#BOOKTELLER: “Арьсан хүрэмтэй Мадонна” номоос таны унших ёстой 10 эшлэл

Элдэв бусын чимэггүй, энгийн ногоон хавтастай эл номыг гаднаас нь хараад тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Учир нь "Арьсан хүрэмтэй Мадонна" бол хэн бүхний сэтгэл зүрхийг эзэмдэх увидастай уянгалаг, хайрын түүх.

Номын зохиолч Сабахаттин Али нь XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг бөгөөд 1907 онд Османы эзэнт гүрэнд төрж, 1948 онд Турк-Болгар улсуудын хил дээр бусдын гарт амиа алдсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн гунигт түүхтэй. Тэрээр ердөө гурван роман бичсэний нэг нь “Арьсан хүрэмтэй Мадонна” юм.

"Монсудар" хэвлэлийн газар "Утга зохиол" цувралын зургаа дахь номоор "Арьсан хүрэмтэй Мадонна" номыг сонгож, албан ёсны эрхтэйгээр орчуулан хэвлэсэн ба орчуулагч С.Сугиррагчаа монгол хэлнээ хөрвүүлсэн нь тун зөв сонголт болсон.

Ингээд та бүхэнд уншигчдаас өндөр үнэлгээ авсаар байгаа "Арьсан хүрэмтэй Мадонна" номоос заавал унших ёстой 10 ишлэлийг онцолж байна.

1. "Нэг үгээр хэлэхэд, найз нөхдийн тусламж хичнээн их хэрэгтэй болох тусам би төдий чинээ хүмүүсээс зугтаж зожгорч байв."

2. "Номхон хурга шиг хүмүүсийн аманд чонын соёо гялсхийхийг бишгүй л нэг харлаа..."

3. "Галзуурмаар эсвэл үхмээр байна гэж хэлбэл худлаа болно, учир нь хүн хэзээ ч тэвчиж тэсвэрлэхгүй гэж бодсон зүйлдээ ч дорхноо дасаж л орхидог."

4. "Орчин тойрноосоо ийм хөндий, зожиг байгаагийн минь нэг шалтгаан нь номоос таньж, дотно санагдах болсон хүмүүсээ эргэн тойрноосоо олохгүй байгаад ч юм билүү, хэн мэдэх вэ дээ.

5. "Өдгөөг хүртэл тийм хүн байдгийг ч мэдээгүй хэр нь одоо түүнгүйгээр амьдарч чадахгүй болно гэж байх уу? гэхдээ хэзээд ийм байдаггүй гэж үү? Бидэнд хэрэгтэй гэдгийг бид тэр зүйлийг олж мэдсэнийхээ дараа л ухаардаггүй гэж үү?.."

6. "Ном уншиж өнгөрүүлсэн хоёр цаг минь, амьдралын минь хоёр жилээс илүү дүүрэн, илүү тааламжтай байгааг анзаараад амьдралын айдаст автуулам хоосон чанарыг бодож цөхрөнгөө бардаг сан."

7. "Сэтгэл, зөвхөн өөртэйгээ төстэй өөр сэтгэлийг олж харсан үедээ л бидэнтэй, бидний оюун ухааан, бодол санаатай зөвлөлдөх гэлгүйгээр ил гарч ирдэг юм байна... Бид тэр цагт л өөр амьдралаар буюу сэтгэлээрээ амьдарч эхэлдэг. Тэр цагт л хоёр сэтгэл бүх эргэлзээ, ичих гэдгийг мартаад, бие биеэ тэврэх гэж, бүх саадыг таягдан хаяж, өөд өөдөөсөө тэмүүлдэг."

8. "Хэдий бүрхэг, дүнсгэр ч гэлээ энэ орчлон ямар сайхан юм бэ!"

9. "Өрөвдөхөө хүрвэл хүн өөрөө өөрийгөө л өрөвдөх ёстой. Өрөөл бусдыг өрөвдөх гэдэг нь өөрийгөө түүнээс илүү хүчтэй гэж бодож буй хэрэг, өөрийгөө тийм агуу гэж үзэх, өрөөлийг ч тийм дорд үзэх эрх бидэнд байхгүй."

10. "Ертөнц дээр  амар амжилтанд дурладаг, дээд зэргээр хувиа хичээсэн, биеэ тоосон, ихэрхүү зантай хэр нь аймхай, тохь тухад дуртай амьтад эрчүүдээс өөр байхгүй."

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page