Хабиб Нурмагомедов ”НАЙРСАГ” нэгэн болохыг батлах СОНИРХОЛТОЙ БИЧЛЭГ

Холимог тулаан сонирхогчдыг бүтэн жилийн турш хүлээлгэсэн дуулиант тулаан аравдугаар сарын 06-нд болж өнгөрснийг та бид бүгд мэдэж байгаа.

Оросын холимог тулааны тамирчин, “бүргэд” хочит Хабиб Нурмагомедов 2017 оны наймдугаар сард UFC-гийн холимог тулааны од Конор Макгрегорыг тулаанд дуудсан билээ. Флойд Мейвезерт ялагдаад удаагүй байсан ч Хабибын дуудлагыг Конор тун найрсгаар хүлээн авсан. Гэхдээ “сагсуу” ирланд эр тулаан болох нэг жилийн хугацаанд Хабиб руу сэтгэлзүйн дайралт хийж, олон нийтийн сүлжээ, хэвлэлийнхний өмнө илт дайсагнаж байв. Мэдээж энэ бол Конор МакГрегорын тулааны онцлог гэдгийг UFC сонирхогчид мэдэх билээ.


Хүсэн хүлээсэн өдөр ирэхэд хоёр тамирчин үзэгчид төдийгүй нутаг нэгтнүүдийнхээ урмыг хугалж орхив. Тулаан тавдугаар үед очилгүй, дөрөвдүгээр үед Хабиб Нурмагомедов Конор Макгрегорыг “боох” мэхээр ялсан. Гэхдээ энэ ялалт түүнд хангалттай санагдсангүй юу гэмээр хашлага даван, МакГрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж орхисон юм. Түүгээр ч барахгүй Хабибын талаас дэвжээн дээр зогсож байсан Конор МакГрегорын биед хүрч, хэд хэд цохиод авсан. Энэ бол хууль чангатай АНУ-ын хувьд байж болохгүй үйлдэл билээ. Түүний үүсгэсэн зодооны улмаас UFC аваргын бүсээ дэвжээн дээр гардуулахаас татгалзаж, олны нүднээс далд өгсөн.


Хабибын гаргасан үйлдлийн шийтгэл үүгээр зогссонгүй. Хэдийгээр тэр тулааны турш өөрийг нь доромжилсон эсрэг талынхнаас хариугаа авсан мэтээр тайлбарлаж байгаа ч түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгийнхээ гаргасан авирыг хатуу шүүмжилж, "Известия" сонинд энэ тухайгаа ярьсан байна. Нурмагомедовын аваргын бүсийг хурааж магадгүйгээс гадна Оросын тулаанчийн ялагчийн шагналын мөнгө болох 2 сая ам.долларыг дээрх маргааны асуудлыг мөрдөн шалгаж дуусах хүртэл өгөхгүй гэж UFC холбооны тэргүүн Дэйна Уайт болсон явдлын дараа мэдэгджээ. Энэ ч бас л асуудал шүү...

Гэхдээ Хабиб Нурмагомедов тийм ч “зэрлэг” хүн биш гэдгийг батлах нэгэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлжээ. Түүнийг өрсөлдөгчдөө тун найрсаг, дотноор ханддаг төдийгүй тулааны дараа үргэлж гар барьж, тэврэлддэг болохыг тэрхүү бичлэгээс харж болно. Магадгүй шүтлэг ихтэй Дагестан нутгийн хүүд “сагсуу” Ирландын үйлдэл байж боломгүй, хязгаараас давсан санагдсан учраас тэр энэ тулааны дараа өөрийгөө барьж дийлээгүй байж болох юм гэж Хабибыг зөвтгөх хүмүүс хаа сайгүй бий. Тийм ч учраас тэд дэмждэг тамирчныхаа найрсаг занг харуулах үүднээс доорх бичлэгийг хэдэн зуугаараа түгээж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 202.21.106.166 ]      |     2018 оны 10-р сарын 09 -нд, 13:01 минутанд

Гэр бүл, эх орноо доромжлуулсан хүн уурлахгүй яадаг юм. Коннор гэгч далчаак хүртэх ёстойгоо хүртсэн. Гэхдээ дутуу. Уулынхан өс авнаа л гэх байхдаа

Go to top of page