Сэргээгдэх эрчим хүч ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ҮҮ?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Ногоон хөгжил... Сэргээгдэх эрчим хүч... Байгальд ээлтэй технологи... Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал... Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тренд болж байгаа сэдэв нь ерөөс дээр дурдсан бүгд. Бодлого тодорхойлогчид, бизнесийн салбарын “акулууд”, томоохон улс гүрнүүд бүгд л энэ сэдвийг ярих болсон. Яг одоо АНУ-ын Нью-Йорк хотод Сэргээгдэх эрчим хүчний чуулга уулзалт болж байна. Уулзалтаар аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын цөм нь сэргээгдэх эрчим хүч байх тухай, шинэ мянганы гэх тодотголтой залуучууд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн ачааг нуруун дээрээ үүрэх тухай, өндөр хөгжилтэй улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрийг оройлон манлайлах тухай, ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжих тухай ярилцав. Урд, хойд хөрш маань ч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Гэтэл Монгол Улс юу яах вэ? Нүүрсний тоостойгоо зууралдан олон толгойнхоо хэрүүл хийсээр суух уу?

Дутуу үнэлэгдсэн сэргээгдэх эрчим хүч

Одоогоос арван жилийн өмнө буюу 2008 оныг саная. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн ганцхан эдийн засаг дээр тогтож байдаг Монгол Улсын эдийн засаг хөгжлийн замдаа шуударч байсан үе. Яг энэ үед Монгол Улсын Засгийн газар 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нийт эрчим хүчний 20 хувьд хүргэнэ гэсэн мундаг лоозон дэвшүүлж байжээ. Лоозон дээр зоосон хугацаа дуусахад гурван жил дутуу үлдэж. Тэгвэл энэ тоо одоо хэд байгаа гээч. Дөнгөж 4.2 хувь. Арай ядан 4.2 хувьтай байгаа энэ салбарыг гаднын төсөл хөтөлбөрүүд, томоохон уул уурхайн компаниудын санаачилгаар л өдий зэрэгтэй болгосон гэдэг нь нуух аргагүй үнэн. 10.8 их наяд кВт цагийн сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй Монгол Улсад энэ тоо тун чамлалттай биш гэж үү?

Өнгөрөгч 2017 онд Монгол Улс дотооддоо 5.8 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсний 95.8 хувийг дулааны цахилгаан станцаас, дөнгөж 4.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэжээ. Дэлхийн жишгээс 40 дахин бага тоо.    

“Манай улс нар салхины арвин их нөөцтэй. Хувийн компани, олон улсын байгууллагууд энэ судалгааг гаргачихсан ч бодлогын төвшинд ойлгож, дэмжиж ирэлгүй өдийг хүрсэн” гэж Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж ярьсан юм.

Дэлхийн банкнаас явуулсан судалгаагаар нийт газар нутгийн дөнгөж 10 хувьд буюу 160 мянган км.кв газар нутагт 1.1 сая мВт салхин цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн салхин цахилгаан станцын нөөц нь ийм байна. NewCom группийн гаргасан судалгаагаар говийн бүсийн салхины эрчим хүчний нөөц 2.55 их наяд кВт.ц бол нарны эрчим хүчний нөөц 4.8 их наяд кВт.ц гэж гарчээ. Түүнчлэн Дэлхийн банкны өөр нэг судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 10 хувь нь салхины өндөр нөөцтэй болох нь тогтоогдсон байна.

Хоцорч үлдсэн их хүч

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гэгчийг одоогоос 13 жилийн өмнө 2005 онд баталж байв. Үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль” батлагджээ. Нийтдээ таван бүлэг, 15 заалттай уг хууль лоозонгийн шинж чанартай, нарийн зохицуулалт байхгүй гэдгээрээ мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг сонсдог. Уг нь зургаан зүйл заалттай байсан уг хуулийн Тавдугаар бүлэг буюу “Сэргээгдэх эрчим хүчний сан” гэх маш чухал хэсгийг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны нэмэлт өөрчлөлтөөр авч хаяжээ.

Хасагдсан бүлэг нь “13 дугаар зүйл. Сэргээгдэх эрчим хүчний сан. 13.1 “Сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах, уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг засгийн газрын сангийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан байв.  Нэг ёсондоо авто машинаар яривал бензинийх нь савыг авч хаясан хэрэг. 

“Монгол Улс цаашид сэргээгдэх эрчим хүчний бодлогыг зохицуулсан хууль эрх зүйн орчноо тодорхой, илүү боловсронгуй болгох ёстой. Энэ салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй гаднын хөрөнгө оруулагчид их ч хууль эрх зүйн орчин тодорхойгүй учраас хөрөнгө оруулахаас эмээж байна” гэж Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Хятад улс дахь захирал Лиминг Чао ярьсан юм.

Эдийн засгийн хөгжил цойлж, дэлхийд тэргүүлж байхад хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчийг их сонирхож байжээ. Гэтэл бид “судалж байгаа” гэх алдарт үгээрээ хөрөнгө оруулалтыг хөөчихсөн. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк өдий, төдий төсөв хөрөнгөөр бага ч гэсэн эх үүсвэрүүдийг барьж байгаа ч арваад жилийн өмнө лоозогносон мундаг уриандаа хүрэх яагаа ч үгүй байна.

Төв аймгийн Сэргэлэн сумд 50 мВт-ын хүчин чадалтай станц 2012 оны зургадугаар сард ашиглалтад оржээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтай нарны станц 2017 оны хоёрдугаар сард ашиглалтад орсон. Дөнгөж саяхан Дорноговь аймгийн Сайншанд хотод 55 мВт-ын салхин станц ашиглалтад орохоор болоод байна. Европын сэргээн босголт хөгжлийн банк нарны цахилгаан станц барихад 31.6 сая ам.долларын хөрөнгө оруулахаа өнгөрөгч тавдугаар сард зарлажээ. Desert Solar Power One гэж нэрлэсэн нарны станц нь дунджаар 30 мВт эрчим хүч боловсруулах нөөцтэй.

Монгол Улсын төсөв болон “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр дээрх 16 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ

-          Өмнөговь аймгийн Мандах сумын 70 кВт-ын салхин станц

-          Дорноговь аймгийн Мандах суманд 80 кВт-ын салхин станц

-          Говь-Алтай аймгийн Бугат суманд 60 кВт-ын нарны станц

-          Ховд аймгийн Цэцэг суманд 30+70 кВт-ын нарны станц

-          Өвөрхангай аймгийн Сэврэй суманд 70 кВт-ын салхин станц

-          Өмнөговь аймгийн Манлай суманд 150 кВт-ын нар-салхи хосолсон станц

-          Өвөрхангай аймгийн Богд суманд 70 кВт-ын салхин станц

-          Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 150 кВт-ын салхин станц

-          Дорнод аймгийн Матад суманд 120 кВт-ын нар-салхи хосолсон станц

-          Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 150 кВт-ын нар-салхи хосолсон станц

-          Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 150 кВт-ын нар-салхи хосолсон станц

-          Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 150 кВт-ын нар-салхи хосолсон станц

-          Говь-Алтай аймгийн Цээл суманд 150 кВт-ын нар-салхи хосолсон станц

Харин Усан цахилгаан станцын тухайд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин тосгон дахь  цахилгаан станц бол Монголын хамгийн анхны усан цахилгаан станц юм. 1997 онд Монгол-Хятадын хамтарсан компани барьж, 2012 онд “Тайшир-Гуулин УЦС” төрийн өмчит компани болжээ. Түрэлтийн хоолойн дм нь 1000 мм бөгөөд хүчин чадал нь 400 кВт юм. Монголын хамгийн том гэгдэх Тайширын УЦС мөн л Говь-Алтай аймгийн Улаанбоомын хавцалд бий. Жилд 37 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэдэг учир Говь-Алтай болон Завхан аймгийн 29 сумыг эрчим хүчээр хангадаг гэх нүсэр тооцоо бий.

Зөвхөн нар, ус, салхиар Монголын сэргээгдэх хүч хязгаарлагдахгүй. Нүүрсний давхаргын метан хий нь дэлхийг 70 гаруй жил эрчим хүчээр хангах арвин нөөцтэй. Өнгөрсөн найман жилийн дотор хийсэн судалгаагаар Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц 68 тэрбум куб метр. Үүнээс хамгийн их нөөцтэй нь Тавантолгойн бүлэг орд бөгөөд нөөцийн үнэлгээ нь 53 тэрбум. Энэ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэх тоо. Зөвхөн идэвхтэй ашиглаж байгаа 22 орд дээр түшиглэсэн тооцоолол нь энэ. 

Их гүрний саад

БНХАУ-ын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ тодотгосон. Гэхдээ Шинжаан Уйгарын өөртөө засах улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон эх ундарга, Баянталын салхин ферм зэрэг нь хангалттай нөөц бололцоотой дотоодын хэрэгцээгээ хангадаг учир хөрөнгө оруулах сэдэл бусад улсаас харьцангуй бага аж.

ОХУ социализмын жилүүдэд ч, зөвлөлт засаг задарсны дараа ч Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бодлогыг дэмжиж байгаагүй. Эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас импортолдог болохоор их гүрний сонирхол байж мэднэ. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд Эгийн голын УЦС зөвхөн мөрөөдөл төдий үлдсээр өдийтэй золгожээ. Байгаль нуурыг ширгээх үндэс болно гэж байгалиас заяасан эрднээ хамгаалж байгаа гэх ч цаагуураа бол том сонирхол цухалзаж буй. Саяхан болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн чуулганаар Монгол-Оросын удирдагчид уулзсан. Уулзалтаар байгалийн хийн хоолойн асуудлыг ярьсан ч зөрүүлээд Эгийн голын УЦС дээр баримтлах бодлогын талаар асуугаад амжжээ. Мэдээж ОХУ-ын зүгээс байгалийн хийн хоолойг танай нутгаар дайруулъя, Эгийн голын УЦС-ын мөрөөдлөө умарт гэх нь дамжиггүй. Их гүрний хар хайрцагны бодлого ч ийм байсаар ирсэн.

*** 

Үлэмж их нөөцтэй ч дутуу үнэлэгдэж, төрийн бодлогын гадна хоцорч, уриа төдий хуулиар сэргээгдэх эрчим хүчний салбарыг зохицуулж байна. Биднийг мунгинаж байх хооронд дэлхий нийт ойрын 10 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжихээ зарлав. Урд хөрш Хятад улс ч гэсэн зарим муждаа таван жилийн дараанаас эхлээд уламжлалт цахилгаан станцаас татгалзана гэдгээ зарлаад байна. Дэлхийд өрнөх аж үйлдвэрийн дөрөв хувьсгал ч сэргээгдэх эрчим хүч дээр суурилна гэдэг нь тодорхой боллоо. Бидэнд 10.8 их наяд кВт.ц-аар хэмжигдэх нөөц боломж байгаа ч өдийг болтол энэ том салбараа анхаарсангүй. Магадгүй хэрүүлтэй байдаг олон толгойгоос илүү Монгол Улсыг тэжээх, тэтгэх боломж энэ салбарт бий. Харин...

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.186) 2018 оны 09 сарын 25

Усан цахилгаан станц барих хэрэггүй удахгүй усгүй болноо

0  |  0
Top