Балгас болсон байшингийн түүх
Монголд цорын ганцхан байдаг Байгалийн түүхийн музейн барилга балгас шиг дүр зурагтай болоод бараг таван жилийн нүүр үзэж байна. Өдгөө барилгын хойд хэсэг буюу “Б” блокны хэсгээс суурь нь суулт өгсний улмаас даралтын хүчинд хана нь “бүлтэрч” нурж эхэлжээ. 1954 онд анхлан баригдсан түүхт музейн барилга ийм болтлоо нурж эхлэхэд өнгөрсөн зуны усархаг бороо ч нөлөөлсөн бололтой. Барилгын элэгдэл 99 хувь хүрсэн гээд боддоо. Машины эд ангиар бол бүрэн элэгдэж дууссан, дахин ашиглагдах боломжгүй болсон гэсэн үг. Уг нь бүр 2013 онд "Ашиглах боломжгүй" гэж актлагдсан энэ музейн босгоор алхах гадна, дотны гийчдийн тоо мэдээж хэрэг эрс багасчээ. Багассан ч гэж дээ бүр тасарсан.
Яг өнөөдрийн байдлаар Байгалийн музейн барилгын урд хаалганы 10 гаруй тонн жинтэй нүсэр баганууд ёроолоосоо суулт өгөөд эхэлчихсэн байгаа. Нурж ойчвол ямар аюул дагуулах нь харахад л тодорхой. Гадаадын жуулчдын сонирхлыг татдаг Байгалийн музей 65 жилийнхээ босгон дээр барилгатай байх уу, үгүй юу гэдэгтээ тулсан сууна гэдэг харамсалтай. Байшингийн дээвэр дагуу суурилуулсан тус бүр нь 10-14 кг жин бүхий 200 шахам чимэглэл эхнээсээ унаж, тогтоох боломжгүй болж эхэлснийг ажилчид ярилаа. Байшингийн ойр дэргэдүүр явсан хүний дээрээс унаж, амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй учраас тус музейнхэн тодорхой зайд хамгаалалт болгож төмрөөр хашаалжээ. Энэ нь аюулыг бүрэн арилгасан гэсэн үг биш. Шинэ барилгатай болсон гэсэн ойлголт бүр ч биш юм.
Анхны төсөв 26 тэрбум төгрөг
Актлагдсан барилгыг барих тухайд бас ч гэж үе үеийн салбарын сайдууд, зарим Ерөнхий сайд анхаарал хандуулж иржээ. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д 2018 оны нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр 16 асуудал шийдвэрлүүлэхээр болсны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг буцалтгүй тусламжаар барьж өгөх асуудлыг судлахаар тусгасан юм байна. Барилгын анхны шинэ зураг төслийг “Балдан С” компани гаргаж байсан бөгөөд долоон давхар барилгын нийт өртгийг 26 тэрбум төгрөг байхаар тооцож байж. Энэ нь 2014 оны ханш юм. Ингэхдээ одоогийн байгаа 0,3 га буюу 3200м2 талбай дээр барихаар төсөөлжээ. Хожим Монголын талаас холбогдох албаныхан Япон, БНСУ-ын Засгийн газарт хандахад, Өмнөд Солонгосын талаас Байгалийн түүхийн музейн барилгыг барьж өгөхөөр тохиролжээ. АСЕМ зохион байгуулагдах үед буюу 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ “Монголчуудад Байгалийн түүхийн музейг буцалтгүй тусламжаар барьж өгнө” хэмээн амлаж байсныг сануулъя. Гэвч байдал удалгүй өөрөөр эргэсэн. 2017 онд БНСУ-ын ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч, шинэ Ерөнхийлөгч, Засгийн газар бүрдсэн учраас асуудлыг дахин танилцуулахаас аргагүйд хүрсэн ба хэсэг замхарсан энэ ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд нааштай явуулахаар ярилцсан гэдэг. Гэхдээ яарахгүй л бол тун удахгүй Монголын байгалийн түүхийг агуулдаг энэ барилга нурж унах тун дөхсөнийг сануулахаас аргагүй байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газар сонгосон удаатай
БНСУ-ын ерөнхийлөгч нэгэнт амласан учраас тэндхийн Засгийн газраас 12 хүний бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг Монголд ирж, Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих газрын эрэлд гарч байсан юм. Солонгосчууд 3 га газар л шаардлагатай. Буцалтгүй тусламжаар сайхан барилга бариад өгье гээд байдаг. Харин манай зүгээс тоймтой хариултгүй явсаар одоогийн байгаа газар дээр барина гэсэн байр суурьтай хандаж иржээ. Тус Ажлын хэсгийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 га газар сонгож, хотын удирдлагад хандсан боловч зөвшөөрөөгүй. Хотын удирдлагад татгалзах ямар шаардлага байсныг мэдэхгүй ч хэрэв барилга барих зөвшөөрөл олговол араас нь өөр барилгууд баригдана гэсэн болгоомжлол байсан болов уу гэсэн таамаг өдгөө ч байдаг аж. Албан ёсоор бол “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатарын хүн амыг усаар хангадаг гүний усны худаг бий” гэх тайлбар өгч байжээ. Гадаадын улс орнуудад Байгалийн түүхийн музей нь хотынхоо төвд Засгийн газрын ордонтойгоо зэрэгцээ биш зайдуу, өвс, ургамал бүхий ёстой л байгаль дундаа байх нь элбэг аж. Солонгосчууд Байгалийн түүхийн музейн барилгыг буцалтгүй тусламжаар зураг төслийг нь гарган, барилгын ажлыг гүйцэтгэж дуусахад нийт 53 сая ам.доллар зарцуулна хэмээн төлөвлөж байсан юм.
60 жилийн хугацаанд 12 тэрбум төгрөгийн ашиг олсон
Байгалийн түүхийн музей гадаад, дотоодын жуулчид, гийчдийн хөл хөдөлгөөн тасардаггүй газрын нэг байсан. Байсан гэдгийг одоо өнгөрсөн цаг дээр ярьж буй нь харамсалтай. Жилд гадаад, дотоодын 100 мянгаад хүн энэ музейг үздэг. Том хүнд 5000, хүүхдэд 1000 төгрөгөөр үйлчилдэг. Ингэж тооцохоор улсын төсөвт ордог байсан 160 сая төгрөгийн орлого /Жил бүр/ таван жилийн турш тасарчээ. Тухайн хугацаанд барилга баригдсан бол тодорхой хэмжээнд алдагдлаа нөхөөд явах байсан нь гарцаагүй. 60 жилийн хугацаанд Байгалийн түүхийн музей улсын төсөвт одоогийн ханшаар бодоход 12 тэрбум төгрөгийн орлого оруулсан гэх тооцоо хэлж байна. Тиймээс Байгалийн түүхийн музей шинэ барилгатай болоход буруудах зүйлгүй мэт. Аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг дэлхий нийтээр эрхэмлэх болсон энэ цаг мөчид Байгалийн түүхийн музейнхээ барилгыг “амь”-тай байлгах нь соёлоо хамгаалах чухал асуудал болоод байна. Засгийн газар ч анхаарлаасаа хөндийрүүлмээргүй байна. Юутай ч Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Байгалийн түүхийн музейн барилга барих асуудлыг уг нь оруулсан. Мартчихгүй л бол. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл, урлагийн ажилтны улсын II зөвлөгөөн дээр 2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд хэлсэн үгэндээ Байгалийн түүхийн музейг барих тухай дурьдсаныг ч бас илүүдэх юун дахин сануулъя.
Үзмэрүүдээ хаягжуулж, хамгаалахад 360 хоног зарцуулсан
Байгалийн түүхийн музейн барилгын тодорхой хэсэг нь нурж, муудаж эхэлсэн болохоос тэнд хадгалагдаж буй гадна, дотны олон мянган хүний нүд хужирлагдаг 12 мянга гаруй үзмэр дагаад ашиглалтаас гарч, хүн харахын эцэсгүй болсон гэсэн үг биш. Онцолж зорих олны хөл татарсан хэдий ч гаднаасаа “балгас” мэт харагдах болоод удаж буй Байгалийн түүхийн музейн дотоод ажил хэвийн “шахуу” хэмжээнд үргэлжилж байгаа гэдгийг ажилчид нь хэлэв. Шахуу гэдэг нь нийт 42 хүний орон тоотой боловч түр зогсолтод хамрагдсанаар өнөөдрийн байдлаар 29 хүн л ажиллаж буйтай холбоотой. 12 мянга давсан тоотой үзмэрээ хаягжуулах, төрөлжүүлэх, хамгаалалтын сав, хайрцагт хийж, фонд буюу аюулгүй газарт зөөвөрлөхөд музейн ажилчид бүтэн нэг жилийг зарцуулжээ. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хуучирсан үзмэрүүдээ сэргээн засварлах, амьтан, ургамлаар үзмэрийн сангаа баяжуулахад анхаарал хандуулж байгаагаа ч ярилаа. Тухайлбал, 1000 орчим үзмэрийг шинээр болон сэргээн засварласан байна.2019 онд 65 дахь жилтэйгээ золгох Байгалийн түүхийн музейн барилга бодит байдалд ийм асуудалтай байна.
Д.Дамдиндорж
Сэтгэгдэл ( 10 )
Засвар хийгээч дээ 1800 онд баригдсан Богд хааны ордон байж л байгаа үүний цаана чанаргүй барилга барих барилгад жил тогтоох тархи угаал явагдаад байна
Sergeen zasvarlaj bolno l gej bodoj baina.Olon zuun jil bolson barilgig tordood zasvarlaad boloid l baidag biz dee.Manaihan, mongolchuud haashaa ch bolchihson yum buh l zuiliig bolohgui l talaas ni yarih yum.Ingej udaan bailgaj baihaar tuuhiin saihan barilgaa zasmaar yumaa.Uchnuun siireg tolgoitoi arhitektoruud baigaa biz dee.Nuraah l yum yarihaas sergeene gej yarihgui shuu.
xurdan yumaagargaad suurin deer ny tom muzei barik xeregtei
Засвар авах байшин шүү дээ .Энэээс эртний барилга байж л байгаа сэтгэл,хүсэл нь залхуурсаны гай ...
энэ байтугай барилгыг сэргээн засварладаг. уг нь байж бвал түүхийн нэг хэсэг болох юм даа. цаад санаа нь ердөө газар нь шүү дээ.
энд үзүүлсэн зураг бол шавар унасан, усны хоолойгоо засаагүйгээс мөн шавар унасан зургууд байна. нурах ямарч аюул алга, ингэж сүрдүүлж,мөнгө идэх гэсэн арга
Muzei tyyh baylag bol ylasiin dotorhi ynet erdene?Muzeigeen anhaaraachee?Noyod oo!!!!
ГАДААДАД ДУНД СУРГУУЛИУД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР СУРАГЧДАДАА БАЙНГА МУЗЕЙ ҮЗҮҮЛЖ БАЙДАГ. НЭГ ТАЛААРАА МУЗЕЙД ОРЛОГО ОРУУЛЖ, НӨГӨӨ ТАЛААРАА ИРГЭДДЭЭ МЭДЛЭГ ӨГЧ БАЙГАА ЮМ. МАНАЙД ЭНЭ ТАЛААР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ.
Germand ertnij tuuhtei baishin barilhga aa hamgaalj, uls n bolj ogvol tuuh ee hadgalj uldeh zorilgotoj uls n ajildag, mongo ch nileed zartsuuldag, tord, hotyn darga nar n ch o dor uhamsartaj. Mongolchuud huuchi, tuuh bolson (hotod bairlah) gazaryg n zarah gej, mongonoosmoor jum bodohoo baitsan torijn bolood hotyn darga nar mongoloos oor bhgui.
манайх шиг Музейгээ тоодоггүй Өв соёлруугаа довтолж Эвдэлж сүйтгэдэг Эрх баригчид Олигархуудтай Улс орон хаа ч байхгүй дээ