М.Даваажаргал: Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны есдүгээр сарын аки башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 15 даван түрүүлж, Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа өргөсөн билээ. Аки башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн түүхэн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд хамгийн олон түрүү буюу Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртсэн, хамгийн олон даваа буюу дээд зиндаанд 1000 дахь даваагаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоосон юм.

Их аварга Хакүхо өнгөрсөн шөнө 02.00 цагт Улаанбаатарт газардсан.

Түүнийг өнөөдөр /2018.09.25/ УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч, баяр хүргэсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Монгол түмний хайр хүндлэлийн хойморт заларсан, аугаа их аварга аав тань бурхны оронд залраад удаагүй байгаа болохоор барилдахад амаргүй байсан байх. Гэхдээ сүмогийн түүхэн дээд амжилтуудыг тогтоож, нэг ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Таны энэ гайхам амжилтыг бүх монголчууд, монголчууд төдийгүй дэлхий дахины сүмо сонирхогч хүн бүхэн бахархан биширч байна. Хорь шахам жилийн хичээл зүтгэлийн үрээр мэргэжлийн сүмогийн ноён оргилд гарч, монгол хүний авьяас чадварыг гайхуулан, Монгол эх орноо дэлхий ертөнцөд сурталчилж буй Монголын хүү, нутгийн дүү Танд улам их амжилт, сайн сайхныг ерөөе” гээд дурсгалын зүйл гардууллаа.

Харин Хакүхо М.Даваажаргал “Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ. Гэхдээ хичээж зүтгэсний үр дүнд сайхан амжилт үзүүлсэндээ баяртай байна. Эх орондоо ирэхсэн гэж их яарсан. Монголын Үндэсний олимпийн хорооноос намайг “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн Элч төлөөлөгч (Olympic Ambassador)-өөр томилсон юм. Энэ чиглэлээр Японд хийх ажил их байгаа. Энэ жил гэмтэл бэртэл ихтэй байлаа. Мөн аав маань хавар бурхны оронд заларсан. Энэ бүхнээс болоод сэтгэл санааны бэлтгэл сайнгүй байсан. Харин башё эхлээд бүх зүйл цэгцэрч, олон сайхан дээд амжилтын эзэн боллоо. 13 жил дараалан түрүүлсэн бөх байдаггүй юм билээ. 22 настайдаа аварга болсноос хойшхи даваа маань 800, 19 настай дээд зиндаанд барилдаж эхэлснээс хойшхи даваа маань 1000 хүрч, 41 дэх түрүүгээ нэг ч уналгүй босоогоороо авлаа. Эх орондоо, тэнгэрт хальсан аавдаа сайхан мэдээтэй ирлээ. Эх орондоо хэд хоног сайхан амарна. Мөн аавынхаа үүсгэн байгуулсан Их шавь дэвжээний шинэ спорт цогцолборын шавыг энэ сарын 27-нд тавина. Өнөөдөр энэ сайхан амжилтыг минь үнэлж УИХ-ын дарга хүлээн авч уулзсанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн тэрбээр Монголын олимпийн багийн Элчийн хувьд тусгайлан захиалж хийлгэсэн, кимоногийн даавууныхаа дээжийг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.


Хакүхо М.Даваажаргал их аварга Харүмафүжигийн зодог тайлах ёслолд оролцохоор энэ сарын 29-нд Япон руу буцах юм байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны медаль, Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан домогт бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд аваргын төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд болох юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ah(66.181.161.24) 2018 оны 09 сарын 26

Ухаалаг хүү. Зөв явбал зөөлөн замбуулин. Илүү юманд санаахаралгүй зөв яваад.чинь баярлаж байна. Мундаг амжилт гаргаж байгаа хүүгээрэй бахархаж байнаа миний дүү. Ээж нь бас сайхан хүн байсан шүү.

0  |  0
Ундрах(66.181.186.176) 2018 оны 09 сарын 26

Монгол хүү их хүчтэндээ баяр хүргье Амьддаа биенээ хайрлаж бахархаж амьдаръя

0  |  0
Үйлс(49.0.218.227) 2018 оны 09 сарын 25

Дархан аварга зарим нэг хүмүүстэй адил МҮБ-ийн өргөө хийгээд МҮБХ-ны тэргүүний албан тушаалд шунаж,түмний шившиг болж яваагүй,шуналгүй,сайхан сэтгэлтэй,халх монголын үндэсний бөхийн дэвжээг ариун нандин байлгахын төлөө энгийн даруухан амьдарсан ухаантан байлаа.Аавын тань хүүдээ өгсөн буян заяа улам дэлгэрэх болтугай. Амжилтын ноён оргилд гарсан хүнд өндөр сонор сэрэмж,ёс суртахуун,даруу зан,ухаалаг,болгоомжтой байдал их шаардагддгийг Та мэдээж ухаарч байгаа нь ойлгомжтой. Танд улам их амжилт,аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
Zochin(113.210.99.160) 2018 оны 09 сарын 25

Aguu huu. Amjilt buhnii deediig husiye.

0  |  0
иргэн(182.160.4.22) 2018 оны 09 сарын 25

Даваажаргалд амжилт хусэж сайн сайхан бухнийг хусье. Энхболд 60 тэрбумын хишиг хуртээж байгаа юм байхдаа. Монгол заншлаар суутэй хадаг барьж байна уу гэсэн чинь арай зуйл харагдах юм.

0  |  0
Хакухо чи(64.119.26.87) 2018 оны 09 сарын 25

Сайхан хүү,агуу

0  |  0
Top