Гуутай бурхны оронд заларсан 51 дэх намар

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Өнөөдрөөс яг 51 жилийн өмнө Монголын үндэсний олон нийтийн телевиз тогтмол нэвтрүүлгээ эхэлжээ. Тэр өдрөөс хойш, гүнгэрваатай бурхадын орон зайг нь зурагт радио гэж нэрлэгдсэн дөрвөлжин "хайрцаг" эзэлж, гэрийн эзэн, эзэгтэй, хүүхэд шуухад тэр зүг нүд бэлчээж, чих тавих болсон.  Түүх сөхөхөд, 1967 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлага хийжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг нь бичиж, Монголын зурагт, радиогийн захиргаа /МЗРЗ/-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна. Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлаад, 17 цаг 50 минутаас  зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн гэдэг. Нэвтрүүлэгч Б.Хишгээ студид орж ирэн, 17 цаг 50 минут гэхэд Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан "БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны Нэгдүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ" гэж зарласнаар Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлжээ. Г.Сумъяа дарга таван минут үг хэлснээр өнөөдрийн МҮОНТ өндөр үүдээ нээжээ.

Хөдөөгийн сонсогчид, үзэгчид радио, телевизийнхээ доторх хүнийг олж үзэх гэж задалж суусан гэнэн дурсамжтай цаг саяхан мэт. Телевизээр гайхалтай дуучид, уран бүтээлчид, улс төр, намын зүтгэлтнүүдийн үг, дуу хоолойг сонсож, дүр төрхийг харж, соёл гэгээрэлд хөтлөгдөж байв. Ер нь радио, телевиз үүсэн байгуулагдсанаар хотол Монгол төдийгүй холын улс орны хүн төрөлхтний аж амьдралтай танилцаж эхэлсэн. Мөн телевизээс олж сонссоноо үнэний гол болгож байлаа. “Телевизээр тэгж ярьсан, тэр гэдэг хүн ингэж ярьж байна...” хэмээн айл саахалт, ойр тойрон хажуу хөршдөө дуулган суудаг нь МҮОНТ-ийн мэдээ мэдээлийн үнэ цэнэ байв. Тэрхүү үнэ цэнээ өнөөдөр ч энэ хамт олон алдалгүй бусдыг хошуучлан ажиллаж байгаа. Бидний хүүхэд ахуйд зурагтын талаар “Дөрвөлжин биетэй, дөрвөн хөлтэй, дотроо Батбаяр...” гэсэн "оньсого" хүртэл гарч байв. Энэ нь тухайн цагт  телевизийн нэр хүнд ард түмний дунд ямар өндөр хэмжээнд байсныг тодорхойлсон жишээ гэж ойлгогддог.

Үндэстэй мод ургаж төлжөөд, үр өгөөжөө өгдгийн жишгээр МҮОНРТ ч олон тоон дээр яригдах боллоо. МҮОНТ-ийн дэргэд спортын болон олон улсын гэсэн хоёр ч суваг нээгдэв. Үзэгчдийг өөртөө татсан цаг үеийн мэдээ мэдээллээр “дайлж”, оюуны цагааг тайлж буйд баярлууштай. Радиогийн дэргэд P3 FM радиогийн суваг нээгдэн, залуу сонсогчдын сонорыг мялааж байна. Тэдгээр нь өөрийн гэсэн өнгө төрхөө олж, дэвжиж хөгжихийн төлөө үүргээ нэр төртэй биелүүлж яваа. Түүнээс гадна хувийн олон арван телевиз  суваг,  МҮОНТ-ийн араас замнаж байна. Ууган телевизээс салаалсан мөчир, үндэслэсэн үр гэж бас тэднийг үзэж болохоор... Тус хамт олон 2017 онд түүхт 50 жилийнхээ ойг ёсчлон тэмдэглэсэн. МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь УИХ-аар 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулж, МҮОНТ-ийг бүрэн HD форматад шилжүүлэх ажлыг эхлүүлж, хүлээн авсан явдал байсан.

"Техникийн шинэчлэл бол телевизийн түүхэнд хийгдсэн хамгийн том ажил. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Студи 600, Студи 150-ийн иж бүрэн гэрэлтүүлэг, HD форматын камер, техникийн шинэчлэл, хальсгүй технологид шилжих төслүүдийг амжилттай хийж дуусгаад байна. Мөн түүнчлэн Монголын мэдээ сувгийн Мэдээний студийн гэрэлтүүлгийг шинэчилсэн..." гэдгийг МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц тэмдэглэн хэлжээ.

Энэ дашрамд www.zindaa.mn сайтын хамт олны зүгээс МҮОНТ-ийн үе үеийн ажилтан, албан хаагч, удирдлага, сэтгэл зүтгэл нэгт сэтгүүлчид, нэвтрүүлэгч, хөтлөгч, нийт уран бүтээлчдэдээ 51 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын ард түмнийг гэгээрүүлэн, оюуны хэрэгцээнд нийцсэн үнэн бодит мэдээлэл, чанартай нэвтрүүлэ, уран бүтээлээр цаг ямагт бэлэг барьж байхын ерөөл өргөе.

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.17.125) 2018 оны 09 сарын 28

UBTZ TOM BAIGUULLAGA GEED ONGIRDOG YUM BOLOHOOR UE UEIIN DARGA NARTAA UNETEI HAUS OGOSOOR IRSEN TER TUUHEE MARTAAD DARGA L OORIIN SHUNALAAR UNETEI HAUS AVSAN GEED PUREVBAATRIIG SERDEJ BAIGAAM

0  |  0
Top