Долларыг доогуур жагсаах хүчтэй “АЛТ”-ны салбарын эргэн тойронд...

2018 оны 10 сарын 02

Алт бол ХАМГААЛАЛТ. Дэлхийн улс орнууд алт гэдэг үнэт металлаар эдийн засагтаа хамгаалалт хийсээр олон он жилийг үдэж байна. Тэргүүлэгч гүрнүүдийн Төв банкууд валютын нөөцийнхөө 60-75 хувийг алтаар бүрдүүлдэг нь, үүний тод жишээ. Манай улсын Төв банк ч алтны худалдан авалтаа нэмэгдүүлж валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Тэгвэл өнөөдөр Монголбанк, УУХҮЯ хамтран зохион байгуулж буй “Алтны форум” болж байгаа юм. Алтны салбар дахь хөгжлийн бодит боломжууд, бодлогын түвшинд хүлээгдэж буй шийдлүүд,  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх алхмууд юу байх вэ? Эдгээр асуудлууд өнөөдрийн форумаар яригдана гэсэн хүлээлт байна.

Форумыг угтан алтны салбарын гадаад, дотоод нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.

 

АЛТ дагасан АСУУДАЛ ба ШИЙДЭЛ  

Монголбанкны алтны нөөц 14.3 тоннд хүрээд байна. Энэ онд 22 тонн алт худалдан авах төлөвлөгөө бий. Аравдугаар сард  алтны тушаалт өндөр байдаг тул тоо хэмжээ өсөх тооцоолол ойр харагдаж буй. 2020 он гэхэд алтны худалдан авалтыг 25 тоннд хүргэх зорилт бас Төв банкинд байгаа юм. Алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлогыг эхэнд эрэмбэлж буй Төв банк Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  2.5 хувийн татварын хүчинтэй хугацааг 2024 он хүртэл 5 жилээр сунгах саналтай байгаа. Ийм санал бодлого боловсруулагчдын ширээн дээр очсон. Алтны салбарыг бодлого, эрх зүйн орчноор ингэж дэмжихтэй зэрэгцэн албан ёсны бүртгэлтэй, хариуцлага хүлээсэн компаниудаас ТУШААХ алтны хэмжээг нэмэгдүүлэх ёстой байгаа юм. 2017 онд Төв банкны худалдан авсан алтны 63 хувийг иргэд тушаасан бол энэ оны наймдугаар сарын байдлаар 65 хувийг нь иргэд тушаагаад байна. Алтны худалдан авалтад нөлөөлж ирсэн гол хүчин зүйл бол хууль эрхзүйн орчин гэдгийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх хэлж байв. 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль,  алтны олборлолтын хэмжээ зэрэг нь алтны тушаалтын хэмжээг уруудуулж ирсэн. 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол  2010 онд 2.1 тонн болтлоо буурсан. Гэтэл тэр үед алт ханшийн хувьд өсөлттэй байсан байдаг. Худалдан авалтын ханш өсөлттэй байхад алт хууль бусаар гадагшилдаг дүр зураг давтагдаж иржээ.


Асуудал юунд байна вэ гэдгийг энэ мэтчилэн тодорхойлж харж буй нь нааштай алхам. Энэ сард Баянхонгор, Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа. Энэ нь алтны гарал үүслийг тодорхой болгоход нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд хэлж буй. Алт нийлүүлэлтийн сүлжээ үүсээд олон жил болж байна. Тэгвэл сүлжээг албажуулах шаардлага зайлшгүй дагаж байна. Эдгээр асуудлуудыг өнөөдрийн форумаар ярих биз ээ.

Дэлхийн улс орнуудын АЛТ-ны бодлого

Дэлхийн улс орнууд шар металлыг байж болох хэмжээгээр үүцлэхийг эрмэлзэж ирсэн. Улс орнуудын төв банкуудын алтны худалдан авалт өссөн үзүүлэлтүүд харагдаж байгаа юм. 2017 онд төв банкуудын алтны нөөцийн хэмжээ 371.4 тонноор нэмэгдсэн. Манай хойд хөрш он гарсаар 106 тонн алтаар нөөцөө нэмж, нэгдсэн дүнгээр 2000 тонн алттай болсон гэх албан тоо бий бол өмнөд хөршийн тухайд байгаль орчны салбар дахь бодлогын нөлөөллөөс үүдсэн бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа юм. Ер нь бол Орос, Хятад, Энэтхэг зэрэг орнууд  валютын нөөцөө ам.доллараар  бус алтаар баталгаажуулах эрмэлзэл өндөр байгаа нь, ноён долларын эсрэг авч буй бодлогын илэрхийлэл. Хөгжиж буй орнууд үндэснийхээ валютын дархлааг өсгөхийг чухалчилж байна.


Төв банкуудын алтны худалдан авалтын хэмжээг харьцуулан харвал  Оросын Төв банк 2017 онд 223 тонн алтаар нөөцөө нэмэгдүүлснээр, эхэнд эрэмбэлэгдэж байна. Тус улсын Төв банк алтны худалдан авалтаа нэмэгдүүлж, эдийн засгаа тогтворжуулж, рублийн ханшийнхаа дархлааг дэмжиж байна.  Харин Оросын араас Туркийн төв банкны худалдан авалт бичигдэж таарах нь. 187.7 тонн алт худалдаж авсан нь, өмнөх оныхоос 21.8 хувиар нөөцөө нэмэгдүүлсэн үзүүлэлт. Тэгвэл Туркийн дараа Хятадын худалдан авалтын хэмжээг тодотгоё. Тус улсын Ардын банкны алтны нөөц 2017 оны эцсийн байдлаар 1842.6 тонн болсон байгаа юм. Хятад улсын тухайд ам.долларын цэвэр нөөцөөрөө бол дэлхийд нэгдүгээрт бичигдэж ирсэн. Гэхдээ валютаараа алт худалдан авах бодлогыг барих болсон юм.

Дэлхийн ДНБ-ий 20 орчим хувийг дангаараа эзлэж ирсэн Америкийн тухайд Холбооны нөөцийн сан нь валютын нөөцийнхөө 75 орчим хувийг алтаар баталгаажуулж байна. Тус улсын хувьд ам.долларынхаа ирээдүйг бодож, шар металл руу бусад улс шиг шуурахгүй хандлагыг барьж байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top