Сирийн дүрвэгч Линдси Лоханыг алгаджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Жүжигчин Линдси Лохан удаан хугацаанд архинд донтох өвчнөөр шаналсан билээ. Үүнээс болж түүний жүжигчний карьер нь унаж, Линдси өөрөө янз бүрийн дуулиан шуугианд өртөх болсон юм. Жүжигчин бүсгүй найз залуутайгаа зодолдож, гэнэтийн ойлгомжгүй байдлууд гарган согтуугаар машин жолоодож 14 хоногийг шоронд өнгөрүүлж байсан билээ.

Линдси жилийн өмнөөс уухаа больж, исламын шашинтай болон шинэ амьдрал эхэлсэн юм. 32 настай жүжигчин Миконос аралд очиж наран шарлагын газар болон “Lohan Beach House” гэх клуб нээжээ. Мөн хүмүүнлэгийн үйлст оролцож, Оросоос хүүхэд үрчилж авахаар төлөвлөж байгаа аж. Гэвч сайн үйлс хийх гэсэн түүний санаа мөн л дуулиан тарьжээ. Линдси саяхан “Instagram”-даа шууд видео бичлэг хийсэн байна. Бүсгүй уг бичлэгт машинаасаа бууж хоёр хүүтэй гэр бүл дээр очжээ. Линдсигийн ярьснаар тэд Сирийн дүрвэгсэд байсан аж. Тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа орон гэргүй тэдэнтэй жүжигчин бүсгүй хэсэг зуур ярилцаж байгаа нь шууд бичлэгт гарчээ. Линдси нэг хүү рүү нь ойртож очиход хүүхдүүдийн ээж түүнийг алгадах чимээ гарсан байна. Удалгүй Линдси хацраа даран кадрт үзэгджээ. Жүжигчин бүсгүй уг бичлэгийг “Instagram”-аасаа устгасан байна. Бичлэгт гарсан газар хаанах болох нь тодорхой бус байгаа ч Холливудын “TMZ” сайтын мэдээлснээр энэ явдал Москвад болсон байх магадлалтай гэнэ. Түүнчлэн жүжигчин бүсгүй одоо Парист байгаа учир дээрх явдал Францад болсон байх магадлалтай гэж хүмүүс таамаглажээ.

Линдси болсон явдалд их гайхаж цочирдсон талаар ойр дотныхон нь ярьсан байна. Жүжигчин бүсгүй дүрвэгч хүүхдүүдэд санаа тавьж, эцэг эхэд нь туслахыг хүссэнээ хэлжээ. Сирийн дүрвэгсэд тусламжаас татгалзахад Линдси хүүхдүүдийг нэг шөнө ч гэсэн дулаан газар аваачихыг хүссэн байна. Тэрбээр хүүхдүүдийг маргааш нь эргүүлэн авчирна гэдгээ тодорхой хэлсэн ч эцэг эх нь түүн рүү уурлаж, итгээгүйд ихэд гомджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top