Орлого багатай иргэдэд зориулсан 7000 айлын орон сууц барина

Нийслэлийн Засаг Дарга С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хэкманн болон албаны хүмүүс өнөөдөр /2018.09.25/ Сонгонохайрхан дүүргийн VIII хороонд баригдаж байгаа 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор төвийн барилгын үйл явцтай танилцлаа.

2004 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгохоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.  

Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөжээ. Төсөл гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нэгдүгээр шатны хүрээнд "Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчлүүлдэг худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байна" хэмээн төслийн зохицуулагч Д.Авирмэд онцоллоо.


Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлж байгаа бөгөөд хоёр дэд төвд түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг, мөн нийт 8,6 км урт ариутгах татуургын гол шугам сүлжээ тавьсан байна. Мөн Баянхошуу дэд төвд 2,3 км урттай үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралт болон үерийн хамгаалалтын сувгийн хамгаалалтын хайсны угсралт суурилуулалтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, Сэлбэ дэд төвд 2,1 км урттай үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралт, 500 м урттай замын ус зайлуулах хоолойн барилга угсралт, үерийн хамгаалалтын сувгийн хамгаалалтын хайсны угсралт суурилуулалт болон 500 м урттай автозамын дагуу ус зайлуулах шугам хоолойн барилга угсралтын ажил 70 хувьтай, 1000м3 хүчин чадалтай усан сан ба насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажил 80 хувьтай явж байна хэмээн төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол танилцуулсан юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий шинэ дэд төвүүд бий болж, Улаанбаатар хотын төвлөрөл, агаар хөрсний бохирдол буурч, дэд төвүүдийг орон сууцжуулах нөхцөл бүрэн хангагдах ажээ.

Цаашид дэд төвүүдэд:

  • Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 7.57 га талбай бүхий ногоон байгууламж,
  • Баянхошуу, Сэлбэ дэд төвд тус бүр 240 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг,
  • Баянхошуу, Сэлбэ дэд төвд тус бүр 1 ээлжиндээ 100 суралцагч хүлээн авах хүчин чадал бүхий бизнес инкубатор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ашиглалтад орж ажээ.

Үүнээс Сэлбэ төвд:

  • 26,68 Мвт хүчин чадалтай дулааны станц,
  • 3,7 км автозам,
  • 2,4 км үерийн хамгаалалтын сувгийн барилга,
  • 24 м, 30 м, 60 м-ийн урттай 3 ширхэг төмөр бетон гүүр,

Баянхошуу төвд:

  • 14 м өргөн 7,42 зм авто зам
  • 1000 м3 хүчин чадалтай усан сан зэргийг барихаар төлөвлөжээ.

Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд тус нутаг дэвсгэрийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдийн СӨБ хамрагдалт 63,49 хувь хүртэл нэмэгдэнэ хэмээн тооцоолсон байна. Харин Сэлбэ дэд төвд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангана гэв. Мөн СӨБ хамрагдалдт 55,77 хувь хүртэл нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзжээ.

Улаанбаатар хотын дарга С.Батболд: Таван хорооны иргэдийг дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны системээр холбох бололцоотой


“Эдгээр дэд төслүүд бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хамгийн чухал төсөл юм. Бид Багатойруу гэсэн ганцхан төвтэй. Бүх үйлчилгээгээ тэндээс авдаг, үүнтэй холбоотой замын түгжрэл гээд маш олон асуудлууд бий. Гэтэл Улаанбаатар хот маань 1,4 сая иргэнтэй болчихсон байдаг. Тиймээс бид хамгийн эхэнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Дараа нь Дамбадаржаа дэд төв байгуулагдана. Мөн Яармагийг дэд хотын төв болгохоор зорьж байна. Одоогоор бид төслийнхөө 50 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Ирэх жил төсөл маань бүрэн дуусна. Ингэснээр Баянхошуу дэд төвийн хүрээнд бүх л бүтэн таван хорооны иргэдийг дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны системээр холбох бололцоотой болно.

Энэ бол зөвхөн энд байгаа хорооны иргэдийг дулаан, усаар хангах тухай асуудал биш. Цоо шинээр төлөвлөж байгаа ажил гэдгийг ойлгох нь зүйтэй.

Эндээс хотын төвөөс авдаг бүх үйлчилгээг авна. Тэгж байж л үүний үр ашгийг хүртэнэ. Түүнээс биш хэдэн арван сая долларын өртгөөр авчирч байгаа дулааны шугамыг зөвхөн нэг айлын байшинтай холбоно гэдэг эдийн засгийн хувьд үр ашиггүй ажил. Барилгын сайдтай ирж байгаагийн гол утга учир юу юм бэ гэхээр, дэд бүтэц хийгдчихлээ, одоо дараагийн бүтээн байгуулалтыг яах вэ. Төр, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр барилга, бүтээн байгуулалтын ажлыг яаж хийх вэ гэдэг асуудлыг ярилцах гэж ирсэн. Мөн нэг чухал зүйл нь өнгөрсөн оны чуулганаар батлагдсан 10,000 айлын орлогод нийцсэн орон сууц барих ажил. Энэ барилгын ажлын дийлэнхийг хоёр дэд төв дээр барихаар төлөвлөсөн. Тэгэхээр энэ өндөр өртөгтэй ирсэн дэд бүтцийг ашиглах томоохон боломж бүрдэнэ гэсэн үг. Энэхүү 10,000 айлын орон сууцын долоон мянга нь орлого багатай иргэдэд, 1000 орчим нь дундаж иргэд, үлдсэнд нь тансаг зэрэглэлийн орон сууц барихаар төлөвлөсөн. Барилгыг барихын тулд 580 сая орчим долларыг Дэлхийн ногоон сан, Азийн хөгжлийн банкнаас авах зэрэг хэлэлцээр хийгдсэн байгаа” гэв.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 59.153.113.86 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 10:21 минутанд

цэвэр агаар сангийн мөнгөөр барилга барьсан бол аштай юу шуналтай хүмүүсийн гараар ороод алга болсон биз дээ

Go to top of page