Д.Цогтбаатар Энэтхэгийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр зарим орны сайдуудтай уулзалт хийсэн байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцан айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийн Монгол Улсад хийсэн айлчлал үр дүнтэй, тухайлбал, Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах болсон явдалд иргэд сэтгэл хангалуун байгааг уламжилсан байна.

Тэрбээр Азийн Буддистуудын энх тайваны бага хурлаас ирэх жил Монгол Улсад зохион байгуулах энх тайвны төлөөх шашин хоорондын яриа хэлэлцээнд Энэтхэг Улс дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн бол Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Гандантэгчэнлин хийдэд бурхан Будда, түүний хоёр шавийн сэрэг дүрийг бүтээж өгөх ажил дуусах шатандаа орсныг тэмдэглэж, ойрын хугацаанд хүлээлгэж өгөхөө илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урисан байна.

Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Худалдааны асуудал эрхэлсэн комиссар Сесилия Малмстромтой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Уулзалтын үеэр Монгол Улс 1969 онд даян дэлхийн энх тайваны төлөө олон улсын бурхны шашинтнуудын дуу хоолойг нэгтгэх зорилгоор дэвшүүлсэн Азийн Буддистуудын энх тайваны бага хурал байгууллагын 50 жилийн ой ирэх жил тохиож байгааг мэдээлж, энэ хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд Европын Холбооноос оролцохыг урьжээ. Азийн Буддистуудын энх тайваны бага хурал механизмтай ижил шашин хоорондын яриа хэлэлцээний орон зай өдгөө зайлшгүй шаардлагатай байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэв. Европын Холбооны хувьд даян дэлхийн энх тайваны төлөөх санаачилга болон энэ хүрээнд болох арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top