“Хагарч бутарсан сэтгэлийн минь дээр
Хайртай гэдэг үг л бүтэн хэвээрээ үлджээ
Хамгийн гунигтай үедээ харж инээмсэглэж болох
Хайрламаар гэгээн хүн л зүрхэнд мөрөө үлдээжээ”
Энэ бол түүний тэрлэсэн дөрвөн мөрт. Миний хувьд тэр өөрөө хайрламаар гэгээн охин. Ховдын хязгаарт нэгэн бяцхан охин шүлэг тэрлэж, харин бид энд түүнийг нь шагшин магтаж байсан цаг саяхан. Өнөөдөр тэр гэрэлтэх ёстой цаг хугацаагаа эрэлхийлэн их сургуулийн олон оюутны нэг болжээ. Намар ирэхээр чинь дахиад ярилцнаа гэсэн амлалтдаа хүрч ийн ярилцлаа. Түүнийг М.Дэвээжаргал гэдэг.
-Ховдын хязгаараас их хотын амьдралд орж ирсэн сэтгэгдэл ямар байна даа. Дасаж байна уу?
-Нэг л дасаж өгөхгүй юм. Арван жилийн төсөөллөөс минь тэс ондоо байлаа.
-Чиний төсөөлөл ямар байсан бэ?
-Хурдхан оюутан болоод хотод очих юмсан тэнд, энд байгаагаас илүү сайхан зүйл хүлээж байгаагаар л төсөөлсөн дөө.
-Дээлэн дотроо жиндэж явахдаа аав минь
Нэг жилийг зуун жил шиг хүлээж байгаа
Жилийн энэ сард нуур эзгүйрэхэд
Жижигхэн биедээ ээж минь охиноо тээж суугаа
Сумынханы амьдрал нүдэнд ил өрнөж
Цаг хугацаа зүрхэн дотор хөгширнө
Гэртээ харих гэгээн мөрөөдөл
Гурван давхрын цонхоор шувуу мэт ниснэ...энэ шүлгийг чинь уншаад чамайг гэрээ, аав, ижийгээ их санаж байгаа юм байна гэж бодсон л доо. Би ч бас гэрээ, нутгаа орхиод ирж байсан цагийг бодохоор дийлэнх хүний л туулдаг зүйл шиг?
-Гэр орон, нутаг усаа санаж байгаа ч энд бас миний аав ээж, ах дүү шиг минь ханддаг яруухан хүмүүс бий. Энэ хотод гуниг хүртэл сэтгэлд жаргал нэмдэг юм байна
-Юу гунигтай, юу жаргалтай байгаа тухайгаа бидэнтэй хуваалцаач?
-Булан тохой бүхэн нь нүд юм шиг санагдахад бичсэн нэг шүлэг бий. Гэрээ санах, олон танихгүй харцтай өдөр болгон таарах. Манай сургууль хичээл сонголт хийдэг юм л даа, тэгэхэд нь би хичээлийн цагаа яруу найргийн дугуйланд явж чадахааргүй сонгочихсон байна лээ. Англи хэлний Батчимэг багш минь намайг ойлгоод хоёр удаа чөлөө өгсөн. Тиймээс баярламаар, хайрламаар хүмүүс олон байна. Хамгийн гунигтай зүйл гэвэл аргамжаатай морь адил тэнд байгаа өвсийг идмээр байвч тийшээ зүглэж чадахгүй хүслээ дарах л байна даа.
-Яруу найргийн дугуйлан гэхээр Чойномын нэрэмжит"Залуу нас" утга зохиолын дугуйлангийн тухай ярьж байх шиг байна. Дугуйлангийн эхний өдрийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Тийм ээ, тэд бол салж явмааргүй дэргэд нь шүлэг сонсоод суугаад л баймаар дулаахан хүмүүс шүү. Дугуйлангийн эхний өдөр дахин ирж чадахгүй байхвий гэж халгасан тийм л өдөр байсан.
-МУИС-ийн оюутан болох ямар байна даа. Хүмүүс Их сургуулийн гудамжны тухай эцэс төгсгөлгүй их түүх, дурсамж ярьдаг. Үнэхээр тийм түүх, дурсамж хөврөхөөр газар мөн байна уу?
-Хавар ангиа сонгоно. Их сургуулийн гудамжнаас одоохондоо надад гунигаас өөр зүйл олдоогүй л байна. Гуниг гээд ярихаар хүмүүс арван долоон насыг минь чамлаад байдаг. Арван долоон насанд ахдах гуниг гэж үгүй шүү.
-Гунигийг хүмүүс янз бүрээр л мэдэрдэг шүү дээ. Жишээлбэл, чи юунд хамгийн их гунигладаг вэ. Чи хэлсэн ш дээ, энэ хотод гуниг хүртэл жаргал нэмдэг гэж?
-1500 гаруй км цаана үлдсэн бүхнийг санаж гуниглана. Гуниглаад бодоход бүгдэнд нь хүрч болмоор ойрхон санагддаг. Тэгээд л гунигаа хүртэл жаргал юм шиг мэдэрдэг. Угаас надад хааяа ганцаардал л хань болдог.
-Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг дээ. 1500 км-ийн цаана суугаа ижий, аав нь чамайг сургуульд сурахаар явахад юу гэж захив?
-Дороосоо даарч болохгүй шүү ( хоолой өвдвөл мөддөө босож ирэхгүй), замаар гарахдаа болгоомжтой гараарай чи удаан шүү, хичээлээ сайн хийгээрэй гэх мэтийг захьсан.
-Чамайг яруу найрагчид их таньдаг болсон. Биеэр уулзах, сошиалаар харилцах хоёр өөр байх л даа. Тэдэнтэй уулзаж ярилцах ямар байна?
-Гар бариад хэдэн үг хэлэхэд нь би үгээ залгиж сандраад л, намайг тоож номоо дурсгаж байгаад нь их баярладаг. Тэр хүмүүс шиг бичдэг болоход надад цаг хугацаа хэрэгтэй.
-Энд ирээд олон шүлэг бичив үү?
-Үгүй ээ, тоотой хэдхэн шүлэг л бичсэн.
-"Хөхөөний үүр" киноны дууны шүлгийг бичсэн байсан. Хэрхэн бичих болсон тухайгаа ярьвал?
-Дууны үг бичих санал тавихад би хөдөө байсан. Энэ шүлгийг бичихэд би нэг их хугацаа зарцуулаагүй зүгээр л өөрийгөө ээж байсан бол гэж бодож л бичсэн. Кино зохиолыг нь ерөнхийд нь уншчихсан байсан болохоор үйл явдалтай нь холбогддог.
-Дуу болоод гарсных нь дараа сонсоход ямар мэдрэмж төрсөн бэ. Зарим хүмүүс дууны үг, яруу найраг хоёр өөр шүү дээ гэж ярьдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Дууны үг, яруу найраг хоёр тэс өөр, би ч бас тэгж бодоод өөрийгөө бичиж чадахгүй гэж бодож байсан л даа. Харин дуу болоод гарсных нь дараа анхных гэхэд сайхан л санагдсан.
-Яруу найрагт дуртай биш хайртай гэсэн үгийг чинь уншаад яруу найраг чиний хувьд чухам юу вэ гэдгийг мэдмээр санагдсан л даа?
-Яруу найргаас болж уйлж, догдолж, гуниглаж үзлээ. Дугуйлан дээр нэг охин “би зүгээр дуртай болохоороо энд ирсэн юм” гэж хэлэхэд би өөрийгөө үнэхээр их хайрласан. Би зүгээр нэг дуртайдаа биш хайртайдаа энд сууж байна гэж...
“Яруу найраг, энэ бол
Бусдаас өөр гунигаар үхэхийн нэр”... /Б.Б/ . Миний яг тэр гээд хэлж чадахгүй байгаад л түүний үнэ цэнэ оршоод байгаа юм.
-Ирээдүйн Дэвээжаргалын тухай чиний төсөөлөл?
-Намайг хүмүүс хотын цагаан охин болно л гээд байсан. Ирээдүйд ч би бор хэвээрээ л байх бололтой. Үүнийг л хэлж мэднэ. Амьдрал яаж эргэхийг мэдэхгүй шүү дээ.
-Энд ирээд олон ном бэлгэнд авсан байх. Хамгийн таалагдсан номынхоо тухай хуучлаач?
-Олон ном бэлгэнд авч бас өөртөө авч өгсөн Я.Баяраа ахын "Таслал" хэмээх ном үнэхээр их таалагдсан. Улаангомынхоо өвлийг үгүйлнэм... гээд л амнаас салахаа больсон доо.
-Сайхан мөртүүд сэтгэлд удаан хүлхэгддэг гэж үнэн бололтой?
-Тийм шүү! Одоо надад Ц.Доржсэмбэ найрагчийн номыг олж авах хүсэл байна.
-Бүгд л түүнийг хайрладагсан...?
-Харин одоо үүнийг уншаад л тэд санах байх даа. Их сургуулийн урд таараад мэнд асуухад, яруу найрагч Доржсэмбэ үү? гэж асуудаг найрагч ховор болсон гэж билээ.
-Хотын охид, хөвгүүд ямар санагдаж байна даа. Олон найз нөхөдтэй болов уу?
-Найз нөхөдтэй болоогүй ээ. Булбарай царайтай дэгжин дэгжин охид хөвгүүд.
-Яагаад тэр вэ, одооны залуучууд их нээлттэй болсон шүү дээ?
-Би тийм ч нээлттэй биш болохоор л тэр байх даа.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл ( 12 )
Mundag ohind amjilt husie
BUH SALBARIIN MERGEJLIIG ERONHIILON EZEMSHUULDEG SURGUUL BAIGUULMAAR YUM
Ховдын хязгаар гэдэг Манжийн үеийн хэллэг шүү дээ. Баян-Өлгийг Өлгийн хязгаар гэдэггүй л биз дээ. Эсвэл Увсын хязгаар Сүхбаатарын хязгаар гэж ярьдаггүй.
Өөрийнхөөрөө мундаг охин доо
за энэ Охин наснаасаа эрт Аавын цээж Ээжийн галбир суусан Том том ярьсан Хөдөөний багачуулын л нэг Төлөөл байна дөө
Яагаад 17 настан нь 40 настан нээх амьдрал үзсэн хүн шиг болчихсон юм бэ?