ЗӨВЛӨГӨӨН: Авто замын түгжрэлийг бууруулж ЧАДНА, ЧАДАХГҮЙ

Өнөөдөр /2018.10.08/ НИТХ-аас санаачлан “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнийг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд холбогдох байгууллагын төлөөлөгчдөөс гадна панелистаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, Зам тээврийн сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр нар оролцсон юм.

1945-2012 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төлөвлөлтийг таван удаа өөрчилж байжээ. Зургаа дахь төлөвлөлт буюу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар баталсан хэдий ч уг ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа нэг жилийн дараа дуусна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж эхэлсэн байна. Энэ тухай “Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 567 мянгаар нэмэгдэж, 1,417,396 болсон байна. Үүн дээр дунджаар 600 гаруй мянган гадаадын зочид, төлөөлөгч, жуулчид гээд жилд нийтдээ хоёр сая гаруй хүн хотын хөдөлгөөнд оролцож байна. 1976-2000 он хүртэл Улаанбаатар хотыг 550-600 мянган оршин суугчтай байхаар инженерийн болон нийгмийн дэд бүтэц төлөвлөсөн. Гэтэл хүн ам, тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул хэт ачаалал үүсэж байна” хэмээн НИТХ-ын дарга С.Амарсайхан онцоллоо.


“Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдвээр НИТХ-ын даргын зөвлөх С.Энхтөр, “Нийтийн тээврийн өнөөгийн байдал, анхаарах асуудлууд” сэдвээр НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хяналтын RFID системийн тухай” сэдвээр “Дижитал медис” ХХК-ийн захирал М.Амартогтох, “Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зарим арга замууд” сэдвээр Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер А.Эрдэнэтуяа нар тус тус илтгэл тавилаа.

Хөдөлгөөний зохион байгуулалтын инженер А.Эрдэнэтуяа “Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах олон арга зам байна. Тэдгээрийн дотроос зам, замын хөдөлгөөнийг өөрчлөн зохион байгуулах нь нэг гол арга зам мөн бөгөөд хэдийгээр дотроо олон төрөлтэй, хэрэгжүүлэхэд өртөг, зардал, боломжийн хувьд харилцан адилгүй ч хөдөлгөөнд оролцогчдод нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх боломжтойгоороо ижижл төстэй бөгөөд давуу талтай нь харагдаж байна. Уулзваруудын хөдөлгөөнийг PTV Vissim програм хангамжаар загварчлан судлаж, хөдөлгөөнд учирч байгаа саадыг арилгах замаар шинэчилж, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлснээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх боломж байна” хэмээн илтгэлээ дүгнэсэн юм.

Харин технологи талаасаа замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад юу хэрэгтэй талаар “Дижитал медис” ХХК-ийн захирал М.Амартогтох “Замын хөдөлгөөний зохицуулалтад RFID систем нэвтрүүлэх цаг нэгэнт болсон гээд дараах тайлбарыг хийв.

RFID технологи нь

  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Гаалийн хяналт
  • Замын төлбөр, хураамж, менежмент
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх
  • Логистик менежмент
  • Бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл
  • Тээврийн хэрэгслийн татвар
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Зогсоолын төлбөр
  • Мал амьтны гарал үүсэл
  • Дохиолол хамгаалалт зэргийг багтаасан мэдээллийн цахим сан.

Энэхүү технологийг Европын дийлэнх орнууд ашигладаг, ялангуяа хүн амын хэт төвлөрөлтэй АНУ, Австрали, Испани зэрэг орнууд түлхүү хэрэглэж байна. RFID технологийн суурилуулалтыг эхний удаад Улаанбаатар хотод 20 уулзварт хийх шаардлагатай бөгөөд энэ технологийг ашигласнаар,

  • Тоо хэмжээний өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагаварыг технологийн тусламжтайгаар зохицуулах,
  • Бүртгэлийн автоматжуулалт, найдвартай байдал,
  • Статистик тоо баримтын нарийвчилсан мэдээлэл,
  • Зогсоолын хяналт,
  • Хөдөлгөөн зохион байгуулалт,
  • Авто замын төлбөр хураалт,
  • Төлөвлөлтийн тооцоолол хийх боломж,
  • Татварын хяналтын процесс,
  • Даатгалын хяналтын процесс,
  • Зардал хэмнэх,
  • Цаг хугацаа хэмнэх,
  • Процессийг эмх цэгцтэй болгох,
  • Ил тод мэдээлэл,
  • Түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх зэрэг маш олон давуу талтай гэж тайлбарлав.

Нийтийн тээврээр давхардсан тоогоор өдөрт 600-700 мянган зорчигч үйлчлүүлдэг


Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь ажиллаж, амьдардаг Улаанбаатар хотод нийслэлийн өчтэй 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж 89 чиглэлд 945 тээврийн хэрэгслээр /шөнийн тээвэр 4/ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэдэг байна. “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил ашиглагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог бөгөөд 2017-2020 онд нийт 615 их багтаамжийн автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах аж. 2018 оны нэг, хоёрдугаар сард нийт 169 их багтаамжийн автобус нийтийн үйлчилгээнээс хасагдсан бөгөөд энэ оны эцэст 97 тээврийн хэрэгсэл стандартын дагуу үйлчилгээнээс хасагдах юм. Нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны дундаж насжилт 7,5 жил байгаа бөгөөд одоо ашиглагдаж байгаа нийт их багтаамжийн автобусны 38 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Мөн 2016 онд 136, 2017 онд 43, 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 78 их багтаамжийн автобусаар нөхөн хангалт хийжээ.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийг насаар ангилбал, 56 хувь нь том хүн, 16  хувь нь хүүхэд, 15 хувь нь ахмад настан, 6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 5 хувь нь оюутан, 1 хувь нь цагдаагийн албан хаагч, 0,02 хувийг хүндэт донор эзэлдэг байна.

Цахим төлбөрийн систем-автобус-такси  

Нийт 19 ААНБ-ын 1257 автобусанд жолоочийн төхөөрөмжөөс гадна автобусны буух, суух зарт уншигч, CCTV суурилуулжээ. 2018 оын гуравдугаар улирлын байдлаар 538 карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг ажилладаг бөгөөд үүнээс картаар үйлчлүүлэгчдийн ангилбал,

  • Энгийн -57%
  • Хүүхдийн- 17%
  • Ахмад настан- 10%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн- 4%
  • Оюутны карт- 12%

Нийтийн тээврээс гадна зах зээлийн эдийн засгийн хөгжлийг даган таксийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын тоо 2003 онд дээд цэгтээ буюу 53 компанийн 3180 такси өдөр тутамд иргэдэд үйлчилж байсан бол өнөөдрийн байдлаар 11 компанийн 570 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байна. Таксины үйлчилгээ буурсан шалтгаан нь төрөөс авч хэрэгжүүлэх ажил, бодлого орхигдсон, мөн автомашины лизингийн үйлчилгээ гарч, иргэд автомашин худалдан авч хууль бусаар таксины үйлчилгээ эрхлэх болсонтой холбоотой аж. Дэлхийн улс орнуудад 1000 хүн тутамд тухайлбал, ОХУ-ын хотуудад 1-2, БНСУ-ын хотуудад 3-4 үйлчилж байгааг авч үзвэл Улаанбаатар хотод өдөрт дунджаар 3000 такси үйлчлэх шаардлагатай болж байна. Мөн бүртгэлтэй 570 таксиг тээврийн хэрэгслээр нь ангилбал, Elantra 285, Sonata-6 228, Sonata-7 76 үлдсэнийг нь бусад тээврийн хэрэгслүүд эзэлж байна. Мөн эдгээр бүртгэлтэй таксинууд бүгд БНСУ-д үйлдвэрлэгдсэн автомашинуудаар үйлчилдэг аж.

Авто замын түгжрэлийн шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа:


  • Авто замын сүлжээ муу
  • Тооцоолол дээр тулгуурласан нэгдсэн бодлого байхгүй
  • Нийтийн тээврийн бодлого муу
  • Оновчгүй бүсчлэл
  • Хөдөлгөөний зохион байгуулалт буруу
  • Автомашины хэрэглээний буруу бодлого зэргээс үүдэлтэй гэв.

Хөдөлгөөний ачаалал ажил, хичээл эхлэх цаг буюу 07:30-09:00, цэцэрлэг, сургууль цуглах тарах буюу 11-50-13:00, 17:00-19:30 цагуудын хооронд ихэсдэг. Их тойрууд гэхэд төрийн 286 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 28,993 албан хаагч ажилладаг. Эдгээрийн 11,402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12,893 нь автомашинаар ажил руугаа зорчдог гэжээ. Мөн 92,098 их, дээд сургуулийн оюутны 68,049 нь нийтийн тээврээр, 16,908 нь явганаар, 13,209 нь автомашинаар зорчдог гэж судалгаанд хариулжээ. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 9,7 хувь нь 1 км, 23 хувь нь 2 км, 45 хувь нь 5 км, 22,3 хувь нь 5 км-ээс дээш замд автомашины унадаг гэжээ.

Улаанбаатар хотын хүн амын 41,2 хувь буюу 536,171 нь хувийн автомашинтай. Орон нутагт 422,389 автомашин бүртгэгдсэн. Энэ нь 1000 хүнд ногдох автомашины тоо 300 гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд олон улсад нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг байна. Зам тээврийн ослоор энэ онд 106 хүн нас барж, 53,839 ослын дуудлага бүртгэгджээ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Иргэн [ 103.229.122.139 ]      |     2018 оны 10-р сарын 09 -нд, 05:33 минутанд

Дарга нар,намууд ийм болгосон шуу дээ.Тэд замбараагуй газар олгосон,

Зочин [ 66.181.179.58 ]      |     2018 оны 10-р сарын 08 -нд, 11:03 минутанд

Метротой больео. Машин ч цөөрнө, хүмүүс нь ч газар доор орно. Автобусны буудлын хүмүүс буудалдаа багтахгүй арзганаж байгаа биз дээ. Хот маань хэзээнээс ийм болчихвооооо

Go to top of page