ТОЙМ: Эерэг тоотой, эсрэг зогсохыг сануулсан долоо хоног

2018 оны 09 сарын 29

Энэ долоо хоногийн эдийн засгийн онцлох үйл явдлууд шийдэл эрэлхийлсэн, нэгтгэн дүгнэсэн дүр зурагтай байгааг тодотгоё. Төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах “шинэ” чиглэлийн төсөл спикерийн ширээн дээр тавигдлаа. Засгийн тэргүүн ОУВС-ийн тэргүүнтэй уулзлаа. Азийн хөгжлийн банк манай эдийн засгийн маргаашийн зураглалыг харьцангуй өөдрөг харав. Орлогоо бүгдийг нь зарлага болгох бус хуримтлуулах тухай засаг шийдлээ. Гадаад худалдааг зохицуулах шинэ бодлого үгүйлэгдэж буйг талууд хүлээн зөвшөөрлөө.

Шокийн ЭСРЭГ ЗОГС


 ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхлээд жил дөрвөн сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтэд таван удаа үнэлгээ хийсэн. Зургаа дахь үнэлгээ аравдугаар сард хийгдэх ёстой. Тэгвэл тус сангийн төлөөлөгчдийг ирэхээс өмнө манай Ерөнхий сайд ОУВС-ийн тэргүүн К.Лагардтай уулзсан нь онцлох үйл явдал байлаа. Хатагтай К.Лагард  манай улсыг  гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулав.  Үүсч болзошгүй шокийн эсрэг ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэх ёстойг сануулсан юм.

ХҮҮ-г дарах арга  


Зээлийн ӨНДӨР ХҮҮ. Энэ бол бизнесийн эрхлэгчдийн хувьд ч, жирийн иргэдийн хувьд ч том дарамт байдаг.  Тэгвэл зээлийн хүүг бууруулах боломж байна уу, дэлхийн улс орнууд хэрхэн яаж хүүтэй ноцолддог вэ гэсэн сэдвийн хүрээнд энэ долоо хоногийн даваа гарагт мэргэжилтнүүд цуглаж ярилцав. Судалгаа хийснээ танилцуулав. Ерөнхийдөө бол зээлийн хүүг бууруулах хөрс суурийг төр хүсэх юм бол бүрдүүлэх боломжтой гэдэг дээр талууд санаа нэг байсан. Гол нь эдийн засгийн  макро түвшинд арга хэмжээнүүд авах ёстойг, инфляциа 5 хувиас ихгүй түвшинд барих, зээлжих зэрэглэлээ сайжруулах зэрэг шаардлагатай суурь нөхцлүүдийг бүрдүүлсний дараа хүүгийн хэмжээг  буулга  гэсэн шаардлагыг арилжааны  банкуудад тавих ёстой гэж байна. Зээлийн хүүг бууруулах үйл явц нэг л удаагийн шийдвэрээр хийгдчихдэг эд биш болох нь Польш Улсын туршлагаас харагдаж буй. Тус улс зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахын тулд дөрвөн удаагийн эдийн засгийн реформ хийжээ. Манай тухайд эхнээсээ төрийн зүгээс холыг харсан зохицуулалт хийж чадаагүй нь,  эдийн засгийн 95-аас илүү хувь нь банкнаас хамааралтай болсноос  харагддаг. Банкны эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн хэмжээ их байх тусам зээлийн өндөр хүүг бууруулахад төвөг учруулж байгаа юм.

Хадгалах САН


Уул уурхайгаас орж ирэх орлогыг хадгалах тухай сэдэл санаачлага найм есөн жилийн өмнөөс л яригдаж байв. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд хадгалж,  хураасан юмгүй. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн салбарын орлогоосоо хадгалах  шийдвэрийг гаргав. Хүний хөгжил сангаас дамжиж ирсэн өрийг барагдуулж, ирэх онд  “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум гаруй төгрөг хадгална. Цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулна гэнэ. Жил бүр нэг их наядыг цаашаа үнэхээр  хийж чадвал тун тустай. Гэхдээ сангийн зохицуулалт, хяналт зэрэг асуудал ямар байх нь дагаад яригдах ёстой. Сангийн хөрөнгийг өсгөх хувилбарууд бас хэрэгжих үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Монголын нүүрс Таманьд очих уу?


Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, Тамань далайн боомтоор гуравдагч зах зээл рүү гаргах тухай энэ долоо хоногт ажил хэргийн түвшинд яригдав. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар   ОХУ-д айлчлал хийхдээ  Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь  “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцаад  ирэв. Тавантолгойн ганц зах зээл нь Хятад биш гэдгийг нотлосон ийм чимээнүүд бидэнд үе үе ирдэг. Гэхдээ хэрэгжсэн нь үгүй тул Тамань боомтын тухай сэдэв хэдэн жилээр яригдах уу, хажуу дэргэд үнэхээр ирсэн үү гэдэг нь мэдээж асуултын тэмдэг дагуулна.

Төсвийн зарлагын реформ хийнэ

Ирэх оны төсвийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын даргад өргөн барив. Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдлээ.  2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцож оруулж ирэв.

Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж тусгасан байна.

Эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ


Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг Төв банкнаас  УИХ-д өргөн барилаа. Ирэх онд баримтлах Үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Мөн мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэх болно  гэж Монголбанкнаас мэдээлсэн юм. Өнгөрсөн 2 жилд манай улсын гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсан. Уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин алгуур сайжирч байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөв. Эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгаа ч Монголбанкны 2018 оны зорилтот түвшинд хадгалагдахаар байна гэлээ. Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатайг тусгасан байна. Түүнчлэн санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг институцийн хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.

Эдийн засгийг ЭЕРЭГЭЭР дүгнэв


Азийн хөгжлийн банк 4 дүгээр сард гаргасан тайландаа манай улсын  эдийн засгийн өсөлтийг  3.8 хувьтай байна гэж таамаглал дэвшүүлж  байсан. Тэгвэл тэдний таамаглалаас давсан өсөлт үзүүлснийг тус банкны  манай улс  дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен энэ долоо хоногт мэдэгдсэн юм.  “Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа”  гэж албан ёсоор байр сууриа илэрхийлэв. Оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт эмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой гэж дүгнэлээ. Энэ оны эцэс гэхэд манай эдийн засаг  6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэсэн таамаглалыг тэд шинэ тайландаа оруулсан байна. Эдийн засаг тэдний таамаглалаас давж өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг нүүрсний экспортын өсөлт, хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээтэй холбон харжээ. Эдийн засаг зарим хүчин зүйлсд мэдрэг хэвээр байх тул Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, ингэснээр эдийн засгийн шаардлагатай дархлааг бүрдүүлэн, тус улсад хэрэгжиж буй макро эдийн засгийн зөв зүйтэй бодлогууд цаашид ч үргэлжлэн хэрэгжих тухай ойлголтыг зах зээлд өгөх нь чухал.  Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд тус бодлогууд нь нэн чухал үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ.

Гадаад худалдааны ЯАМ хэрэгтэй


 “Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” сэдэвт  хэлэлцүүлэг баасан гарагт боллоо. Манай улсын хувьд үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх, экспорт нэмэгдэх зэрэг нь улсын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралд чухал нөлөөтэй. Гэсэн ч Монгол Улс өнөөдрийг хүртэл гадаад худалдааг тусгайлан хариуцсан төрийн байгууллага, яам, агентлаггүй, гадаад худалдааны цогц бодлогогүй явж ирснийг өчигдөр талууд хүлээн зөвшөөрцгөөв. Түүнчлэн Гадаад худалдааны яам байгуулах шаардлага нэгэнтээ тулгарсан хэмээн ярьцгаав. Гадаад худалдааны асуудлыг тусгайлан авч үзэж, ач холбогдол өгснөөр төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөц нэмэгдэх, эдийн засгийн бүтцийг өөрчлөх зэрэгт ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод онцоллоо. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн бодлогын зөвлөмж гаргах бөгөөд шийдвэр гаргагчдын ширээн дээр очих ёстой юм.

Э.Болорхажид 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khu(66.181.161.120) 2018 оны 10 сарын 01

Zuv!

0  |  0
Top