Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, төрийн нэрт зүтгэлтэн Г.Бумцэндийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олгосон “Алтан гадас” одонг гардуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт, тус сургуулийн 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алтан гадас” одон хүртээх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одонг тус сургуулийн туганд ёслол, хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн анхны сургууль, Монгол төрийн зүтгэлтэн Гончигийн Бумцэндийн нэрэмжит Сүхбаатар сумын нэгдүгээр сургууль нь 1938 онд хоёр багш, 20 сурагчтайгаар Цагаан эргийн бага сургууль нэртэйгээр үүд хаалгаа нээжээ. Тус сургууль 80 жилийн хугацаанд 257 бүлэгт 8200 гаруй сурагчийг төгсгөсөн ба төгсөгчдөөс нь хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналт 1, гавьяат цолтон 24, УИХ-ын гишүүн 6, доктор, профессор 55, дэлхийн аварга 2, олимпийн медальтан 2 зэрэг улс орныхоо өмнө үнэтэй гавьяа байгуулсан олон арван алдартан төрөн гарсан, улсдаа нэр хүндтэй сургууль болсон байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top