БОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

2016 оны 12 сарын 24 Эрэгтэй

Цаг хугацаа ердөө тоо юу? Цаг хугацаа хэрхэн хэлхэгддэг тухай үргэлж гайхдаг байлаа. Эцэс сүүлдээ ганцхан хариултыг олж чадсан юм. Миний цаг хугацаа гуравхан үгүүлбэрээс бүтсэн гэдгийг.

Сүүлийн тэмдэглэл. Би их мартамхай хүн л дээ. Тиймээс тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байхаар шийдсэн юм. Өнөөдөр бид уулзахаар тохирсон билээ. Бүр манарч гүйцлээ. Тиймээ уулзахаар болзсон. Өглөөнөөс хойш сандарч, оройн болзооны тухай бодол намайг хором ч тайван байлгасангүй. Нэгэн цагт дурлаж байсан тэр бүсгүйн царайг харалгүй  бараг зургаан жил өнгөрчээ. Бүхэл бүтэл зургаан жилийн дараа захиа бичсэнд нь гайхшраад барахгүй юм. Үнэхээр зургаан жилийн дараа намайг саналаа гэж үү? Надтай цуг хаашаа ч хамаагүй явахыг хүссэн гэж үү?. Дахиж ирэхгүй байж магад учир түрээсний байраасаа хэрэгтэй гэсэн зүйлсээ үүргэвчиндээ чихэж байхад олон бодол толгойд эргэлднэ. Үнэндээ надад түүний царайг харна гэдэг хамгаас аймшигтай байлаа. Хэр өөрчлөгдсөн бол? Өнөөх гэнэн инээмсэглэл нь хэвээрээ болов уу? Хорвоо ертөнцийг бүхэлдээ шингээчихсэн мэт тэр харцыг өгүүлшгүй ихээр санав. Болзсон цагаасаа эртхэн гарлаа. Хот өвлийн чимэглэлээ зүүчихсэн, хөвсгөр цас хотын гэрэлтүүлэх аж. Удаан алхсанд жиндүүлж байсан ч энэ цаснаас огтхон ч  холдмооргүй байлаа.

Анх уулзаж байсан тэр л кафен үүдэнд ирэхэд дотогш ормооргүй санагдан, өнгөрсөн бүгдийг санагдуулна. Үнэндээ цас намайг бүхнээс халхалж, урин дуудаж байсан юм. Болзсон цаг болоход 15 минут дутуу байсанд жаахан алхахаар шийдлээ. Цаг мөч ойртох тусам сэтгэл эмзэглэж, тэр чигээрээ яваад өгмөөр санагдсан ч энэ цаснаас түүний үнэр үнэртэх шиг болоход учиргүй ихээр санаснаа мэдэрлээ. Явсан замаараа эргэж хурдан хурдан алхаж кафед ороход түүнийг хайгаад олсонгүй. Кафен үүдэнд цасыг ажин зогслоо. Түүний бие, арьс яг л энэ цас шиг туяардагсан. Кафен нөгөө талд нимгэхэн цагаан цувтай, үсээ задгайлсан бүсгүй таксинаас буухыг харан тэр бүсгүйтэй учирснаас хойш анх удаа танихгүй эмэгтэйг харан ийн сэтгэл догдолж байна хэмээн бодлоо. Бүсгүйн ширтэх харцтай тулгарахад л түүнийг танилаа. Бид хэр удаан тийм янзтай зогссоноо мэдэхгүй, ямартай ч бид ингээд л салсан юм. Би ч түүнрүү эргэж хараагүй, магадгүй тэр ч эргэж хараагүй байх. Алсын алсаас эхэлсэн хайр хэзээ ч нийлэхгүй гэдгийг хэн хэн нь мэдэж байсан юм. Гэхдээ хамгийн гол нь өнөөдрийн сэтгэлийг өчигдөр нөхөж чадахгүй шүү дээ. Эргээд алхаж явахдаа л ойлгосон. Цаг хугацаа юуг ч өөрчилдөггүй юм байна. Энэ тэмдэглэлд түүний явуулсан зургийг хавсаргалаа.

2009 оны 10 сарын 7нд Эмэгтэй

Өнөөдөр би танихгүй нэгний тэмдэглэлийг дэвтрийг олсон. Тэр кафед миний өмнө сууж байсан нэгэн үлдээгээд явсан бололтой. Тэмдэглэлийн дэвтэртээ нэр, хаяг, дугаараа үлдээсэн байж магад гэж горьдож нээсэн ч алийг нь ч олсонгүй. Харин сонирхолтой нэг зүйл олсон нь миний зургийг тэр тэмдэглэлд хавчуулсан байлаа. Он сар нь 2016 оны 12 сарын 24 нд. Тэрээр тэмдэглэлдээ “Битгий мартаарай. Бид сансраар аялагчид” гэжээ. Харин би тэр нэр усгүй, нууцлаг эрхмийг цаг хугацаагаар аялагч хэмээн нэрийдлээ.

2016 оны 12 сарын 21 Эрэгтэй

Би урьд нэг бүсгүйд ухаангүй дурлаж байсан юм. Харин тэрээр миний сэтгэлээр доог тохуу хийж буй мэт санагддаг байлаа. Сүүлд тэрээр надад сэтгэлийнхээ гүнд хорогдох боломж олгосон ч би татгалзаж билээ. Эцэстээ өөрийнхөө арчаагүй байдлын төлөө түүнийг хайрласандаа зүхэх болсон юм.

Гэтэл өнөөдөр тэр бүсгүй надад захиа илгээжээ. Зургаан жилийн туршид түүний тухай бүхий л зүйлийг бодол санаанаасаа холдуулах гэж, бодлоосоо цааргалж ирсэн бол ердөө ганц захиа бүхнийг хуучин хэвэнд нь оруулчихлаа. “Хамтдаа оргоё гэсэн санал чинь одоо ч хэвээрээ юу? Хэрэв тийм бол Бямба гаригт 7 цагт өнөөх газраа уулзъя” хэмээн өөрийн зургаа хавсаргажээ. Тэртээд хэдэн жилийн өмнө түүнийг анх удаа олж хараад зургийн хальсандаа дүр төрхийг нь хадгалж авахыг хүссэн тэр л дүр төрх. Товч бөгөөд албаны энэ захидалд юу гэж хариулахаа мэдсэнгүй. Болзсон газраа очих үгүйгээ шийдэж чадахгүй удлаа. Үнэндээ энэ асуултыг би өөртөө тавьсан юм. Түүнтэй хамт оргоход би бэлэн үү? Энэ асуултын хариулт түүнээс л хамаарах байжээ. Урьд нь ч тийм байсан.

2009 10 сарын 10 Эмэгтэй

Би урьд нь нэг залууд хайртай байсан юм. Жилийн өмнөх зугаалгаар хар цувтай, гэрэл зураг авч явж байсан залуугийн дүр төрхийг санахгүй байгаа ч, түүнийг урьд би таньдаг байсан мэт, дараа нь хаана ч явсан түүнийг хайдаг болчихсон байсан. Энэ зураг бол жилийн өмнөх зугаалгаар тэр зурагчны авсан зураг. Тэр хэн юм бол? Түүний тэмдэглэлийн дэвтрийг олсон ч түүний тухай юу ч мэдэж чадсангүй.

2010 оны 5 сарын 6-аас 7 нд шилжих шөнө  Эрэгтэй

Хаврын саруулхан орой байсанд гадуур жаахан алхав. Бодолдоо дарагдан хэр удаан алхсанаа ч санахгүй юм. Х-гийн тухай бодол намайг хаана ч явсан дагаж буй мэт. Гэнэт л түүнийг ойрхон, яг хажууханд байгаа юм шиг санагдахад өөрийн эрхгүй түүнийг хайлаа. Үүр цайтал түүнийг хотын гудамжаар хайв. Уулзах ёстой бол одоо л уулзах хэрэгтэй гэсэн бодол намайг дагуулна. Түүнийг олж чадаагүй учир дахиж хайхгүй гэж бат шийдэв.

2009 оны 11 сарын 6  Эмэгтэй

Намуухан орой алхаж явна. Хаа ч явсан үл таних нэгний тухай бодол дагах юм. Гэнэт өнөөх үл таних эрхэм ойрхон байгаа мэт мэдрэмж төрөв. Сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй эргэн тойрноо харлаа. Хэрэв түүнтэй уулзах ёстой бол одоо л уулзаж чадах юм шиг санагдсан ч энэ мэдрэмж минь намайг хуурчээ. Магад бид ахин хэзээ ч учрахгүй байх хэмээн түүнийг ахиж хайхгүй гэж шийдлээ.

2010 оны 4 сарын 29 Эрэгтэй

Х-рүү явуулж чадаагүй захидлуудаа бүгдийг нь устгачихав. Тэгсэн ч өнөөдөр ахиад нэгийг бичсэн. Явуулж чадсангүй. “Одоо л миний сэтгэлийг ав. Дараа нь би дахиж чадахгүй байж магад” гэсэн хэдхэн үг бичсэн ч мөн л урчихав.

2009 оны 12 сарын 3 Эмэгтэй

“Чи тэр зурагчинг таних уу? –Танина” Одоо үл мэдэх эрхэм чамайг олж чадах нь.

2010 оны 4 сарын 10 Эрэгтэй

“Чи үнэхээр намайг аваад энэ хорвоогоос явж чадах уу? Тэгвэл би энд баймааргүй байна. Намайг аваад чадахаараа хол яв” гэсэн зурвас Х-гээс иржээ. “Чи үнэхээр хүсч байвал хамт явъя” гэсэн зурвас бичээд уулзах цаг товлосон ч түүнийг ирнэ гэж бодохгүй байна. Түүнд надаас нууцалдаг нэг нууц бий. Тэр нууцыг нь би мэдэхийг хүсээгүй ч түүнийг үргэлж шаналгадаг гэдгийг нь л мэднэ. Ямартай ч бид өнөөдөр уулзахаар тохирсон боловч тэр ирсэнгүй. Чамайг би шөнө болтол хүлээсэн шүү.

2009 оны  12 сарын 10 Эмэгтэй

Өнөөдөр бид түүний тэмдэглэлийн дэвтрээ үлдээсэн кафед уулзахаар болзсон юм. Түүнийг би кафег хаатал хүлээсэн ч тэр ирсэнгүй.

2010 оны 3 сарын 30 Эрэгтэй

“Би чам дээр очиж болох уу? Дахиж энд хорогдмооргүй байна”. Хариу алга

2010 оны 3 сарын 15 Эрэгтэй

“Надтай хамт эндээс оргох уу”

“Хаашаа?”

“Мэдэхгүй ээ. Эндээс хол бол хаашаа ч хамаагүй. Ангараг уруу ч юм уу”

“Тэгье. Тэнд очоод юу хийх вэ? Тариалан эрхлэх үү?”

“Битгий мартаарай. Бид сансраар аялагчид”

“Тиймээ. Сансраар аялагчид”

Түүний энэ хөнгөхөн харьцаа үргэлж надаар доог тохуу хийж байгаа юм шиг санагддаг. Тиймээс үнэн хэлсэн үгүйг нь мэдэхгүй юм. Би уг нь чин сэтгэлээсээ хэлсэн юм сан.

2009 оны 12 сарын 15 Эмэгтэй

Түүнд нэг нууц бий. Харин тэр нууцыг надаас далд гэгч нь нуучихсан мэт санагдах юм. Би чамайг өчигдөр хүлээсэн. Харин чи ирсэнгүй. Үнэндээ би одоо ч чамайг сэтгэлдээ хүлээсээр. Ганц л зүйлийг мэдмээр байна. Тэр ямар үг байсан юм бэ?

2010 оны 1 сарын 17 Эрэгтэй

Зүүд. “Өчигдөр л би чамтай учраагүй бол өнөөдөр би чамд гал халуунаар дурлаж чадахсан болов уу? Хэрэв тийм бол чамайг хэзээ ч хайрлаагүй мэт зөрж чадахсан” Дараа нь энэ бүхэн дахин давтагдана. "Дахин давтагдана" гэхэд сэрлээ. Энэ юу байсан бэ? Чи хэн бэ? Юу юм бэ?....

2009 оны 12 сарын 24 Эмэгтэй

Өнөөдөр бид өнөөх кафед уулзахаар болсон билээ. Түүнд тэмдэглэлийн дэвтрийг нь өгөхөд “Би мартамхай юмаа. Юмаа тэмдэглэхгүй бол мартчихдаг" гэлээ.

-Танаас нэг юм асууж болох уу? 2016 оны 12 сарын 24 гэж тэмдэглэсэн ямар учиртай юм бэ? Тэнд яагаад миний зураг байгаа юм бэ?

-Санахгүй байна.  Мартчихлаа.

-Та цаг хугацаагаар аялагч юмуу?

-Үгүй ээ.

-Тэгвэл сансраар аялдаг юм уу?

-Үгүй ээ. Зүгээр л миний цаг хугацаа ухарч явдаг юм.

-Энэ тэмдэглэл дээрх бүх зүйлсийг би туулж өнгөрсөн. Гэхдээ би одоо санадаггүй. Яагаад гэдгийг нь даанч мэдэхгүй юм.

-Чи намайг ч бас мартах уу? гэхэд тэр юу ч хэлээгүй. Сүүлд надаас

-Цаг хугацаа юуг өөрчилсөн юм бэ? гэж асуусан. Би хариултыг нь удаан бодсон. Урьд нь хэлж чадаагүй зүйлсээ би түүнд хэлье гэж бодож байсан юмсан. Даанч... Кафегаас гараад салахдаа би түүнд "Намайг битгий мартаарай" гэж хэлсэн. Гэхдээ энэ бол худлаа үг. Цаг нь ирэхэд тэр ч, би ч нэгнээ мартах л болно. Харин ганц энэ тэмдэглэлийн дэвтэр л хэнд ч хэрэггүй болж үлдэх вий.

2009 оны 12 сарын 24 Эрэгтэй

Өнөөдөр бидний хамгийн анхны уулзалт. Үнэндээ бол хамгийн сүүлийн уулзалт. Гадаа цас хаялж байсан учир болзооноосоо өмнө жаахан алхав. Урьд нь хэлж чадаагүй зүйлсээ хэлнэ гэж бодсон ч... Цаг нь биш байсан. Яг л бид хоёр өөр цаг хугацаанд амьдарч буй мэт. Түүний инээмсэглэл, харц бүгдийг би ой санамждаа хадгалж үлдээх гэсэн ч бага багаар мартагдаж эхэлж байна. Би тэрнээс “цаг хугацаа юуг өөрчилсөн юм бэ?" гэж асуухад цаг хугацаа юуг ч өөрчилдөггүй гэж хариулсан. Одоо мартаж эхэлж байгаа учир санахаараа тэмдэглэж авах хэрэгтэй. Үгүй бол хэзээ ч санахгүй. Цаг хугацаа ухарснаас болж би олон зүйл мартсан. Харин үүнийг л мартаж болохгүй. Түүний инээмсэглэл, харцыг санаж байна.

Бас л түүний хэлсэн үгсийг мартчихлаа. Цас, аяга кофе, цаг хугацаа, ганц чамайг сануулахыг оролдож байсан мэт. Хаа нэгтээ хэн нэгнийг ямар ч утга учиргүй хайдаг тэр зуршил эцэстээ зөвхөн чамайг л хайж байсан мэт. Биднийг салахад гэгээ тасарч байсан. Цас орсон хэвээр. Хоёр тийш зам салан алхахад тэрээр нэг үг хэлсэн... бас л мартчихлаа.  Гадаа цас бударсаар  л байна. Одоо бүгдийг мартчихлаа. Ямар нэгэн үнэтэй зүйлээ алдчихсан мэт энэ мэдрэмжийг үзэн ядаж байна.  Юу байсан юм бол? Цаг, ороолт уу? Магадгүй илүү үнэтэй зүйл байх ёстой. Яагаад мартсан зүйлээ эргүүлж санаж болдоггүй юм бол? Хэн нэгнийг тухай бичиж байсан юм байна. Даанч  түүнийг мартчихлаа. Магадгүй мартагдах ёстой хэн нэгэн байсан биз ээ. Мартагдах ёстой нэгэн. Гэхдээ сэтгэл яагаад ийм хачин гунигтай болчихов оо?

А.Марал (2017 он)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халтар(59.153.112.64) 2022 оны 03 сарын 20

Are secret time Istanbul\n\nUh do it\n\nShower guns in my eyes

0  |  0
Top