэтгэлтэй, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой гэж байна. Мөнгө хүүлэгч гэгдэх болсон банкуудад хэрэг дээрээ бага хүү л ашигтай. Хадгаламж эзэмшигчийн мөнгийг зээл болгож гаргахдаа айдасгүй байхыг тэд хүсч байгаа гэж тэр  хэлнэ лээ.

Өнөөдөр /2018.09.24/ болсон “Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчин, олон улсын туршлага” хэлэлцүүлэгт эдийн засагчид, улстөрчид оролцож, шийдэл хүлээсэн уг сэдвээр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: ЭДИЙН ЗАСАГ САЙЖРААГҮЙ БАЙХАД ХҮҮ БУУРНА ГЭЖ БАЙХГҮЙ


-Банкны сектор санхүүгийн зах зээл дээр монополь байдлаар олон жил явж байна. Зээлийн хүүг урт хугацаандаа бууруулах гарц нь эдийн засгийн банкнаас хэт хамаарсан хамаарлыг бууруулахад чиглэх ёстой болов уу?

-Үнэн.  Монголын төр  зохицуулалт  хийгээгүй учраас өнөөдөр эдийн засгийн 95-аас илүү хувь нь банкнаас хамааралтай болчихсон. Тиймээс  банкны хүү өндөр байгаа. Уг нь төр зохицуулалтаа хийгээд, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлсэн байсан бол өнөөдөр өөр зүйл яригдах ёстой. Монголын төрөөс  цаашид  авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь  банкны эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн хэмжээг аль болох багасгахад чиглэх нь зөв юм. Ядахдаа Засгийн газрын хувьчлалын бодлого нь тийшээ чиглэх хэрэгтэй. Том том үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчлахдаа дандаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ёстой юм. Бүхлээр нь хувьчилж байна гээд худалддаг явдал бол Төрийн ордоны нэг өрөөнд л болдог зүйл гээд байгаа шүү дээ.

Төр  үүнийг  бодлоготой зохицуулах ёстой. Инфляцийг нам дор түвшинд,  ханшаа тогтвортой, эдийн засгийн өсөлтэй тогтвортой хэмжээнд барихын зэрэгцээ мөнгөний бодлого, төсвийн бодлого,  Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлого,  боловсон хүчний бодлого зэрэг нь харилцан хамааралтай байж нөхцөл байдал сайжирна.  Эдийн засаг сайжрахын  хэрээр  банкны зээлийн хүү буурах ёстой. Эдийн засаг сайжраагүй байхад хүү буурна гэж байхгүй. 

-Банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлж байж хүүг бууруулах тухай ярих ёстой гээд байдаг. Дахин хөрөнгөжүүлэх гэсэн тодотголоор,  сүүлийн байдлаар  500 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг хоёр банкинд очсон болов уу. Та энэ тал дээр юу хэлэх вэ? Энэ яг эдийн засгийн дэмжлэг мөн үү, эсвэл...?

-Ер нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны шударга өрсөлдөөн байхгүй. Эх үүсвэр олохын тулд хоорондоо байлддаг. Хадгаламж өндөр хүүтэй авчихаж байгаа учраас өндөр хүүтэй зээл гараад байна шүү дээ. Банкны системийг эрүүлжүүлэхтэй холбоотой  бас нэг чухал зүйл бол банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх ёстой. Банкны засаглалыг сайжруулах ёстой. Засаглал сайжруулна гэдэг нь олон нийтийнх болох ёстой. Нэгэнт төрөөс дэмжлэг аваад, ард иргэдийн хадгаламжийг авч байгаа тохиолдолд банк олон нийтийн байх ёстой.  Олон хүний өмч байх ёстой. Өнөөдөр нэг, хоёр хүний л  өмч байна шүү дээ. Банкууд яагаад хувьцаа гаргаж болдоггүй юм.

Б.МЭДРЭЭ: ПОЛЬШ 4 УДААГИЙН РЕФОРМЫН ҮР ДҮНД ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ НЭГ ОРОНТОЙ ТООНД ОРУУЛСАН


Польш улс зээлийн хүүгээ бууруулахын тулд  4  удаагийн эдийн засгийн реформ хийсэн байдаг. Нэг реформоор нэг юм нь дутуудуулчихсан л байдаг. Тэгээд одоогийн байдлаар 4  удаа реформ хийсний үр дүнд зээлийн хүү нь 1 оронтой тоонд орчихсон  байна.

Миний хувьд зээлийн хүүг бууруулахын тулд бодит судалгаа хий, судалгаагаа гаргаад, дүгнэлт хий. Дүгнэлтээсээ хийх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг гарга,   хэрэгжүүл л гэж хэлж байгаа.

Банкуудын өртөг зардлыг бууруулах ёстой. Ашигт ажиллагааных нь түвшинг дээшлүүлэх ёстой. Хуулиудад ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр Төв банк, Монголын  Банкны холбоо хэрхэн хамтран ажиллах юм. Эдийн засгийн макро түвшинд хүнд аж үйлдвэрүүдийг ямар дэс дараалалтайгаар байгуулах  вэ, валютын орж, гардаг урсгалыг хэрхэн  сайжруулах вэ гэдэгт анхаарч, шийдвэртэй ажиллах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН: ТӨР ӨӨРӨӨ САНХҮҮГИЙН ӨРТГИЙГ НЬ ӨНДӨР БОЛГОЧИХСОН


Зээлийн хүүг бууруулах асуудал үеийн үед төрийн бодлогын гол асуудал байдаг. Зээлийн хүү  бол манай эдийн засгийн төлөв ямар байгаагийн тусгал. Хүнээр бол халууны шил дээр гарч ирж байгаа заалт. Эдийн засаг цаанаа  асуудалтай байх юм бол санхүүгийн зуучлалын өртөг өндөр л байгаад   байдаг. Бид зээлийн хүүг бууруулна гээд захиргааны арга хэмжээ авах юм уу, хадгаламжийн хүүг буулгая, эсвэл банкуудын үйл ажиллагааны зардлуудыг бууруулъя, банкны эзэд ашгаасаа тодорхой хэмжээнд татгалзаж зээлийн хүүг бууруулах ёстой гэхчлэн шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаан бодит  мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ бол зээлийн хүүг дорвитой буулгах суурь шалтгаанууд болж чадахгүй. Өнөөдөр зээлийн дундаж хүү 18 хувь. Гэтэл манай инфляцийн түвшин 8-9 хувьтай байна.

Хамгийн том шалтгаан бол макро тэнцвэр. Макро тэнцвэр гэдэг нь манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтайн хэрээр эмзэг байна. Гадаад худалдаа нь хоёр хөршөөсөө хамааралтай. Манай зээлжих зэрэглэл ямар байгаа билээ. Манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө  зээлж байна. Банкууд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс мөнгө татахад 8-9 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж байна. Үүн дээр эрсдэлийн түвшин болон төгрөг рүү хөрвүүлэх зардлыг нэмэх юм бол банкууд гадаад зах зээл дээрээс 12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж байна. Энэ нь  улсын эдийн засаг, зээлжих зэрэглэл ямар байгаа вэ гэдгийг харуулж байгаа юм. Үүгээр дамжиж банкуудад  ийм л хэмжээнд эх үүсвэр  олдож байна. Энэ эх үүсвэр дотооддоо шингэхээр ямар үр дүн дагуулах нь ойлгомжтой. Тэгэхээр төр өөрөө макро тэнцвэрээ хангасны дараа, инфляциа нам дор түвшинд 5 хувиас доош байлгаж чадсаны дараа, захиргаадалтын арга хэмжээнүүд авч болно. Төр үүргээ биелүүллээ, танай суурь өртгийг багасгаж өглөө, тиймээс та нар хэт өндөр хүү авах ёсгүй шүү гэж санхүүгийн зуучлагч байгууллагуудад хэлэх ёстой. Инфляци 5 хувь дотор байхад зээлийн хүү нэг оронтой тоонд байх ёстой гэсэн шат дараатай байдлаар арга хэмжээ авах ёстой юм. Тэгэхгүйгээр төр өөрөө санхүүгийн өртгийг нь өндөр болгочихоод,  араас нь зээлийн хүүг багасга гээд байх нь хэцүү л дээ.

М.БОЛД: ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦ АВСАН ХҮН ОРОН СУУЦТАЙ ҮЛДЭНЭ ШҮҮ ДЭЭ


Орон сууцны зээлийн үндсэн төлбөр, хүүгийн тухай ярихдаа зоосны нэг талыг харж яриад байна. Орон сууцны зээл аваагүй байсан бол ямар орон сууцанд амьдрах байсан бэ гэдгээ бас харах ёстой. Нэг бол монгол гэрт амьдарна. Нэг бол орон сууцанд түрээс төлж амьдарна. Тэгэхээр тухайн  хүн түрээсийн орон сууц сонгох уу,  банкны зээлээр орон сууц авах уу гэдэг хувилбараас сонголтоо хийсэн байна шүү дээ. Түрээсийн орон сууцанд орсон  бол сар бүр түрээсээ төлнө. 300 мянган төгрөгөөс дээшлээд зарим боломжтой хэсэг нь  2-3 мянган ам.доллар түрээсэнд төлж байгаа. Тэр хүн 10 жилийн хугацаанд ямар их мөнгө  түрээсэнд төлөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Банкныхан энд зөв тайлбар хийх хэрэгтэй. Түрээсийн төлбөр, банкны зээлийн хүүний нэмэгдэлтэй төлбөрийн зөрүү бага. Гэхдээ зээлээр орон сууц авсан хүн зээлээ төлсний дараа орон сууцтай үлдэнэ. Харин түрээсээр амьдарч байгаа хүн юу ч үгүй хоцроно.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Horloo(172.56.42.187) 2018 оны 09 сарын 25

Ene turd shurgalsan hulgaich nariig zailuulj shorond hataahgui tsagt mongol uudluhgui.

0  |  0
Bankia (172.56.42.187) 2018 оны 09 сарын 25

Banknii ajolchid mash baga tsalintai zeeliin huu mash undur. End yamar ch logic alga.

0  |  0
хараа(66.181.186.193) 2018 оны 09 сарын 24

Төр өөрөө инфляцийг хөөрөгддөг. Ялангуяа тендер нэрээр төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээ бараа материалыгн өртгийг зуучлагчаар дамжуулан нэмэгдүүлж байгаа нь санхүүгийн зах зээлийн уналтанд оруулж байна. Зах зээлийн өртгөөс өндөр үнээр шахааны зүйл төрд худалдан авч байгаа нь инфляцид их нөлөөлж байна.

0  |  0
Top