Жинхэнэ жүдо бол ИППОН ялалт

Жүдогийн эх орон Япон улс. Дэлхийн сая, сая хүн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шимтэн үзэж буй энэ үед Японы тамирчдын тухай сонирхолтой мэдээллийг нэгтгэн хүргэе.

Сүүлийн жилүүдэд жүдогийн спортод эзлэх байр сууриа алдаад байсан Японы тамирчид 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “босоо төрсөн” гэдэг үгийг зориулмаар шилдэг нь байлаа. Ялангуяа эмэгтэй тамирчид нь жин бүртээ финалдсан гэхээр эрхгүй атаархал төрүүлнэ. Бусдаас илт давуу байсан тэднийг дарах гэж Олон улсын жүдогийн холбоо олон янзын дүрмийн өөрчлөлт хийсэн гэх хардлага байдаг. Тийм ч болохоор япончууд 柔道 хэмээх ханзаар бичдэг байсан үндэсний спортыг нь JUDO гэж англиар бичдэг ердийн спорт болгон хувиргалаа гэж дургүйцдэг гэсэн яриа гарсан биз ээ. “Жинхэнэ жүдо бол иппон ялалт” гэж үздэг арлын орны жүдо бөхийн шигшээ баг 2016 оны Риогийн олимпод 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байв.


“Рио-2016” олимпийн наадмын Японы жүдогийн шигшээ баг:

Эрэгтэй

  • 60 кг Наохиса Такато
  • 66 кг Масаши Эбинүма
  • 73 кг Оно Шёохэй
  • 81 кг Таканори Нагасэ
  • 90 кг Бэйкер Машюү
  • 100 кг Рюүносүкэ Хага

Эмэгтэй

  • 48 кг Ами Кондо
  • 52 кг Мисато Накамүра
  • 57 кг Каори Мацүмото
  • 63 кг Микү Таширо
  • 70 кг Харүка Тачимото
  • 78 кг Мами Үмэки

Эдгээр тамирчдаас 2016 оны олимпод Шёохэй Оно, Бэйкэр Машюү, Тачимото Харүка нар АЛТ, Харасава Хисаёши МӨНГӨ, Наохиса Такато, Ами Кондо, Мисато Накамүра, Канаэ Ямабэ, Масаши Эбинүма, Таканори Нагасэ, Рюносүкэ Хага, Мацүмото Каори нар ХҮРЭЛ медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байрт бичигдэж байв.

“Ирээдүйн одод”


120 гаруй сая хүн амтай Япон оронд ДӨРВӨН САЯ гаруй жүдогийн тамирчин байдаг. Монгол улсын хүн амаас ч их хүн жүдогоор хичээллэдэг гэхээр яах аргагүй ЖҮДО бөхийг үндэслэгч орон гэдэг нь харагдана. Тэдний хувьд БҮХ ЯПОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДОГИЙН ТЭМЦЭЭН бол өндөрт гарах “тийз” л гэсэн үг. Тиймээс тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцохоос гадна Японы тамирчдын хувьд үндэсний тэмцээндээ амжилт үзүүлэх нь маш чухал асуудал болдог байна.

2020 онд Токиод, нутагт нь болох олимп жүдочдын хувьд чухал. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа энэ эрчээрээ барилдвал тэдний хувьд олимпийн найдварууд олон байна.

Дэлхийн аваргын тэмцээн эхэлснээс хойшхи тав дахь өдрийн дараах байдлаар Японы жүдочид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдэж байна. -57 кг-ийн жинд Ёшида Цүкаса түрүүлж, дэлхийн аварга болсон. 1995 онд төрсөн залуухан тамирчин тэрээр Японы олимпийн найдвар байх нь дамжиггүй. Мөн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Хифүмэ Абэгийн дүү Үта Абэ 18 насандаа дэлхийн аваргын болзол хангалаа. Хифүма Абэ ч мөн -66 кг-ийн жиндэ аваргалж, ах дүү ДЭЛХИЙН АВАРГУУД хэмээн цоллуулах болсон билээ. Тэд одоо Токиогийн олимпийг өнгөлөх тамирчдын эхэнд зүй ёсоор бичигдэнэ. Мөн -70 кг-ийн жинд Арай Шизүрү, -60 кг-ийн жинд Такато Наохиса, -63 кг-ийн жинд Таширо Микү нар АЛТАН медаль хүртэж, Дэлхийн аварга болсон нь тэдний багаараа лидер байх боломжийг бүр ч илүү бүрдүүлэв.

“Бүх цаг үеийн шилдгүүд Японых”


Энэхүү үр дүнгээс харахад Японы жүдогийн шигшээ баг шинэ, залуу тамирчдаар хүч сэлбэх нь тодорхой харагдаж байгаа юм. Бүх цаг үеийн шилдэг 10 жүдочийн ТАВ нь Японы тамирчид байдаг. Нэгдүгээрт, ЖҮДО бөхийн спортыг үндэслэгч Жигоро Кано бичигддэг бол хоёрдугаарт Дэлхийн таван удаагийн аварга, гадны бөхөд нэг ч ялагдаж үзээгүй, албан ёсны тэмцээнд 559 удаа барилдаж 528 ялж, 16 ялагдаж 15 тэнцсэн Ямашита Ясүхиро (95) бичигддэг. 16 удаа ялагдахдаа япон тамирчдадаа дан хантэйгаар ялагдсан энэ тамирчны амжилтыг хэн ч давтаагүй байна.

Мөн тус жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг Тадахиро Номүрагийн тухай энд дурдахгүй өнгөрөх нь зохисгүй. Учир нь тэр бол Олимпийн гурван удаагийн аварга. Түүний амжилтыг одоогоор хэн ч давж биелүүлээгүй байна. Дашрамд сонирхуулахад, Францын нэрт тамирчин Тедди Ринер Олимпийн хошой алтан медаль, Дэлхийн найман удаагийн аварга болсон амжилтаар энэхүү жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа.

Япончууд яагаад жүдогийн спортод манлайлдаг вэ гэж асуувал “Мэдээж шүү дээ, япон бол жүдог үндэслэгч эх орон нь юм чинь” гэж хариулах байх. Тэгвэл яагаад “Үндэсний” гэх тодотголтой СҮМОД нь манай улсын бөхчүүд манлайлдаг юм бэ? Энэ бол аливаа спортын үндэслэгч нь хэн байхаас АМЖИЛТ нь тодорхойлогдохгүй гэдгийн нэг баталгаа. Мэдээж “үндэслэгч” гэдэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх л даа. Гэхдээ л тэдний бэлтгэл сургуулилт, тамирчдын биеэ дайчлах чадвар, тэсвэр тэвчээр дээр амжилтын од гялалзаж байдаг нь дамжиггүй ээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page