Үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавина

Хөрөнгийн захыг хөгжүүлэх эрх зүйн орчин, техник технологийн боломж харьцангуй бүрдээд байгаа гэж болно. Гэхдээ эдийн засагт жин дарах эх үүсвэр болгохын тулд хувийн хэвшилийн зөвхөн тоглоод байх бус төрийн хувьчлалын бодлого ч биржээр дамжих ёстой гэдгийг сануулж хэлэх хүмүүс байна.

Өнөөдөр Санхүүгийн Зохицуулах Хороо сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд санал болгон, нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагуудтай нээлттэй зөвлөлдөх уулзалт хийлээ.  2017 оны 9, 10 дугаар сард хувьцаагаа гаргасан “Ай түүлс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, “Анд энерги” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Мөнхбаяр, 2018 онд IPO хийсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал, “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга Л.Ариунболд, “Ард даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Мандал даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар оролцож, ХХК-аас ХК болж шинэчлэгдэх үйл явцад гарсан алдаа, оноогоо хэлэлцлээ.  Санхүүгийн Зохицуулах Хороо хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, цаашлаад хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулахад түлхүү анхаарал хандуулж буйгаа энэ үеэр илэрхийллээ.

 Өнөөдрийн байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хөдөө аж ахуйн бирж, Монголын үнэт цаасны бирж, Монголын хөрөнгийн бирж гэсэн гурван бирж  үнэт цаасны арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар шинээр гаргах үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг Хороо олгохоор заасан бөгөөд Хороо үнэт цаасыг бүртгэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглал, тайлагналын ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн бодлогын зарчмыг баримталж байна. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй үнэт цаасны хувь хэмжээг 25 хувиас дээш байлгах, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг салбарын онцлог, үр ашиг, бизнес төлөвлөгөөтэй уялдуулах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байх, энэ талаар үнэт цаас гаргагч болон андеррайтерт хатуу шаардлага тавих, санхүүгийн тайлагнал, хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийлгэх, нэгж хувьцааны үнийг бодитой тогтоолгох болон бусад журам, дүрмийн нийцлийг хангах зэрэг. Энэ нь уг хувьцааны цаашдын төлөв, хөрвөх чадвар тогтвортой байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, зах зээлийн идэвх, өрнөлийг сайжруулахад ихээхэн чухал болохыг уулзалтад оролцогчид  хэлж байна.

Он гарсаар, банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргаад байна. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбаруудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болно гэсэн Хорооны бодлогын зохицуулалтын үр дүн гэж яригдаж байгаа юм. Түүнчлэн санхүүгийн үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын шинэ нөхцөл шаардлага бий болгож буйг талууд ярилцлаа.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page