П.Мөнхтөр: Хятад бичигтэй нэрийн хуудас эвлүүлэг байсан

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

“Эх оронч иргэдийн нэгдсэн групп”, “Босоо хөх Монгол” зэрэг цахим нэгдлээр сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр хятад хэл дээр бичсэн нэрийн хуудас хэвлэсэн тухай шуугисан. Тэгвэл хотын захирагч П.Мөнхтөр өөрөө энэ мэдээллийг няцаалаа. Улаанбаатарт ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн тэрбээр "Засаг даргаар томилогдсоноосоо хойш ч, өмнөх Засаг дарга нар ч хятад танилцуулгатай нэрийн хуудас хэвлэж байгаагүй" гэж мэдэгдэв.

“Монгол Улсын төрийн алба хаагчийн нэрийн хуудасны стандарт гэж байдаг. Тэр дагуу нэрийн хуудсаа хэвлүүлдэг. Монгол болон англи хэлээр. Фэйсбүүкт тарсан нэрийн хуудас бол эвлүүлэг. Тийм зүйл хийчихээд өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр гаргасан миний захирамжийг хятадуудтай холбосонд харамсаж байна” гэж Дорнод аймгийн Хэрлэн сум буюу Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр ярилаа.


Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр 2018 оны наймдугаар сарын 25-ны өдөр Хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихийг хүсэх тухай гурван заалттай захирамж гаргажээ. Энэхүү захирамжаараа Засгийн газарт хүн амын өсөлтийг дэмжихийг уриалж, хүүхэдтэй болсон залуусыг дэмжих, ажлын байраар хангах, олон хүүхэдтэй гэр бүлийг төрөөс дэмжих тухай тусгасан байсан юм. Захирамж нэрээр улс даяар уриалга гаргасан талаар нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэх хүмүүс байсан ч тэрбээр өөрийн гаргасан уриалгыг "Хуульд нийцсэн үйлдэл" гэлээ.

“Би хуульч мэргэжилтэй. Захирамж гаргаж, олон нийтэд уриалах боломж хуулийн хүрээнд хангалттай бий. Жирийн иргэний адил эрхээ эдэлж, олон нийтэд хүн амын өсөлтийг дэмжихийг л би уриалсан” гэж П.Мөнхтөр тодотгосон. Тэрбээр цаашид ч Чойбалсан хот хүн амын өсөлтийг дэмжих санаачилга аян өрнүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ нэмж ярьсан бөгөөд энэ тухай Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт ч албан ёсоор танилцуулжээ. 

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

DORNOD AIMGAA HYATDUUDAAS HAMGAALVAL MANJUUR ULS BII BOLOHOOR

0  |  0
Top