Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг БУУРУУЛЖ, журамд ӨӨРЧЛӨЛТ оруулна

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр /2017.09.25/ Баянхошуу дэд төвд баригдаж байгаа 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилгын үйл явцтай танилцлаа.

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд хийгдэж буй дэд бүтэц, барилга, байгууламжийн ажил ирэх онд бүрэн дуусах бөгөөд дараагаар нь Дамбадаржаа дэд төв, Яармаг дэд хотын бүтээн байгуулалтын ажил руу орно хэмээн төслийн зохицуулагчид онцолж байв. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас дараах тодруулгыг авлаа.

-Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Гэр хорооллыг хөгжүүлэх талаар хийгдэж байгаа ажлуудын хамгийн том төсөл бол энэ юм. Улаанбаатар хотын төвлөрлийг задлах чиглэлээр Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банк, Улаанбаатар хотын тамгын газраас хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл гэж ойгож болно. Нийслэл хотыг зургаан дэд төвтэй болгох тухай түрүүн ярьсан. Үүний хамгийн анхных болох Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай бид танилцлаа. Хотыг хөгжүүлэхэд хамгийн гол асуудал бол инженерийн дэд бүтэц байдаг. Харин энд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалт гээд бүгд дэс дараатай хийгдэж байгааг харлаа. Эхний ээлжинд 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төв баригдаж байна. Энэ төслийн хүрээнд нийтдээ 10,000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа. Ингээд инженерийн дэд бүтцийн асуудлаа шийдсэний дараа орон сууцны асуудлаа шийднэ. Орон сууцны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх ёстой. Цаашдаа энд шинэ төв, шинэ хот босно гэж бодож байна.

-Дулаанаа яагаад ТЭЦ-4 станцаас шийдсэн юм бэ. Шинээр цахилгаан станц барих шаардагагүй байсан уу?

-Ер нь бол дулаанаа хаанаас авахыг мэргэжлийн байгууллага шийднэ шүү дээ. Эхлээд шинэ станц барих асуудал яригдаж байсан ч дараа нь төвөөс авахаар болсон юм билээ.

-Иргэдийг орон сууцжуулах ажил хэр үр дүнтэй явж байна вэ?

-Иргэдийг орон сууцжуулах ажил өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг л дээ. Одоохондоо ипотекийн зээл олгох журам хэвийн хэрэгжиж байна. Удахгүй урьдчилгааг нь бууруулахаар ярилцаж байгаа учир журам нь шинэчлэгдэнэ. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд бол барилга барьж байгаа. Гэхдээ манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад Түрээсийн орон сууцыг төрөөс санхүүжүүлээд явах нөхцөл байдал бэрхшээлтэй байна. Хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй байна. Тиймээс олон улсын, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Тухайлбал, эхний ээлжинд Хятад улстай хэлэлцээр хийсэн байгаа. Сая хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын хурал болоход Дэнжийн 1000-д 1008 айлын орон сууц баригдах асуудлыг ярилцаж шийдсэн.

Дараагийн ээлжинд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 500 сая америк доллар ирж байгаа. Үүгээр мөн орон сууц барина. Цаашдаа бид зорилтот бүлэгтээ зориулагдсан орон сууцыг Олон Улсын зах зээлээс урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад хэрэгжүүлэхээр зохион байгуулж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 103.87.255.66 ]      |     2018 оны 9-р сарын 26 -нд, 02:08 минутанд

Энэ нөхөр зээлийн урьдчилгааг бууруулна гэж яг тоть шиг бүтэн жил давтлаа. Хэрэгжсэн юм байдаггүй. төрийн ажил ийм хөшүүн, шийдвэр гаргалт ийм удаан байхаар чинь яах юм бэ.

Банк [ 202.126.89.85 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 12:17 минутанд

Худлаа хуцаад л !!! Банк барьцаанд хаягдсан байраа үнэтэй зардаг арга, авилгачид барьсан хулхи байраа зардаг арга болж хөрсөн дээр хэрэгжиж байна 8 хувийн зээл өөр хэнд ч хүртээлгүй болсон . Банкны захирлын цохилтоор л олгодог авилга авах хэрэгсэл болсон шүү

Go to top of page