Тариаланчид намрын ажлынхаа талыг нь ч нугалаагүй байна

  

Намрын ажлын ид үе. Тариа ногоо хураалтын үйл явц ч жигдрэх тийшээ хандаж байх учиртай цаг. Ургац хураалтын дундуур нийт нутгаар цочир хүйтэрч, цас бороо орсон нь намрын ажилд хүндрэл учрууллаа. Өнөө жил тэнгэр хангай хур бороогоо харамгүй хайрлаж, дэлхий дэлэгнэсэн элбэг дэлбэг зун болж өнгөрөв. Харин хур бороо намар нь мөн татрахгүй байсаар хадлан тариа хураахад сөрөг нөлөө үзүүлсэн. Тэр нь хүн бүрийн амнаас унасан, “төлөвлөсөн хадлан, ургацаа төдөн хувиар давуулан хураан авна...” гэсэн аман төлөвлөгөөг бараг нураахад хүргэв бололтой. Наймдугаар сарын 24-нд Улсын ургацын комисс хуралдаж, ургацын урьдчилсан төлөв байдалтай танилцаж, цаг агаарын мэдээллийг сонсон тариа ногоо хураах  технологийн зөвлөмжийг гаргасан.

 Эргэн сануулахад, 2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа ургуулахаар тарьжээ. Харин үүнээс 343.1 мянган га-д улаан буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна.  Нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийж. Тухайлбал, 13 аймгийн 86 сумын нутаг дэвсгэрээс 1260 гаруй аж ахуй нэгж тарьсан ургацаа хурааж авах юм. Дээрх хуралдааны үеэр нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёлолтоороо онц сайн үнэлгээтэй байгаа тухай мэдээлжээ. Хэрэв төлөвлөсөн ёсоор ургацаа эрсдэлгүй хураан авч чадвал, дотоодынхоо улаан буудай болон, төмсний хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Энэ үеэр яригдсан хамгийн гол зүйл бол тариалсан ургацаа цаг агаарын хүндрэлтэй үеэс урьтаж хурааж авах асуудал байлаа.  Тухайн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сар бүхэлдээ хур бороо элбэгтэй, 35-40 мм хүртэл хур тундастай, мөн дунджийн орчим дулаан байх төлөвтэй байж. Тиймд ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, богино хугацаанд хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь чухал байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцолжээ. Мөн ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж өгсөн байна.


Цаг агаарын төлөв байдал ч урьдчилж шинжлэн, таамагласнаар үргэлжилж буй. Өөрөөр хэлбэл намрын налгар өдрүүд биш бороо, цас орж хөрсөн дээр шөнөдөө -10 хэм хүртэл цочир хүйтэрч, тэнгэр олон “нүүр”-ээ харуулсан өдрүүд өнгөрч байна. Есдүгээр сарын 21-ний байдлаар  ургац хураалт 35 хувьтай байсан. Тариаланчид ажлынхаа талыг ч нугалаагүй байна гэсэн үг. Үүнээс үр тарианы хураалт дөнгөж 10 орчим хувьтай яваа аж. Харин хүнсний ногооны хураалт арай дөнгүүр 55-60 орчим хувьд хүрчээ. Эндээс харахад бид төмс, хүнсний ногоогоо бүрэн хурааж авах боломжтой, улаан буудайн хураалт сэтгэл түгшээсэн намартай учраад байна.  Нэмж дурдахад, энэ есдүгээр сарын  26, 27-нд ихэнх нутгаар 28, 29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулсан байна.

Ургацаа сайн ургуулсан ч хурааж авах боломжийг байгалийн давагдашгүй хүчин зүйл хаасаар. Энэ сарын 19-нөөс эхлэн хоёр гурав хоногийн хугацаанд орсон нойтон цасанд тариаланчид ургацынхаа нэлээд хувийг алдсан тухай хөдөө орон нутгаас мэдээлж байгаа. Харин холбогдох Яамнаас ургац хураалт хэвийн өрнөж байгаа гэх мэдээллийг өгч байна. 

Л.Ганзул

www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page