Үүдээ түгжсэн өргөө 380 сая төгрөгийн алдагдал хүлээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

"Монгол бөхийн өргөө" өнгөрсөн хавар эгээтэй л “гладиатор”-уудын талбар болчихсонгүй. Хаалга эвдэж, шил, цонхыг нь хагалж, бөхчүүд том жижиг цолтон гэлгүй бяцхан нүдээн хийгээд авсан гээд арай жудаггүй асуудал үүссэн.  Дархан аваргуудаас эхлээд томоохон бизнесмений нэр холбогдсон дээрх асуудал "Бөхийн өргөө"-ний үйл ажиллагааг түр зогсоосноор намжсан билээ. 1990-ээд оны эхээр ард түмнээс хандив, гуйлга нэхэн байж суурийг нь тавьж, барих ажлыг эхлүүлсэн байрыг нь булаацалдаад ч байгаа юм шиг, Бөхийн холбоог удирдах эрх мэдлийн төлөө арсалдаад ч байгаа юм шиг дүр зураг өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд өрнөж ирлээ.

Бөхчүүдийн хэрүүл талцал Ерөнхийлөгчийн өрөөнд “орж“, хэрүүл маргаанаа зогсоохгүй бол "Бөхийн өргөө"-г улсын мэдэлд авна шүү...” гэдэг далайлгаар  бөхчүүд нам жим байдалд шилжсэн гэхэд болно. Улсын наадмаар бөх барилдах үгүй нь мэдэгдэхгүй, наадамчин олныг сандаргаж, улсын наадамд зодоглох боломжтой 1000 бөх аварга Х.Баянмөнх гуайн мэдэлд байдаг тухай яриа гарч, олны нүдийг орой дээр нь гаргасан.  

Ингэхдээ тултал жолоогоо алдсан үндэсний бөхийн холбооны удирдлагын төлөөх тэмцэл 2002 оны “Их эе”-ийн хуралдаанаас эхэлсэн байдаг. Даамжирсаар өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 28-нд дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нар МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан нь маргааныг хурцатгахад хүргэсэн. Энэ үеэр "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгочихсон.

Үүнийг эсэргүүцэж, хуучин тэргүүн Р.Нямдорж, “Энэ цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү дөрвөөс таван хүн /Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар/ тасралтгүй ээлжлэн ярьсан. Тэдний нэг нь айлган сүрдүүлэх, өөр нэг нь аргадан гуйж, гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй ятгасан боловч 10 аваргаас 7 нь, 15 арслангаас 11 нь, 9 гарьдаас 7 нь, 25 заанаас 19 нь, 40 харцагаас 30 нь, 170 начнаас 163 нь энэ цуглааныг хууль бус гэж үзээд очоогүй. Энэ нь аваргуудын 70 хувь, арслангуудын 73 хувь, гарьдын 78 хувь, заануудын 76 хувь, харцагуудын 75 хувь, начин цолтны 90 хувь нь оролцоогүй гэсэн үг. Ийм цуглааныг МҮБХ-ны “Их Эе” гэж үзэж болох уу? Нөгөө талаас тэдний цуглуулсан бөхчүүдийн бараг хагас нь Увс аймгийн бөхчүүд байсан. Мөн хадам, хүргэн, үр хүүхдээ хүртэл оролцуулж, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулалгүй, хаалттай хийсэн нь энэ цуглаан хуйвалдаан болсныг нотолж байна” хэмээн мэдэгдэж байлаа.

Р.Нямдорж тэргүүтэй өмнөх удирлагууд өөр нэгэн “Их Эе”-ийг 2018 оны гуравдугаар сарын 24-нд хуралдуулахад дархан аварга Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр нь томилогдсон. Бөхчүүд ийн “хоёр толгойтой” болсноор "Бөхийн өргөө"-гөө өргөж тавих шахсан үйл явдал ар араасаа өнгөрснийг хэлүүлэх юун. МҮОНТ-ээр өнөө зун нээлттэй хэлэлцүүлэг явуулж, дархан аварга Х. Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хоёр талын тэргүүнийг төлөөлөн оролцож байв. Тэр нэвтрүүлгээс монгол бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээр ч тэр, амьдрал дээр ч тэр талцал дунд олон жилийн нүүр үзэж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Уг нь тэр үеэр хоёр тал нийлж “Их эе”-ээ 2018 онд багтаан дахин хуралдуулахаар тохиролцоцгоосон. Тодруулбал, тэдний тохирсон ярьснаар бол “Их Эе”-ийг есдүгээр сард хуралдуулахаа болиод, Х.Баянмөнх аваргын санал болгосноор арваннэгдүгээр сард хуралдахаар болсон талтай.  Хэрэв тэр дагуугаа явбал “Их Эе” тун удахгүй хуралдаж, бөхчүүдийн асуудал цэгцрэх магадлал байж болох юм. Тэндээс "Бөхийн өргөө" гэх хуучирсан байгууламжийг тойрсон "гал"-ыг улам дүрэлзүүлэх эсвэл унтраахыг бөхчүүд өөрсдөө шийднэ. Өөрөөр хэлбэл, бөхчүүд "бухан хүзүү"-тэй юу, уужуу ухаантай юу гэдгээ "Их Эе"-ээрээ харуулах болно.

"Бөхийн өргөө"-г 2018 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс зургадугаар сарын 20 хүртэл, зургадугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэл цагдаагийн хамгаалалтад авч, битүүмжлээд байгаа. Энэ хугацаанд "Бөхийн өргөө"-ний үйл ажиллагаа бүрэн зогсож, 15 удаагийн бөхийн барилдаан, 30 орчим урлагийн тоглолт цуцлагджээ. "Бөхийн өргөө"-г хаасны улмаас түрээслэгчдийн түрээс, дулаан, цахилгаан, харуул хамгаалалт, ажилчдын цалин хөлс, үл хөдлөх хөрөнгийн татвар, НӨАТ, ХХОАТ зэрэг 380 сая орчим төгрөгийн хохирол амссан тухай эх сурвалж мэдээлжээ. Харин МҮБХ-ноос хэд хоногийн өмнө энэ сараас бөхийн барилдаанууд болох талаар зар дуулгаад байгаа. Үнэн бол эхлээд ямартай ч "Бөхийн өргөө"-ний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь.

МҮБХ үндэсний бөхийн намрын улирлын нээлтийн барилдааны товыг зарлаж, есдүгээр сарын 29-нд буюу бямба гарагийн 14.00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулахаа мэдэгдээд байна.

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭРЭЭГҮЙ(66.181.160.58) 2018 оны 09 сарын 27

Баянмөнх,банзал завхай хүргэнэн дагуулал ард түмний хандиваар боссон өргөөг самрах гэж баахан оролдов.Надаас өөр хэн байхав гэсэн аминч бодолдоо хөтлөгдөн Бат-Эрдэнэ аваргын улсад 10 түрүүлээгүй болгох гэж бас үзлээ. Болж үзээсэй.Бөхийн өргөөг Баянмөнх мэтийн шуналын тулам өгч болохгүй. Одоо хорвоогийн жамаар үхэх дөхөж байгаа түүний мэдэлд өгвөл үхэхээ эрэг сүнс нь бөхийн өргөөнд эргэлдээд сайн залуу бөх төрөхөө больж Монгол бөх сөнөж мэднэ

0  |  0
Монгол иргэн(66.181.184.83) 2018 оны 09 сарын 26

ЭНЭ БОЛ ШУНАЛТАН Х.БАЯНМӨНХ, ТҮҮНИЙ ШУНАЛТ ЭКС ХҮРГЭН А.СҮХБАТ, Л.ЧИНБАТ, МӨН ШУНАЛЫН ТИФ Ү.ХҮРЭЛБААТАРААС ХОЛБООТОЙ...

0  |  0
үзэн ядагч(202.179.26.57) 2018 оны 09 сарын 26

шуналтнууд вэ бөхийн өргөө хэдэн хөлстэй даварсан бөхчүүдийн өмч биш ард түмэн улсын өмч ямар баянмөнх хувиасаа мөнгө гаргаад барьсан биш галзуурах гэж нэр цолдоо бялуурсан баянмөнхийн шунал ч дэндлээ. үхэхдээ иүүрээд явах нь уу зөнөг новш ард түмний хайр даахгүй зөнөөд болохгүй болжээ шунал ихдэж зөнөвөл шулам л болно биз новш чинь

0  |  0
Top