ЖҮДО ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид хоёр дахь медалиа хүртлээ.

Азербайжаны Баку хотноо болж буй тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч, Дэлхийн аварга Арон Волфыг ялж, дэлхийн медальтан боллоо. Л.Отгонбаатар сүүлийн жилүүдэд -90 кг-д барилдаж байгаад олимпийн аварга Н.Түвшинбаярын барилдаж байсан -100 кг-д энэ жил өрсөлдөж эхэлсэн. 

Манай тамирчин мөнгөн медалийн төлөөх хагас шигшээгийн шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Варлам Липартелианитай эн тэнцүү өрсөлдсөн ч цаг дуусахын өмнөхөн базари үнэлгээгээр ялагдал хүлээсэн. Гэхдээ хүрэл медалийн төлөөх дараагийн барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялж, медальд хүрлээ.

Энэ удаагийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон.

Тэмцээн маргааш /2018.09.26/ үргэлжилж, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар дэвжээнд гарна.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page