СУРВАЛЖЛАГА: Цахилгаан машин унахад өдөрт 1250-1500 төгрөгийн хүчдэл зарцуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 06

Зам тээврийн хөгжлийн яам, “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл” ТББ-тай хамтран МОН-30Ц загварын их багтаамжтай нийтийн тээврийн цахилгаан автобусыг Монголдоо үйлдвэрлэлээ. Тус автобус нь 34 хүний суудалтай, хамгийн дээд хурд нь 69км/цаг, явах зай нь 250 км/цаг бүхий цахилгаан автобус ажээ.  

Энэ өдөр Монгол машин байгууламж ХХК дотооддоо үйлдвэрлэсэн МОН-30Ц загварын том оврын автобусыг Зам Тээвэр Хөгжлийн яамд гардуулан өгч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажилласанд талархал илэрхийлсэн юм. 

Өнөөдөр дэлхий нийтээрээ цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл рүү хошууран орцгоож байгаа энэ цаг үед Монгол Улс цахилгаан мотортой автобусыг үйлдвэрлэсэн нь бахархууштай юм. Цахилгаан тээврийн хэрэгслийн эдийн засгийн хувьд ач холбогдол нь бүхэл өдөржин цахилгаан машиныг унахад 1250-1500 төгрөгийн 220в-ийн хүчдэлийн цахилгаанаар цэнэглэн явах боломжтой. Энгийн түлш зарцуулдаг машинд ердөө 20 мянган төгрөгөөр бензин хийхэд бүтэн өдөржин явах нь хангалтгүй.

Монгол Улсад, монгол инженерүүд анхны цахилгаан автобусыг үйлдвэрлэж, угсарч байгаа нь дэлхийн дулаарлыг бууруулах, байгаль орчин агаар мандлын бохирдлыг багасгах дэлхий нийтийн хийж буй нөр их ажилтай хөл нийлүүлэн алхаж чадаж байгаагийн тод жишээ болох юм. Өнөөдрийн байдлаар машин үйлдвэрлэлийн салбарт манай улсад 30 гаруй аж ахуй нэгж, компаниуд ажиллаж сэлбэг, эд анги үйлдвэрлэж байна гэсэн судалгаа байна. Иймд Монголдоо жижиг болон дунд оврын машиныг үйлдвэрлэх бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

Монгол машин байгууламж ХХК-ийн үйлдвэрлэсэн МОН-30Ц загварын автобус нь:

Урт/Өргөн/Өндөр /мм/-11990*2550*3200

Тэнхлэг хоорондын зай /мм/-6100

Хаалга-2

Зорчигчдын суудлын тоо-34

Явах зай /км/-250

Хамгийн дээд хурд /км/ц/-69

Хөдөлгүүрийн төрөл- Тогтмол соронзон синхрон мотортой.


Монгол машин байгууламж ХХК-ийн үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун: Энэ автобус нь жилд 6 сая төгрөгийн эрчим хүч хэрэглэнэ

-Өнөөдөр үйлдвэрээс гарч буй энэхүү автобусны давуу талыг уншигчидтай хуваалцана уу?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор засгийн газрын 102-р тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд хоёр ширхэг 100 хувийн цахилгаан МОН-30ц загварын том оврын автобусыг угсарч үйлдвэрлээд бэлэн болголоо. Энэ автобус нь жилд 6 сая төгрөгийн эрчим хүч хэрэглэх төдийгүй өдөрт гурваас таван цаг цэнэглээд 160-200 км явах хүчин чадалтай. Нэг дизель автобус жилд 43 сая төгрөгийн түлш хэрэглэж агаар орчинд 1 тонн гаран хорт хий хөө тортог ялгаруулдаг. Бидний бүтээсэн энэ автобус ямар ч хөө тортог хий ялгаруулдаггүй бөгөөд эдийн засагт хэмнэлттэй талаараа давуу талтай билээ.

-Нэг автобус хэдий хэр хугацаанд бүтэж байна вэ?

-Бид тус хоёр автобусыг 32 хоногийн хугацаанд дуусгалаа. Манай үйлдвэрт одоо 40 гаруй ажилчид ажиллаж байна. Хэрвээ манай ажилчид бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жилд 150-300 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаар ажиллавал 400 гаруй хүнийг ажлын байраар хангах чадвартай. Манай үйлдвэрийн хувьд бол анхны автобус байгаа юм. Урьд нь Монгол инженерүүд нийслэлийн тээвэрт явж байгаа автобус, троллейбус, хүй долоо худагт явж байгаа цахилгаан автобус, Өмнөговийн нийтийн тээвэрт явж байгаа цахилгаан автобус гэх мэт нийт 200 гаруй автобус угсарч үйлдвэрлээд байгаа.


Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан: Монгол Улс 900 мянга гаруй автомашинтай үүнээс 89 хувь нь арваас дээш жил явсан хуучин машинууд байдаг

-Хэдэн жилийн өмнө монголчууд троллейбус үйлдвэрлэлээ гэж байлаа. Харин өнөөдөр олон нийтийн тээвэр, машин үйлдвэрлэсэн байна. Тиймд Монголчууд цаашдаа машин үйлдвэрлэх боломж хэр байна вэ, эдийн засгийн хувьд хэрхэн үр өгөөжөө өгч байна?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 онд анхны троллейбус үйлдвэрийн шугамаас гарч байсан үүнээс хойш 12 дахь жилдээ ард түмнээ нуруундаа тээгээд Улаанбаатар хотын гудамжаар ажиллаж байна. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох үндэсний аж үйлдвэрийн салбараа дэмжих хөгжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас маш олон тогтоол шийдвэрүүд гаргасан байна.Тус шийдвэрүүдийн хэрэгжилтийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хангаж ажиллах зорилгоор үндэсний аж үйлдвэрийн гишүүн компаниуд энэ салбар руу хөрөнгө оруулалт хийн эхний загварын машинуудаа гаргаж байгаад баяртай байна.

-Том оврын автобуснаас гадна өөр ямар төрлийн машиныг үйлдвэрлэх боломжтой вэ?

-20 мянган мкв үйлдвэртэй салбар үүсч болохуйц ийм компаниуд байгуулагдаж гарч ирж байна. Монгол улс 900 мянга гаруй автомашинтай үүнээс 89 хувь нь арваас дээш жил явсан хуучин машинууд байдаг. Монгол хүн яагаад өөрсдөө машинаа хийж чадахгүй гэж. Тэгэхээр жилд 100 мянган машин импортоор авч байгаа энэ том мөнгөн урсгалд худалдан авалтын боломжоор Монгол хүний ажлын байр бий болгоё, эх орондоо шинэ технологи инноваци бий болгоё, хөгжлийн цоо шинэ бизнесийн орон зай нээе, хөгжлийн цоо шинэ хаалгыг нээе хэмээн үндэсний аж үйлдвэрийн зөвлөл уриалж байна. Монгол хүний гайхамшигтай чадвар байдаг аливаа зүйлийг маш хурдтай сурдаг тэгэхээр төр засгаас тодорхой хууль эрх зүйн чадвараар бизнесийн орчноор дэмжээд өгөх юм бол энэ салбар дахиад 30-40 мянган залуучуудын ажлын байр бий болгож чадна. Дунд оврын болон ачааны машин, автобус бүх төрлийн техник технологи хийх боломжтой.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэд орчим өртгийн автобуснууд явж байна вэ?

-Засгийн газраас Монголын аж үйлдвэрлэгчдийн зөвлөлд хоёр цахилгаан автобус хийлгэхээр захиалга өгсөн ирэх долоо хоногт бид хүлээж авна. Энэ нь 26 хүний суудалтай, 70 орчим хүн босоогоороо явдаг нийтдээ 96 хүн сууж явахаар автобус юм. Автобус нь олон улсын зах зээлд 250-450 мянган долларын өртөгтэй байна. Монголдоо үйлдвэрлэхэд энэ үнээс арай хямд авах боломж бидэнд бий. Дараагийн нэг асуудал нь дотооддоо энэ үйлдвэрлэлийг дэмжихээс гадна агаарын бохирдол гэдэг асуудлыг үүгээрээ шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр бид дизель, газаар явдаг машин ашигласан ч гэсэн газ, дизель түлшийг бүгдийг гаднаас авдаг. Тэгэхээр цахилгаан автобусыг ашигласнаараа дотооддоо үйлдвэрлэсэн цахилгааныг ашиглах боломж гарч ирж байгаа юм. Энэ нь эдийн засагт тодорхой хэмжээний хэмнэлт үүснэ гэж үзэж байна.


Б.АМИРДАА

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.35.91.181) 2018 оны 10 сарын 07

Ulaanbaatariin buh avtobusiig tsahilgaan bolgooroi amjjilt husie

0  |  0
ЗОЧИН(66.181.160.80) 2018 оны 10 сарын 06

ЭНЭГ ДЭМЖ ,САЙН БНА ЗАЛУУСАА ,ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ГАДНЫ МАШИН БҮҮ АВ,

0  |  0
Tuguldur (66.181.161.63) 2018 оны 10 сарын 05

Busdaar bol saixan awtbus bn lee

0  |  0
Eron za bagtai yum (66.181.161.63) 2018 оны 10 сарын 05

Eron bol zai bagtai yum yalanguya dari ex chigleld yawxad xvmvvsen bagtaxku ix xetsvvn bn lee

0  |  0
Top