Их Британитай ноолуурын салбарт хамтарч АЖИЛЛАНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Их Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах худалдааны элч эрхэмсэг ноён Жулиан Найтыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Их Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элчээр ноён Жулиан Найт томилогдон ажиллаж байна.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын талаар товч мэдээллийг Худалдааны элч ноён Жулиан Найт болоод Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдөд хүргэв.

Их Британи Улс Европын холбооноос гарч байгаатай холбогдуулан Монгол Улстай хоёр талт хэлэлцээ хийх шинэ боломж бүрдэж байгааг талууд онцоллоо. Ноён Жулиан Найт: “Монгол Улсад уул уурхайн салбар хэдийгээр чухал байр суурь эзэлдэг хэдий ч эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь зүйтэй юм. Их Британи Улс эхний ээлжинд ноолуурын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Талууд Их Британийн аж үйлдвэр, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил, арга туршлагын талаар газар дээр нь танилцах, боловсон хүчнийг сургах хамтарсан хөтөлбөр боловсруулах, Английн дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page