У.Хүрэлсүхийн НЭГ ЖИЛ: Таван САЙН ба ТААГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас Ерөнхий сайдын суудалд дэвшсэн У.Хүрэлсүх ажлаа хүлээж авснаас хойш бүтэн жил өнгөрчээ. Тэрбээр 2017 оны яг энэ өдөр Засгийн газрын тэргүүнээр томилогдож, танхимаа бүрдүүлж эхэлсэн байдаг. У.Хүрэлсүхийн удирдсан өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Н.Цэрэнбат, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Н.Энхболд, Х.Баделхан, Ц.Цогзолмаа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Б.Батзориг, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нар багтсан нь өнгөрсөн жилийн хугацаанд сайн, муу шүүмжлэл аль, алийг нь дагуулжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ТАВАН сайн, ТАВАН шүүмжлэл дагуулсан таагүй ажлыг нэрлэж байна. Энэ удаагийн Засгийн газар гадаад харилцаа, худалдааны маш таатай нөхцөлд ажилласан тул бидний тодруулсан 5 САЙН ажил гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдсэнийг онцолж байна. Харин 5 ТААГҮЙ ажлаар бид иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөө үзүүлж байгаа үйл явдлуудаас түүвэрлэж авлаа. Энэ нь олон нийтийн хандлага дээр тулгуурласан үзэл бодол гэдгийг онцлоё. Үлдсэн дүгнэлтийг уншигч та ч мөн өгч болно.


ЗАСГИЙН ГАЗРЫН 5 САЙН 

1. АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын тусламж

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад үзүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулсан. Уг санхүүжилтээр хамгийн сүүлийн үеийн бохир ус цэвэрлэх байгууламжийг суурилуулж, Монгол Улс хаягдал усыг дахин боловсруулах менежментээрээ Төв Азийн загвар орон болох боломжтой юм.

 2. Төв цэвэрлэх байгууламж  

 Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болсон Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлэв. Нийт 300 сая ам.доллараар баригдах Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 2020 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж өдөрт 250 мянган метр куб ус хүлээн авах хүчин чадалтай байх юм. Үүн дээр хуучин цэвэрлэхийн хүчин чадлыг нэмбэл 410 мянган метр куб усыг хүлээж авах боломжтой болно.

 3. Нефть боловсруулах үйлдвэр

Олон жилийн турш мөрөөдөл төдий байсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг 2018 оны зургадугаар сарын 22-нд тавив. Энэхүү үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг нь тавьсан билээ. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. 

4. Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хөрөнгө босгох ажил сүүлийн шатандаа ороод байна. Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Иорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажил ерөнхийдөө хангадаад байгаа. Үндсэндээ дээрх хоёр биржээс сонголтоо хийснээр IPO хийх ажил бодитоор хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд улсын төсөвт 285 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа.

 5.  Монголын “Эрдэнэт үйлдвэр”

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ХК 100 хувь Монгол Улсын өмч болоод удаагүй байхад У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан. Хэдийгээр уг шийдвэр шүүхийн маргаан дагуулаад байгаа ч Засгийн газрын зоригтой шийдвэрээр төрд шилжих үйл явц өрнөсөн билээ.  

ЗАСГИЙН ГАЗРЫН 5 ТААГҮЙ

1. Утааны эсрэг урагшгүй бодлого

Энэ Засгийн газар утаанд 200 тэрбум зарцуулна. Хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламж болон БНСУ-аас 0,2 хувийн хүүтэй зээлж байгаа 500 сая ам.долларын хөрөнгөөс гаргахаар болсон. Энэ хөрөнгө бага мөнгө биш боловч утааны эх үүсвэрийг арилгахад бус утаанаас гарах үр дүнг бууруулахад зарцуулахаар шийдвэрлэсэн явдлыг муу жишээгээр нэрлэж болохоор. Дээрх хөрөнгийг агаар цэвэршүүлэгч болон утаа шүүгч төхөөрөмж, цахилгаан халаагуур нийлүүлэх ажилд зарцуулах болсныг иргэд шүүмжилж буй.

2. Удаашралтай ипотекийн зээл

Иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлдөг учраас ипотекийн зээлийг таагүй жагсаалтад оруулав. Хэдийгээр Засгийн газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкнаас 220 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа, эрх баригчдын зүгээс ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэж байгаа боловч зах зээлд борлогдоогүй 10 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байгаа нь уг ажлын явцад шүүмжлэлтэй хандахад хүргэж байгаа юм.  

3. Хяналтгүй ам.доллар, бензиний үнэ

Өнөөдөр айл өрх, аж ахуйн нэгжүүд зөвхөн төгрөгийн ам.доллартай харьцах ханшны өсөлтөөс болоод ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ам.долларын ханш өнөөдөр 2561 төгрөг болжээ. 2016 онд 1.2 хувьтай байсан инфляци өнөөдөр 8.8 хувьтай буюу 6.6 хувиар өсчээ. Энэ нь иргэд 10 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлээ 16600 төгрөгөөр худалдаж авдаг болсон гэсэн үг. Мөн бензин, шатахууны үнэ ихээр өссөнийг дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. АИ92 бензиний үнэ жилийн өмнө 1530 төгрөг байсан бол өнөөдөр 1820 төгрөг буюу 19 хувиар нэмэгдсэн байна. Дизель түлшний үнэ 30 хувиар өслөө. Тэгэхээр иргэдийн бодит орлогод энэ бүхэн таагүй нөлөө үзүүлж байгаа нь өдөр тутам тулгарч байгаа асуудал болоод байна.

 4. Монгол Улсын гадаад өр

Хэдийгээр ОУВС-гийн хөтөлбөр үргэлжилж, Монгол Улсын зээлжих зэрэглэл эерэг болсон ч Монгол Улсын гадаад өр нэмэгджээ. Засгийн газрын өр 16.6 их наяд төгрөг байснаа 22.6 их наяд төгрөгт хүрсэн гэх мэдээллийг сөрөг хүчний зүгээс өгч байгаа. Зургаан их наяд төгрөгөөр өссөн гэсэг үг. Засгийн газрын өр ийм бол Монгол Улсын гадаад өр нийтдээ 27.7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн хугацаанд 3.5 тэрбум ам.доллараар өсчээ. Энэ их өр Дотоодын нийт бүтээгдэхүүнийг яаж тооцсоноос шалтгаалж өөр гарч байгааг судлаачид ярьсныг онцлох нь зүйтэй байх.  

5. Нимгэрдэггүй давхар дээл

У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн. Өөрөөр хэлбэл, сайд нар нь бүгд ДАВХАР ДЭЭЛТЭЙ . Энэ сул талаа тайлбарлахдаа “Ерөнхий сайд гэдэг засгийн 50 хувь, тэгэхээр энэ засгийн 50 хувь нь парламентын гадаа байгаа” хэмээж буй. УИХ-ын гишүүдээс бүрдсэн гүйцэтгэх засаглалд УИХ өөрөө хяналт тавьж чаддаггүй дутагдал бий. Тиймээс ЗТХЯ-нд өрнөсөн үйл явдлаас улбаалж сайдын суудлаа өгсөн Ж.Бат-Эрдэнийн үйлдэл хэдийгээр улс төрийн соёлын хувьд зөв үйлдэл гэж харагдах боловч дараагийн сайд дахиад  Их хурлын гишүүн байх магадлал өндөр байгаа. 

 


 

Эргэн сануулахад, 2017 оны аравдугаар сарын 04-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг батламжилж байв.

Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн оролцоогүй юм. Тодруулбал, өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гишүүд У.Хүрэлсүхийг дэмжээгүй. МАН-ын хувьд Ерөнхий сайдаа батламжлах асуудал дээр анх удаа ингэж хоёр хуваагдсан үзэгдэл болсон. У.Хүрэлсүхийг батламжлахын тулд анхнаасаа түүний талд явсан 33 гишүүн дээр нэмэх нь Ардчилсан намын найман гишүүн болон О.Баасанхүү нар хурлын ирцийг бүрдүүлж, Ерөнхий сайдыг 100 хувийн саналаар батламжилсан билээ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжилсны дараа УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүн Я.СанжмятавЕрөнхий сайд, Та одоо бол цөөнх шүү. АН-тай хамтарч олонхи болж байж, Ерөнхий сайдаар сонгогдлоо” гэж хэлж байсан удаатай.

 

Б.ЭРХЭС, М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN


 


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН(172.68.255.86) 2018 оны 10 сарын 04

ТӨРИЙН ОРДОНД ХҮН ҮХСЭНД ХЭН Ч ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ ЮУ ТЭЭ

0  |  0
МАН гишүүн(66.181.185.67) 2018 оны 10 сарын 04

32 дэмжээгүйг ард олон мэдэж байгаа .32-оос тавигдсан мэргэжлийн бус сайд нар чинь Хариуцлагасүхийн засгийн газрыг татаж унагах гээд байна шүү дээ.Сарангэрэл,Батзориг нараасаа салаач ээ

0  |  0
МАН гишүүн(66.181.185.67) 2018 оны 10 сарын 04

32 дэмжээгүйг ард олон мэдэж байгаа .32-оос тавигдсан мэргэжлийн бус сайд нар чинь Хариуцлагасүхийн засгийн газрыг татаж унагах гээд байна шүү дээ.Сарангэрэл,Батзориг нараасаа салаач ээ

0  |  0
иргэн(172.68.253.161) 2018 оны 10 сарын 04

Нээрээ л үнэн дээ 32 дэмжээгүй биздээ.Хамгийн ичгэтэрээр Есайд болсон байна даа.Түүхэнд бичигдэх юм байна даа.Одоо яг тэр түүхээрээ л огцрох нь үнэн болжээ.

0  |  0
Сүрэн(202.70.47.158) 2018 оны 10 сарын 04

Төв цэвэрлэх байгууламж гэж Баасанхаан л баахан хоосон хуцахаас бүтсэн юм огт алга.

0  |  0
Богд(202.70.47.158) 2018 оны 10 сарын 04

1.ЗОРИГЫН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛСАНтагнуулч Нямдоржоо ЯАЯ ГЭЖ БАЙНА ВЭ? 2.Баделхан, Сарангэрэл зэрэг мэрэгжлийн бус малнуудыг сайд болгож ажил унагаж байгаагаа яах вэ?

0  |  0
Top