АНУ-ын ерөнхийлөгч даяарчлалын үзэл санаанаас нүүр буурууллаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Америкийг америкчууд удирддаг хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Бид даяаршлын үзэл санаанаас татгалзаж, эх оронч үзлийг дэмжиж байна.  НҮБ хязгааргүй боломжтой. АНУ НҮБ-ын үр нөлөө, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийн төлөө байна" гэж онцлон тэмдэглэжээ.

Гэхдээ Дональд Трамп АНУ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төсвийн 25 дээш хувийг бүрдүүлэхгүй хэмээн мэдэгдээд, бусад улс орнуудыг оролцоогоо нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагаа хуваалцахыг уриалав.

Тэрбээр цааш нь хэлэхдээ "Өнгөрсөн жил Ассамблей дээр сануулж байсан хэдий ч НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хүний эрх зөрчигчдийг хамгаалж, Америк болон түүний нөхдийг ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилсэн хэвээр. Тиймээс бодит шинэчлэлийг хэрэгжүүлэхээс нааш АНУ Хүний эрхийн зөвлөлөөс гарсан. Түүнчлэн, энэ оны арванхоёрдугаар сард Мороккод батлах шилжилт хөдөлгөөний тухай дэлхийн гэрээнд АНУ оролцохгүй. Манай иргэдийн өмнө хариуцлага хүлээдэггүй Олон улсын байгууллага шилжилт хөдөлгөөний асуудлыг зохицуулах учиргүй" гэж мэдэгдсэн юм.

Худалдааны асуудлаар Трамп "АНУ-ын нээлттэй байдлыг ашиглан бусад улс орнууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр дарж, Америкийн үйлдвэрүүдийг хүнд байдалд оруулахын тулд бодлоготойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлж, өөрсдийн валютаар дамжуулан шударга бус аргаар давуу байдал олж авч байна. Үүний үр дүнд АНУ жилд 800 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээж байгаа. Тиймээс бид цуцлагдсан болон ашиггүй худалдааны гэрээгээ эргэн хэлэлцэж байна" гэж ярьсан.

Харин Ираны асуудалд Дональд Трамп "Дэлхийн хамгийн том терроризмын ивээн тэтгэгч манай дэлхийн хамгийн аюултай зэвсэгтэй болохыг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй. АНУ, Израильд заналхийлдэг дэглэм цөмийн цэнэгт хошууг дэлхийн аль ч хотод хүргэж чадах хэрэгсэлтэй байхыг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top