Нийслэлийн эрүүл мэндийн албаны 80 жилийн ой боллоо

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээ онөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдээ дурсаж, ололт амжилтаа дүгнэх энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс, нийслэлийн эрүүл мэндийн албаны үе үеийн ахмадууд, НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд зэрэг нийт 900 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын түүхэн замналын хувьд анх Эрүүлийг хамгаалах яамны сайд, Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 105 дугаар тушаалын дагуу 1938 оны долдугаар сарын 22-нд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтсийг эмхлэн байгуулж дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч, бичиг хэрэг, жолооч зэрэг таван орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Ийнхүү нийслэл хотод эрүүлийг хамгаалахын нутгийн захиргааны бие даасан алба байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шатыг дамжин, бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны чиглэлийн хувьд өргөжин бэхжиж ирсэн.

Ардын эмнэлгийн хэлтсийг 1940 онд Эрүүлийг хамгаалах хэлтэс, 1962 онд Эрүүлийг хамгаалах газар, 1991 оноос Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар хэмээн нэрлэх болсон бөгөөд өдгөө нийт 50 орон тоотойгоор ажиллаж байна.

НЭМГ-ын харьяанд нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, 4 нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Жаргалант, Туул, Хонхор, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэг зэрэг 26 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн 142 төвөөс гадна хувийн хэвшлийн 2000 гаруй байгууллага харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд гэмтэл, ерөнхий мэс засал, хорт хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээ, ерөнхий болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, гемодиализ, нүдний лазер зэрэг эмчилгээ, арга технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарт 1980-аад оноос хойш стандартад нийцсэн эмнэлгийн барилгыг 30 шахам жил бариагүй нь тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байсан. Энэ байдлыг харгалзан төр засгаас анхаарал хандуулан улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2010 оноос хойш Өрхийн эрүүл мэндийн төвийн 62 цогцолбор барилга, Өргөө, Амгалан амаржих газар, Баянгол Эрүүл мэндийн төвийнбарилга, салбар эмнэлэг, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул салбарууд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй болон Налайх дүүрэгт Хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулсан байна.

Түүнчлэн ойрын жилүүдэд ашиглалтанд орохоор бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хот Турк улсын Стамбул хоттой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Өрхийн эрүүл мэндийн 9 төв, Туул тосгоны Эрүүл мэндийн төв, 300 ортой төрөх болон Хүүхдийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм.

2018 онд нийслэлийн төсвөөс НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 15 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн 61 төвд их засвар хийж, ӨЭМТ-үүдэд 710 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг өгсөн. Мөн улсын төсвөөс нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн зориулалттай 784 сая төгрөгийн өртөг бүхий 11 автомашиныг хүлээлгэн өгчээ. Цаашид эрүүл мэндийн 4 байгууллагад эмнэлгийн зориулалтын автомашиныг өгөхөөр төлөвлөөд байна.

НЭМГ-аас түүхт 80 жилийнхээ ойн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн албаны үүсэл,  хөгжлийн үе шат болон өөрчлөлт шинэчлэлт, амжилт ололтыг харуулсан түүхэн номоо гаргаж, баримтат киногоороо үзэгч олонтойгоо уулзаж буйгаас гадна “Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага“ нийслэлийн зөвөлгөөн, “Эрдэм шинжилгээний хурал”, “Сайн туршлага-2018” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрыг ашиглалтанд оруулсан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн түүхэн ойгоо угтаж байна.

Энэ өдөр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page