Ноён доллар дэлхийн эдийн засгаас шахагдах уу?

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Трампын худалдааны түрэмгий бодлого, урьд өмнө байгаагүй өр зээлийн хэмжээ нь америк долларыг олон улсын төлбөр тооцоо хийхэд тийм ч тохиромжтой бус хэрэгсэл болгож байна. Дэлхийн эдийн засгийг долларгүйжүүлэх үзэгдэл зайлшгүй хэмээн банкны шинжээчид болон онолын эдийн засагчид мөн ярьж эхэлжээ. Ойрын үед дэлхийн санхүүгийн систем хэрхэн өөрчлөгдөж, АНУ-д ямар нөлөө үзүүлэх тухай РИА Новости агентлаг тоймлон бичсэн байна.

Давхар цохилт  

Дэлхийн нөөцийн валют болох ам.долларын ирээдүйн асуудал эрчимтэй тавигдаж эхэлсэн гол шалтгаан нь Америкийн мөнгөн тэмдэгтийн байр сууринд хүчтэй хоёр цохилт өгсөн Хятад улс юм.

Нэгдүгээрт, Шанхайн олон улсын эрчим хүчний бирж дээр юаниар үнэлсэн газрын тосны фьючерсийг арилжаалж эхэлсэн. Ихэнх шинжээчид эргэлзэж байсан хэдий ч дөнгөж хагас жилийн хугацаанд юаниар хийсэн гүйлгээний эзлэх хувь 10 хувьд хүрчээ.

Есдүгээр сард юаниар төлбөр хийсэн эхний 600 мянган баррель газрын тос худалдан авагчиддаа хүрлээ. Хар алтыг юаниар худалдан авах сонирхол улам нэмэгдэнэ гэдэгт шинжээчид бат итгэлтэй байна. Дэлхийн хэмжээнд ам.долларын хэрэглээнд орох нилээн том өөрчлөлтүүдийн нэг нь энэ юм гэж The Daily Coin порталд эдийн засгийн тоймч Рори Холл бичжээ. Ам.доллараас ангид борлуулагдсан газрын тосны анхны фьючерс дэлхий худалдаанд хүчтэй нөлөөлөх боломжтой. Хятад-Оросын эдийн засгийн харилцаа бэхжиж байгаа авдал нь нөхцөл байдлыг Холбооны нөөц болон нөөцийн валют болох долларын байр суурьны эсрэг өөрчилж байна.

Хэрэв газрын тосны юаниар илэрхийлсэн фьючерсийн хэмжээ одооных шиг хурдацтай нэмэгдвэл долларыг атаархмааргүй хувь заяа хүлээхээр байна.

Хятадын хоёрдах цохилт ихэнх ажиглагчдын хувьд гэнэтийн явдал байлаа. Goldman Sachs-ын шинжээчдийн ажигласнаар сүүлийн саруудад Америкийн засгийн газрын бондод оруулсан олон улсын хөрөнгө оруулалт юаниар илэрхийлсэн Хятадын үнэт цаас руу огцом шилжиж эхэлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөл засгийн газрын бонд худалдан авагчдад татварын хөнгөлт үзүүлэх тухай шийдвэр гаргасан учир энэ хандлага улам нэмэгдэхээр байна. Goldman Sachs-ын үнэлгээнээс үзвэл ойрын таван жилд гадаадын хөрөнгө оруулагчид нэг их наяд гаруй долларыг Хятадын үнэт цаас худалдан авахад зарцуулах бөгөөд үүний гуравны нэгийг АНУ-ын бондоос татаж авсан хөрөнгө бүрдүүлэх аж.

Хятад улсаас гадна

Вашингтоны хориг арга хэмжээнд орсон бараг бүх улс орнууд ам.долларыг орлох өөр хувилбарыг хайж байгаа. Есдүгээр сарын эхээр Иран, Ирак хоёр долларыг хоёр талын худалдааны төлбөр тооцооноос хасчээ. Иран-Иракийн худалдааны танхимын дарга Яхия аль-Эсхак Ираны риал, евро, Иракийн динар луу шилжинэ гэж тайлбарлажээ. Үүнээс өмнө Иран улс газрын тосоо Европд ам.доллараар бус харин еврогоор зарах болсон тухай мэдэгдсэн билээ.

Мөн үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган олон улсын худалдаа доллараар хийгдэж байгаа нь ноцтой асуудал үүсгэж байна гэж мэдэгдээд, гадаад худалдааны төлбөр тооцонд ам.долларыг ашиглахаас татгалзахыг уриалжээ.

Мөн энэ асуудлаар ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров хэлэхдээ АНУ өөрийн эрх ашгийн тулд доллараар хийж буй банкны гүйлгээг гацааж байна гэв. Ингэхдээ, долларыг АНУ-ын зөвхөн геополитикийн өрсөлдөгчид төдийгүй өөрийнхөө холбоотондоо дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна гэж ярьжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ америкчууд өөрийн мөнгөн тэмдэгтийг үргэлж дээгүүрт тавьж түүнийгээ ашиглан өөрт тааламжгүй улс оронд нөлөө үзүүлдэг. Ийнхүү долларыг буруугаар ашигласнаар олон улсын валют болох үүргийг нь сулруулж байна гэж С.Лавров анхаруулж байсан билээ.

Гэвч валютын ханшны тогтворгүй байдал дэлхийн эдийн засгийг доллараас ангижруулах явцын гол саад нь болж байна. Иран, Турк, Орос зэрэг хөгжиж буй орны валютын доллар, евротой харьцах харьцаа хоёр орон тоогоор хэмжигдэж байна. Тиймээс үндэсний төв банкны бодлогыг үндсээр нь өөрчлөхгүйгээр доллараас бүрэн татгалзах тухай ярих ч хэрэггүй юм.

Илүүдэл доллар

Олон улсын төлбөр тооцооны өчүүхэн бага хувийг ам.доллараар хийхээс татгалзахад АНУ-ын эдийн засагт томоохон асуудал үүсгэх аюултай гэж шинжээчид үзэж байна. Долларын хэрэглээг 30-40 хувь эсвэл бүр түүнээс ч бага хэмжээгээр багасгахад л шийдвэрлэшгүй асуудал үүснэ хэмээн Рори Холл сануулж байна. Учир нь илүүдэл долларууд АНУ-ын эдийн засагт эргэн ирж, инфляцийг хөөрөгждүүлж, хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэх аж.

Дэлхийн нөөцийн валют гэсэн статустай үндэсний валютынхаа ачаар АНУ-д эдийн засгийн үр ашиг хүртдэг гэж Project Syndicate-т гарсан нийтлэлдээ эдийн засгийн Нобелийн шагналт Жеффри Сакс тайлбарлажээ. Нэгдүгээрт, доллараар зээл гаднаас авах. Гадаад валютаар гаднаас зээл авахад дампуурах аюул нүүрлэдэг тул үндсэний валютаар зээл авахад эрсдэл харьцангуй бага байдаг. Долларын олон услад эзэлж буй байр суурь нь АНУ-ын сангийн яаманд илүү хөрвөх чадвартай, бага хүүтэй хөрөнгийг татах боломж олгодог. Хоёрдах давуу тал нь санхүүгийн бизнестэй холбоотой. АНУ дэлхийн бусад оронд банкны үйлчилгээ үзүүлж ихээхэн ашиг орлого олдог байна. Гуравдах давуу тал нь зохицуулалт, хяналтын асуудал юм. Өнөөдөр АНУ шууд болон шууд бусаар дэлхийн төлбөр тооцооны хамгийн чухал системийг удирдаж байна.

“Трампын буруу удирдлага долларын ноёрхолын эрин үеийн төгсгөлийг ойртуулж байна” гэж Нобелийн шагналт эдийн засагч анхааруулж байна. Хятад тэргүүтэй бусад улс орнууд АНУ-аас тэдний эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс бултах арга замыг хайх бөгөөд юуны өмнө доллараар төлбөр тооцоо хийхээс зайлсхийхийг эрмэлзэх болно.

Үүний үр дүнд Цагаан Ордон дээр дурдсан бүх давуу байдлаа алдаж маш их хэмжээний өр зээл, төсвийн алдагдалтайгаа ганцаараа нүүр туулах болно. АНУ-ын тэргүүн бизнес эрхлэгчид татвар, зохицуулалтын хөнгөлт үзүүлсэн Трампыг одоохондоо дэмжиж байгаа. Гэвч хэдэн жилийн дараа түүний хариуцлаггүй гадаад худалдааны болон хориг арга хэмжээний шийдвэрүүд тус улсын эдийн засгийг үндсээр нь доройтуулж, дэлхийн санхүүгийн систем дэх долларын үүргийг ихээхэн сулруулах юм гэж Сакс бичжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top