Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо

2018 оны 09 сарын 26

Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахад гарч буй сорилт бэрхшээл, сайн туршлагыг тодорхойлох зорилгоор Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, төрийн холбогдох байгууллагууд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж үнэлгээ хийхээр иржээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 09 дүгээр сарын 25-нд Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээл, ахиц дэвшил, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хамгаалагчдын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч боловсруулсан бөгөөд хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүдэд өргөн барьсан тухайгаа танилцуулав. Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид энэхүү айлчлалаараа бие даасан, хараат бус үнэлгээ хийхийг зорьж буй төдийгүй Монгол Улс дахь төрийн болон төрийн бус этгээдүүдийг хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэмээн танилцууллаа.

Түүнчлэн айлчлалын үеэр цуглуулсан мэдээлэл, үнэлгээг нэгтгэж тухайн улсын үнэлгээний тайланг гаргаж, Монгол Улсын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст хүргүүлж, улмаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний эх сурвалж болгон ашиглах аж. Зочид хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын тухай үнэлгээний эцсийн тайланг 2019 онд гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний үнэлгээний үе шатанд хамрагдсан бүх улсууд /үүнд Монгол Улс орно/-ын үнэлгээний үр дүнд хийсэн дүн шинжилгээ, ерөнхий тойм дүгнэлтийг гаргана хэмээв.

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top