“Дордохын долоон өөрчлөлт”-ийг ”анагаах” сонирхол байна уу ?

2018 оны 10 сарын 04

 Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батласан цагаас хойш 2000 онд нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа бидний нэрлэдгээр “Дордохын долоон өөрчлөлт” хийснээр төрийн тогтолцоонд гажуудал үүссэн гэж үздэг. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн өөрчлөлт багтсан нь одоо олон нийтийн анхаарлын төвд буй. Тиймээс төрийн тогтолцоонд буй болсон гэх гажуудлын тухайд дурдах гэсэн хэрэг.

Ямартай ч УИХ-ын зарим гишүүд, иргэд олон нийтийн зүгээс Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гэсэн гурван институцийг бие биенээсээ хараат бус байх, бие даасан эрх мэдлийг нь хэрэгжүүлэх боломж олгох шаардлагатай байгааг дуулгасан. Тухайлбал, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, улс орны ачааг үүрч байгаа гүйцэтгэх засаглалын хувьд илүү бие даасан байдалтай байх, УИХ-ыг илүү мэргэжлийн талдаа, хууль тогтоох чиглэлд нь төвлөрүүлэх, томилгооноос хол байлгах, Ерөнхийлөгчийг Гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдахгүй байх гол үндсэн гурван чиглэлийг барьж ажиллахыг чухалчилж байна.

Тэгэхээр Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт нэрээр завхруулж байгаа энэ нэмэлт өөрчлөлтийг засах сонирхол дээрх гурван институцид байна уу, үгүй юу гэдэгт хамаг учир бий. Тэр тусмаа УИХ-ын гишүүд Засгийн газрын томилгооноос холдож, Гүйцэтгэх засаглалын ажлаас хөндийрөх хүсэлгүй байгааг нуух хэрэггүй. Ерөнхийлөгчийн хувьд ч зөвхөн “бэлгэ тэмдэг” байхыг хүсдэггүй аж.      

Жишээ дурьдахад, сүүлийн 20 гаруй жилд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өндөрт “өргөх” замаар 40 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байдгийг албан эх сурвалж хэлсэн. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан дээрх 40 гаруй хуулийн заалтыг эргэн харах цаг нь болсон гэж үзжээ. Учир нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг “өргөх” хуульд Үндсэн хуулиа зөрчсөн маш олон зүйл заалт байдаг аж. Тэгэхээр хуульд тэдний эрх үүрэг ямар оролцоотой байдаг талаар дурдая.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” гэж заасан нь бий. Тус хуулийн 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж зааснаас харвал Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын болон УИХ-ын ажил хутгалдахгүй байхыг “эцэг” хуулиар заагаад өгчээ.  

Тэгэхээр зөвхөн нэг өөрчлөлтийг аваад үзье. 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн өөрчлөлтөөр УИХ-ын тухай хуулийн 11.1.4-т “Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах” гэсэн заалтыг оруулж өгссөн нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан эрх үүргээс хазайлгаж өгсөн байна.

Үндсэн хуулийн 28 дугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн хэдий ч Ерөнхийлөгч нь Засгийн газартай хэрхэн харилцах талаар Үндсэн хуульд мөн тодорхой зааж өгсөн байдаг. Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн нэгдүгээрт, “Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна” гэж зааснаас бус Ерөнхийлөгч шийдвэр гаргана гэсэн зүйл заалт алга.

Мөн хуулийн хоёрт “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа Ерөнхийлөгчид тухай бүр урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээхээс бус тухайн асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бас алга. Харин Ерөнхийлөгчийн зүгээс “Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцож, саналаа илэрхийлж болох бөгөөд хэрэв өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлэх үүрэг хүлээнэ” гэсэн байна. Мөн Ерөнхийлөгч нь улс орны эрх ашиг, үндэсний эв нэгдэлд халтай хуулийн зүйл заалт байвал хориг тавих эрх үүргийг хуулиар хүлээдэг байна.  

Тэр ч бүү хэл тус хуулийн тавдугаарт, “Ерөнхий сайд уг зарлигийн төсөлд тодорхойлсон заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна” гэсэн заалтаас харвал Гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх эсэхээ бие даасан байдлаар шийдвэрлэж болох аж. Үндсэн хуульд заасан эрх үүргээс харахад Ерөнхийлөгч маань ийм л хууль эрх зүйн орчинтой.

Харин УИХ-ын хувьд “төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэжээ. Товчхондоо, УИХ нь хууль тогтоох дээд байгууллага болохоос бус Засгийн газрын томилгоо болон бусад томилгоонд оролцоод байх язгуурын хууль алга. Тэгэхээр 2000 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт буюу “дордохын долоон өөрчлөлт”-ийг дор сийрүүлэв.                        

1.Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ.

2.Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганы хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуулыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулж, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн нь УИХ-ын гишүүд чуулгандаа ирэх нь ховордсонтой холбоотой өөрчлөлт юм.

3.Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн асуудлыг босгосон.

4.Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан.

5.Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг эхний хэсэг хэвээр ”УИХ-ын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. Бүлэггүй гишүүний дэд даргаар сонгогдох эрхийг хассан гэх шүүмжлэл дагууллаа.

6.Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг эхний хэсэг хэвээр үлдээж, “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмсэн. Хэрэв санал зөрвөл Ерөнхийлөгчийн “дээгүүр алхах” эрхийг 2000 оны нэмэлтээр нээж өгчээ.

7.Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top