Мөнгө хаашаа урсахаас хамаарч ХАРААЛ ирнэ бас холдоно

2018 оны 09 сарын 25

“Голланд өвчин” гэх нэршил дэлхийн эдийн засагт хэрэглэгдээд хагас зуун жилээс илүү хугацаа өнгөрчээ. Жараад онд Голланд улсад байгалийн хийг олборлох болсонтой холбоотойгоор   аж үйлдвэрийн салбар нь уналтад орж, улмаар Голланд  гүүлдингийн ханш хэт чангарсан талаарх мэдээллийг “Эдийн засаг” сэтгүүлийн нийтлэлд өгүүлэхдээ анх удаа энэ нэр томъёог хэрэглэж байжээ. Түүнээс хойш хэдэн арван жил  өнгөрөхөд “Голланд өвчин”-өөр өвчилсөн, эсвэл дархлаа тогтоож чадсан улс орнуудын тухай мэдээллүүд хөвөрсөөр байна. Тэгвэл уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засагтай манай улсын эдийн засагт Голланд өвчний шинж тэмдэг 12 жилийн өмнөөс анх мэдрэгдэж эхэлж байв.

Уул уурхайн орлогын урсгал  2006 оноос эхлэн наашилсан нь, цаагуураа бол  “Голланд өвчин”-ий хамаарлыг бидэн рүү дагуулж ирсэн.  Ам.долларын гэнэтийн урсгалтай зэрэгцэн төгрөгийн эрэлт нэмэгдэж чангарсан дүр зураг ноёлж байв. Ер нь уул уурхайн өсөлттэй зэрэгцэн манай эдийн засагт ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн бэ гээд харахаар бусад аж үйлдвэрийн чиглэлийн төслүүдийг хөдөлгөх гэхээсээ нийслэлийг пиг дүүргэсэн үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын гүйцэтгэлүүд харагдана. Гэтэл эргээд энэ нь хөрөнгө мөнгийг түгжсэн салбар болж таардаг. Нэг зүйлийг тодотгоход, “Өндөр барилгуудыг банк санхүүжүүлдэггүй. Уул уурхайгаас орж ирсэн мөнгө тийшээ ордог байх. Манай жижиг банкууд тэгж эрсдэл хүлээхгүй”  гэж  эдийн засагч М.Болд хэлж байна лээ. Тэгэхээр энэ бол уул уурхайн өгөөжийн тодорхой хэсэг чухам хаачаад байна вэ гэдгийг харуулах нэг өнцөг  болов уу. Уул уурхайн салбар дахь хувийн хэвшилийн компаниуд хөрөнгийн урсгалаа хааш чиглүүлэхээ өөрсдөө шийдэх эрхтэй. Гэхдээ ашигт малтмалын салбараас үлдэх үр ашгийн тооцооллыг төр хийх үүрэгтэй, зохицуулах ёстой. Энэ бол дээр өгүүлсэн Голланд өвчин хийгээд Баялгийн хараалаас улсынхаа эдийн засгийг хамгаалах тухай том ойлголт юм.

Өнөөдөр эдийн засаг эмзэг, ханшийн салхи тогтуун бус, цалин бага, инфляци 5 хувиас давсан, зээлийн хүү өндөр, үйлдвэрлэлийн салбар хөгжил муу байна. Бид зөвхөн уул уурхайгаас хамаарч халуурч, бүлээрдэг байдалтай. Энэ бол өвчний шинж тэмдэг биш гэж хэлэхийн аргагүй. Тиймээс ч эдийн засгийн эмзэгшилээ бууруулахыг Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд төв банк тусгаад оруулж ирлээ. Чуулганаар гишүүд хэлэлцэх болж байна. Уг нь манай улс заавал баялгийн хараал тусч зовох ёсгүй. Баялагтай хэрнээ тэгж зүдрээгүй улс орнуудын жишээ бас бий. Тийм жишээнүүдээс дурдая.

Хараагдаагүй САЙН ЖИШЭЭ

Австрали, Америк, Канад, Скандинавын орнууд, Латин Америк зэрэг улс орнуудад сайн жишээ байна. Тэдэнд баялаг бий. Гэхдээ  зөвхөн газрын баялагтаа дулдуйдаагүй. Засгийн газрын зөв бодлого, харьцангуй эрүүл  улс төрийн институцитэй учраас бусад нөөц боломжуудаа ашиглаж чадсан байдаг. Байгалийн баялагт тулгуурласан салбар нь бусад баялгийн бус салбаруудтайгаа хэрхэн яаж уялдаатай, өгөөжтэй ажиллах вэ гэдгийг төр нь бодлогоор зохицуулж өгчээ.

 Норвеги улс гэхэд 1960-аад оноос усан онгоцны уламжлалт салбарын үе дамжсан инженерүүдийнхээ боловсрол, мэдлэг чадварыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах вэ гэдэгт анхаарчээ. Мэргэжилтнүүдээ технологийн дэвшилтэй зэрэгцүүлэн дахин мэргэшүүлж, гүний өрмийн техник,технологи экспортлосон нь чамгүй үр ашгийг дагуулсан байдаг.

Харин  Канадын тухайд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлсэн нь зэрэгцээд байгалийн баялгийн салбарт шинэчлэл авчирчээ. Тэгвэл Мексик, Колумб, Бразил, Чили гэхчлэн  улс орнуудын амжилт баялгийн нөөцийг илрүүлэхээс өмнө болон нөөц тодорхой болсны дараа орлогыг хэрхэн удирдах вэ гэдгээ үндэслэлтэй тооцож, гаргаж чадсанд байгаа юм. Мөн хууль эрх зүйн орчин, төсвийн дэглэм чухал ач холбогдолтой.

 Намиби, Гана, Өмнөд Африк, Индонез зэрэг улс орнуудын тухайд ашигт малтмалын орлогоо удирдах тал дээр бусад туршлага бүхий орнуудтай харьцуулахад  сул боловч, эдийн засагтаа  харьцангуй үр ашигтай байдлаар шингээж чаддаг юм байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(180.149.98.66) 2018 оны 09 сарын 26

луйварч хулгайчдын нэршил, хараал энэ тэр гэдэг тархи угаалт, төр засаг нь улс орноо боддог газарт бол бурхнаас өгөгдсөн суурь болмж шүү дээ

0  |  0
Top