Засгийн ажилд ДҮН тавих арай л ЭРТ байна

2018 оны 09 сарын 27

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэгэн жилийн нүүрийг үзэхэд сөрөг хүчин болон тэдний “ай сав” дахь иргэний нийгмийн байгууллага, бусад хүчин зүйлсээс удаа дараа захиалгын дайралт ирсээр. Эрх баригч нам, Засгийн газрын ажлыг харлуулах гэсэн оролдлого үе үеийн сөрөг хүчинд байсаар ирснийг нуух хэрэггүй ч энэ удаад хэтэрч байна гэхэд болно.

Тэд өөрсдийнхөө эгнээнд иргэний нийгмийн байгууллага болон сураг төдий улстөрийн жижиг намуудыг татан оролцуулдаг жишиг тогтоод ч удсан. Үүнээс гадна хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий олон жилийн түүхтэй Үйлдвэрчний эвлэл маань ч энэхүү ажиллагаанд татагдан оролцох боллоо гэх хардлага нийгэмд бий. Мөнхүү судлаач шинжээчид Засгийн газрын ажилд дүн тавих оролдлого хийж байгаа нь захиалгын болоод эртэдсэн хэрэг биз ээ. Урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээрийн үр дүн, олон улсын түвшинд авч үзэх арга хэмжээ гээд олон шалтгаалах зүйлээс үүдэх Засгийн газрын ажилд дүн тавина гэдэг хэтэрхий эртэдсэн хэрэг гэдгийг хаа хаанаа мэдэх ч ийнхүү муйхраар зүтгэж байгаагийн цаана цэвэр улстөржилт байгаа юм.


Хамгийн сүүлийн жишээ гэхэд багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, тэмцэл хийсэн явдал нь энэ Засгийн газрын давж гарах нэгэн сорилт байлаа. Уг нь нэг удаагийн боломжоор тус бүрт олгох 300 мянган төгрөг, улмаар цалинг 12-20 хувь хүртэл нэмэх шийдвэр гаргаад ч багш нарын тэмцэл тэр дороо номхороогүйн шалтгаан нь ерөөсөө улс төр. Тодотгож хэлбэл, сөрөг хүчнээс Төр, ард түмнийхээ эсрэг явуулсан бодлого гэдгийг ч зарим судлаачид өгүүлсэн. Эдийн засгийн хямрал, ОУВС-гийн хөтөлбөрийг оруулаад ирчихсэн энэ үед хичээлийн шинэ жилийн нээлт угтан багш нар ажил хаях нь яах аргагүй сөрөг хүчнээс явуулсан улс төр байсан бол Засгийн газарт хүндхэн сорилт болж өнгөрсөн.

Төсөв хөрөнгөө өөрийн дураар бус ОУВС-гийн хараа хяналт, харилцан тохиролцсоны дагуу зарцуулж, татвар гувчуураа ч ОУВС-тай гэрээлсэн дагуу тогтоож байгаа энэ үед сөрөг хүчний “сөрж” байгаа явдал нь туйлын буруу. Бид дотооддоо улстөржөөд өнгөрч болох ч олон улсын тавцанд нэр нүүрээ барсан хэрэг төдий зүйл. Эрх баригчид сөрөг хүчний ил далд босгож байгаа улстөрийн гэхээсээ илүүтэй, айсуй сонгууль угтсан арчаагүй балмад явдалд “бууж” өгөх хандлага байгаа нь жинхэнэ утгаараа ОУВС-гийн уурыг барах шалтгаан болох магадлал бий. Тэр тусмаа ард түмнээс сонгогдож, тэдний элч төлөөлөгч болсон АН буюу сөрөг хүчин улстөр хийж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт, хандив тусламжаас эхлээд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх үнэлгээг хичнээн бууруулж байна вэ.

Шатахуун түлшинд оногдуулсан онцгой албан татварыг тэглэх сөрөг хүчний шаардлага, шатахуун импортлогчдын шантаажид хавсайдуулж татвар тэглэх шаардлага эрх баригчдад байсангүй. ОУВС-тай тохиролцсон ёсоор ажиллаж аажмаар эдийн засаг сэргэх мөчид эргэн харах асуудал байв.

Багш нарын цалинг хүссэн хэмжээнд нь нэмж, ОУВС-тай тохиролцсон амнаасаа буцах ч хэтдээ өндийж ядан буй эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Засгийн газар аажимдаа цалинг нэмэгдүүлсээр айсуй 2021 онд багш нарын хүсээд байгаа 50 хувийн нэмэгдлийг төлөвлөгөө ёсоор олгохоор ажиллаж байв. Энэ мэт сөрөг хүчний явуулж буй бодлого нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж байгаа учраас эрх баригчид аргагүй байдалд орохдоо бууж өгсөөр байвал юу болох вэ. Ядахад, багш нарын цалин нэмэгдэлтэй дөрөө харшуулан ам.долларын ханш өөдөө савлаад 2500 төгрөгийн босго давж байгаа нь ч АН-д инээд боловч ард түмэнд ханиад боллоо.

Хэзээ нэгэнт цагт У.Хүрэлсхийн Засгийн газар төдийгүй эрх баригч намын ажилд дүн тавьж таарна. Хамгийн наанадаж 2020 оны сонгуулиар дүн тавих нь зүйд нийцнэ. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт ажлаа эхлүүлээд буй Газрын тос нэрэх үйлдвэрийн ажил ирэх 2021 онд дуусна. Энэ ажлыг сүүлийн гучаад жил ярьж, олон удаа шав тавьсан ч аль нэг улс төрийн хүчин, хэн нэг удирдагч эхлүүлж чадаагүй түүхэн ажлыг гараанаас гаргачихлаа. Үүнд шаардагдах нэг тэрбум ам.долларыг Энэтэхэг улсаас зээлснийг өр хэмээн дүгнэх нь илүүц хэрэг. Ийм урт хугацааны эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд өнөөдөр дүн тавих нь яагаад ч эртдэнэ. Монгол Улсад нэн ашигтай энэ мэт ажилд нэг тэрбум байтугай ам.доллар зээлсэн ч багдана биз дээ. Алийн болгон шатахуун түлшний хараат байх гэсэн юм.  

Мөнхүү олон жил ярьсан ч үнэрээс нь салгаж чадаагүй Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг бас л гараанаас гаргаад эрчимтэй явж байна. Үүнд шаардагдах 300 сая ам.долларыг бас л өр гээд хойшоо сууж, Цэвэрлэх байгууламжийн үнэрт эрүүл мэндээ хордуулсаар байх уу.

Олон жилийн турш хүний эрдэнэт амь авч одсон Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг засч байгааг бас л өр гээд эрдэнэт хүний амийг өгсөөр байх уу. “Монгол Улсын гадаад өр 27 тэрбумд хүрлээ” хэмээн сөрөг хүчин бахдалтайгаар худлаа санаа зовниж байна. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн Засгийн газрын тавьсан “Чингис” бондын өрийг дарсан нь Монгол Улсыг хар жагсаалтаар гаргаж, дэлхий дахинаа зээлжих зэрэглэлээ өсгөлөө. Үүний хүрээнд БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай авлаа. Энэ бүхний ар талд эргээд эдийн засгийн үр өгөөжтэй бүтээн байгуулалт, төлөвлөсөн олон ажил байгааг бодолцох цаг болжээ.

Бусад дагалдах олон ажил бодит үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн барилгыг боломжийн хэрээр энэ хичээлийн жилд нэмэгдүүлж, цахилгаангүй өрх айлыг гэрлээр хангалаа. Дулааны цахилгаан станцуудад өргөтгөл хийх хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээж, ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна.  Зах зээлд өрсөлдөх чадваргүй, үргүй зардал гаргадаг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, төрийн ачааг багасгаж, тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг бууруулж, 12 хувьд хүргэн цаашид үе шаттай бууруулахаар ажиллаж байгаа гээд дурдаад байвал олон зүйл бий. Үүгээр ч зогсохгүй тэтгэврийн хэмжээг бага ч гэсэн буруулж, хүн амаа өсгөх бодлогын хүрээн “Цалинтай ээж” хөтөлбөр зогсоогүй үргэлжилж л байна. Туйлдсан эдийн засагтай улс орны хувьд чамгүй олон арга хэмжээ авч байгааг дээрх хэдхэн баримтаас харж болно. 

Сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр биш. Өөрсдөө төрийн эрх барьж үзсэн, УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж үзсэн АН-ын бүлгийнхэн зүдэж буй эдийн засгийг босгох гэж, олон жил яригдсан бүтээн байгуулалтад зориглон орсон зэргийг нь харгалзан үздэггүй юм гэхэд та бүгдийг сонгож гаргасан ард түмнээ бодох цаг нь болжээ. Хамгийн наад зах нь 2012 онд МАН-аас АН-д Төрийн эрхийг шилүүлж өгөхөд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол 2016 онд АН-аас МАН-д Төрийн эрхийг шилүүлж өгөхөд эдийн засгийн өсөлт 1.6 хувьд уруудсан байв. Харин өнөөдөр 6.8 хувьтай өндийж байгаа статистик баримт бий.

Сөхөрч туйлдсан эдийн засаг илаарших төлөв ажиглагдаж байгаа энэ үед аль болох улстөржихгүй байх нь Төрийн тогтвортой байдал хийгээд дээр дурдсан бусад зүйлд эерэг нөлөөлөл авчрах нь гарцаагүй. Тэгээд ч Засгийн газрын ажилд дүн тавих нь эртдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top