Мөрөөдлийн тулаан болоход 10 ХОНОГ үлдлээ

Өнгөрсөн жилийн наймдугаар сард UFC-ийн үзэгчид мэргэжлийн боксын домогт тамирчин Флойд Мэйведэр, холимог тулааны хаан Конор Макгрегорын Лас-Вегаст болох тулааныг чих тавин хүлээж байлаа. Наймдугаар сарын 27-нд болсон тэрхүү тулаан Конор Макгрегорын хувьд огт ялагдал шиг санагдаагүй. Харин ч тэр ялагдсаныхаа хариуд амьдралдаа авч үзээгүй хамгийн их мөнгө буюу 100 сая ам.доллар халаасалжээ. Нийт 30 сая ам.долларын хөрөнгөтэй Макгрегорын хувьд энэ нь маш том шагнал бөгөөд UFC тулааны хамгийн өндөр шагналаас нь 10 дахин их байсан. Тулааны дараах үдэш Лас Вегасын “Encore Beach Club” цэнгээний газарт шөнөжин наргисан Макгрегор 100 мянган ам.долларын тооцоо хийсэн тухай эх сурвалжууд мэдээлж байлаа. Ингээд тулааны дараа Конорыг Оросын Хабиб Нурмагомедов тулаанд дуудсан нь UFC-ийн үзэгчдийн хувьд жинхэнэ тэсрэлт байлаа.  

“Мөнгөний тулаан” дууссаны дараа Нурмагомедов өөрийн инстаграм хуудсанд “Арванхоёрдугаар сарын 30. UFC 219. Яагаад болохгүй гэж? Миний бодлоор арванхоёрдугаар сар бол энэ тулаанд хамгийн тохирох хугацаа. Тэр бас Мэйведэртэй тулалдсаныхаа дараа надтай үзэлцмээр байна гэж хэлж байсан” хэмээн бичсэн юм. Хариуд нь UFC-ийн тэргүүн Дана Уайт “Конор надад юу гэж хэлснийг чи мэдэж байна уу. Тэр Орост Хабибтай тулалдмаар байна гэсэн” гэх жишээний.

Энэ жил 30 нас хүрсэн Хабиб Нурмагомедов 24 ялалт байгуулж, нэг ч ялагдалгүй яваа холимог тулааны тамирчин юм. Тэр энэ амжилтаараа хамгийн олон удаа тасралтгүй ялсан холимог тулааны дээд амжилтуудын нэгийг эзэмшдэг гэхээр ямархуу гал гарсан тулаан болох нь ойлгомжтой. 2016 онд UFC түүнийг хөнгөн жингийн дэлхийн номер нэг тамирчинд өргөмжилж байв. Хабиб ОХУ-ын Дагестаны бүгд найрамдах улсын авар үндэстэн юм.

Мэргэжилтнүүд Конор, Хабиб нарын тулааныг MMA-ын мөрөөдлийн тулаан болно гэж үзэн, бүтэн жил хүлээлээ. Одоо хүссэн тулаан ойртож, ирэх аравдугаар сарын 6-нд тэд нүүр тулах гэж байна. “UFC-229” тулааны талаар ESPN-ий сэтгүүлч Бретт Окамото "Тулааны тасалбарын үнэ суудлаасаа шалтгаалаад 205-2505 ам.доллар. Одоо тулаан болоход ердөө 10 хоног л үлдлээ" гэж сануулжээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

т [ 202.179.11.10 ]      |     2018 оны 9-р сарын 26 -нд, 09:21 минутанд

хувьд сүүлийн боломж гэх үү дээ.

М [ 202.179.11.10 ]      |     2018 оны 9-р сарын 26 -нд, 09:20 минутанд

Хабибын тулааныг харж байхад босоо тулаандаа замбраагүй тоглолттой. Гэвч барилдаад ирэхээр ямар ч өрсөлдөгчийг доороо оруулчихдаг давуу талтай. Гар сайн биш. Конорын хувьд хэвтээ барилдаанд хамгаалаад байж дөнгөнө. Нээх тоглуулаад байхгүй хамгаалт сайтай. Мэйвэйдэртэй хийсэн тулаанаас гарын техник илт сайжирсан. Тэгэхээр Хабиб нь Конорыг энэ тулаанд барахгүй болов уу даа. Конорын хувьд энэ ялалт нь түүний сүүлийн ялалт болох магадлал өндөр. Яагаад гэвэл доороос гарч ирж байгаа тамирчид залуу бас эрч хүчтэй, дээр нь конорын сул болон давуу талыг дэндүү судлаж байж гарч ирнэ. Тэгэхээр Конорын.

Go to top of page