Х.Баттулга: Хоёр улсын хамтын ажиллагаа олон түвшинд хөгжих болтугай

Бүгд Найрамдах Азербайжан Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны нийслэл Баку хотын Соёлын төвд зочилсон байна.

Баку хотын төдийгүй Азербайжаны нэрийн хуудас болсон энэхүү соёлын төвийг Хейдар Алиевийн төв гэж нэрлэдэг бөгөөд Азербайжаны ард түмний удирдагч Хейдар Алиевийн үзэл баримтлалыг ул суурьтай судлах, улсынхаа түүх, хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг бүх талаар хөгжүүлэн дэмжих зорилготой ажиллуулдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар тус улс энэ төвийг барихад ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд Ирак-Англи иргэншилтэй алдарт архитектор асан Заха Хадид загварчилж, 57.5 мянган м.кв бүхий өвөрмөц, Азербайжаны түүх, соёлын төвийг 2012 онд ашиглалтад оруулж байжээ. Өдгөө энэ төвд төвийн үйл ажиллагаатай холбоотой хурал, симпозиум, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хейдар Алиевийн нэрэмжит тус улсын Соёлын төвд зочилсныхоо дараа хүндэт зочны дэвтэрт “…Хоёр улсын хамтын ажиллагаа олон түвшинд хөгжин, цэцэглэх болтугай…” хэмээн бичиж үлдээв.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

z [ 66.181.184.184 ]      |     2018 оны 9-р сарын 26 -нд, 07:07 минутанд

tuuhen ailchlal

Go to top of page