#PLAYLIST: Намрын улиралд сонсоход тохиромжтой 10 МОНГОЛ ДУУ

Намрын улиралд дуртай хүмүүс унших ном, үзэх кино, сонсох дуундаа яг энэ өдрүүдэд төвлөрчихсөн, романтик мөчтэйгөө дотно найзлахад бэлэн байгаа гэдэгт итгэлтэй. Бидний дурсамжийг үргэлж дулаацуулж, амьдралын хором мөч бүрийг бүрдүүлдэг зүйлсийн нэг бол хөг аялгуу нь зүрх сэтгэлд хүрсэн дуунууд билээ. Монгол дууны үг энгийн, яруу, амьд, чихэнд сонсголонтой байдаг. Сонсоод өөрийн эрхгүй бодолд автуулах доорх дуунуудыг намрын playlist-дээ нэмээрэй.

1. П.Адарсүрэн агсан бол "Дөрвөн улирал", "Энх улирал", "Сэвтээ нь үгүй сэтгэл", "Мөрөөдлийн дуу", "Аргагүй амраг" зэрэг олон дуугаараа Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон, давтагдашгүй хоолойтой дуучин билээ. Жагсаалтынхаа хамгийн эхэнд түүний "Намрын өнгө" дууг санал болгож байна.

2. "Хонх" хамтлагийн "Хонхны дуу" ардчилалын сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл "Үүлэн чөлөөний нар" дууг нь үүнтэй адил мэдэхгүй хүн цөөхөн биз. Нэг л сонсвол чихэнд хоногшоод үлдчихдэг увидастай дуу шүү.

3. Б.Бадрууган агсны "Улаанбаатарын үдэш" дуу их хот, тэргэл саран, намуухан үдэш, дотнохон ярилцан алхах залуусыг санагдуулдаг. Сонсоход сэтгэлд хөнгөн, дулаахан. Амьдралыг их итгэлээр бялхуулдаг. Намар орой дуу сонсон, гудамжаар алхаж явахуйд Улаанбаатарын минь өнгө төрх нүдний өмнө зурайна. 

4. "Камертон" хамтлагийн "Харууслын аяз" дууны үг зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн хамгийн алдартай шүлэг болохыг анх сонсоод мэдсэн цагаасаа хойш энэ дуу миний "playlist"-ийн нэгдүгээрт жагсах болсон. Шүлгийг нь олж уншаад, дууг нь сонсвол нэг сумаар хоёр туулай буудлаа л гэсэн үг. 

5. Намрын бороо та надад юу шивнэнэ? Намар бороо зүсэрхэд энэ үгсийг өөрийн эрхгүй өөрөөсөө асуумаар санагддаг. Намрын бороо хавар, зуныхаас уйтай. Хүйтэн, заримдаа сэтгэл догдлуулам зөөлөн шаагих бороонд Э.Уянга "Нарны унага" дууг сонсоод алхаарай.

6. Амьдралын жам ёсыг үг бүрээрээ өгүүлэх мэт уран яруу, утга агуулгатай дуу бол "Хурд" хамтлагийн "Аавдаа" юм. Нэг нь холдон одоход, нэг нь өсч томорно. Үргэлж нэгнийгээ дурсан санах бидний сэтгэлийг энэ дуу өгүүлнэ.

7. Та өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Ажилдаа явах замдаа ямар дуу сонсдог вэ? "Моханик" хамтлагийн "Зөөлөн мишээл" дуу бол амьдралын нэг өдрийг бүтэн цэнэглэж чадах увидастай дуу. Магадгүй та өглөө босоод дуу сонсдоггүй бол одооноос эхлэн энэ дуугаар өглөөг эхлүүлээд үзээрэй. Энэ дуу таньд амар амгаланг бэлэглэх болно.

8. "Зүгээр" хамтлагийн  "Зүгээр л" дуу бол энгийн үг, аятай ч зүгээр нэг дуу биш ээ. Та нэг сонсвол огтхон ч зүгээр санагдахгүй болов уу. Энгийн бүхэн энгийн байдаггүй. Зүгээр л сонсоод үз.

9. "Чин зүрхний хайр" дууны олон хувилбар байдаг. Сүүлд "A-Sound" шинэчилж дуулсан нь их таалагдсан. Магадгүй хайртай хүнээ бодоод сонсвол дэргэд нь очсон мэт мэдрэмж төрнө.

10. Тэнүүн, Чойжоо нарын хамтран дуулсан "Салхинд шивнэх үгс" дууг сонссоныхоо дараа хэн нэгэнд хэлж чадахгүй үгсээ салхинд шивнээд хийсгэчихэж болно гэдгийг та ойлгох болно. Сэтгэлд тань ямар нэгэн зүйл буглаад байвал салхинд л шивнэчих. Намар болж байна шүү дээ. Бид амьдралаас авч болох хамаг сайхан мэдрэмжүүдээ аваад, энэ улирлыг сэтгэл хангалуун үдэх хэрэгтэй. Таньд амжилт хүсье!

Бэлтгэсэн Н.ДАВААСҮРЭН


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page