БОДИТ БАЙДАЛ: АИ-92 1885, АИ-95 2220 төгрөгт хүрсэн ШАЛТГААН

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр /2018.10.09/ АМГТГ-аас мэдээлэл хийсэн билээ.

Энэ талаар Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.

Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрээд байна. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсний улмаас Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл, ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн гэж ойлгож болно” гэв.

-ШАТАХУУНЫ ҮНЭ ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 255 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-


2018 оны нэгдүгээр сарын 03-ны байдлаар,

  • “Аи-92, 93” шатахуун 1630 төгрөг
  • “Аи-95” 1820 төгрөг байв.

Үүнээс ердөө хоёр өдрийн дараа буюу нэгдүгээр сарын 05-нд “Шунхлай” ШТС Аи-95 бензинээ 150 төгрөгөөр, “Магнай трейд” ШТС 80 төгрөгөөр нэмсэн юм.

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн үед, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийхдээ “Бензин шатахууны хомсдол үүсэж, нийлүүлэлт багасаагүй. Тиймээс аж ахуй нэгж байгууллага дураараа үнэ нэмэх, нөөцлөх асуудал байх ёсгүй” гэсэн бол Шатахууны үнийн зөвлөл ч мөн хуралдаад амжсан. Сануулахад, Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг бол гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч, “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг.

Шатахуун импортлогчид тухайн үед АИ-95 бензиний үнийг нэмсэн ч АИ-92 бензиний үнэд өөрчлөлт оруулаагүй юм. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 05-нд мэдээлэл хийхдээ “цаашид шатахууны үнийг барьж чадахгүй, үнэ нэмэгдэх нөхцөл үүсч байгаа” гэсэн үгийг сонссон иргэд ШТС-уудын гадаа очерлож, АИ-92 бензин хомсдолд орох дөхсөн. Түүний энэ мэдэгдлийг “Петровис” компанийн гүйцэтгэх захирал асан, “Торгоны зам сан”-гийн захирал М.Халиунбат “Тэр өндөр дээрээс нийт ард иргэдийн таалахгүй байгаа зүйлийг хэлнэ гэдэг мундаг л байна шүү дээ. Анх удаа зах зээлийн харилцаанд тууштай байх ёстой талаар хэлсэн Ерөнхий сайд байлаа” хэмээн дүгнэж байв.

-ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫН БАЙР СУУРЬ-


Үүний дараагаар "НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Петровис" компанийн Маркетинг хариуцсан захирал А.Батпүрэв нар мэдээлэл өгсөн билээ.   

"Петровис" компанийн Маркетинг хариуцсан захирал А.Батпүрэв “АИ-92 бензиний үнэ нэмэгдээгүй, литр тутамдаа 1630 төгрөг хэвээрээ байгааг мэдэгдмээр байна.  Уул уурхайн дэд сайд Б.Загджаваар ахлуулсан Үнийн зөвлөл нэгдүгээр сарын 18-нд шатахууны үнэ нэмэх, эсэх асуудлаар нэгдсэн байр сууринд хүрэхээр болсон. Бид тэр хүртэл харзнаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үнэ нэмсэн мэдээлэл газар авч, зарим колонк дээр АИ-92 авто бензин хомсодсон нь үнэн” гэсэн бол "НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, ”Өнгөрсөн баасан гаригийн байдлаар манай компани 30 хоногийн шатахууны нөөцтэй байсан. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсэх хэмжээнд хүрээгүй. Гэхдээ өнгөрсөн амралтын өрдүүдэд үүссэн гэнэтийн худалдан авалтаас  хамаарч нөөц багассан.  Үнэ нэмэх сургаар нөөцөд хомсдол үүсч байгаа учраас цаашид нөхцөл байдал хүндэрч магадгүй байна. Шатахуун импортлогчид их хэмжээний захиалга хийх  санхүүгийн боломж дутмаг байгаа” гэсэн юм.

Мөн “Шатахуун импортлогчид 2017 оны аравдугаар сараас хойш нэг литр шатахуунаас 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Шатахууны үнийн бүрдэлтийг задалбал, 76 хувь нь импортын үнэ, 23 хувь нь Онцгой албан татвар, гааль, нэмүү өртгийн татвар, үлдсэн нэг хувьд үйл ажиллагааны зардлаа шингээдэг” хэмээн тайлбарласан. Тиймээс тухайн сард Шатахуун импортлогчид Засгийн газарт алдагдалтай ажиллаж байгаа саналаа хүргүүлсэн. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд Д.Загджавт  албан бичиг хүргүүлж, Үнийн зөвлөлийг хуралдуулах саналыг удаа дараа тавьсан. Үнийн зөвлөлийн хурал олон удаа хойшилж, тодорхой шийдэлд хүрч чадаагүй.

Гэхдээ өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 1885, АИ-95 бензин 2220 төгрөгт хүрснийг харвал Үнийн зөвлөл тодорхой шийдэлд хүрсэн бололтой. АМГТГ-ын мэдээлснээр, энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа аж.

-ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХЭЗЭЭ АШИГЛАЛТАНД ОРОХ ВЭ-

Бензиний үнэ нэмэгдэх, хомсдолд орох бүрт Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтанд орох тухай асуудал хөндөгддөг. Монгол Улсад 3 талбайд  333 сая  тонн баталгаат зэрэглэлийн нөөц тогтоосон нь  газрын тосны нөөцийн хэмжээгээр 100 орчим орноос 33-д жагсах болсон. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж, жилд 1,2 сая орчим  тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Мөн хоногт дунджаар 2742 тонн газрын тос олборлож, 2803 тонн газрын тос экспортолдог гэсэн мэдээлэл байна. 1998 оноос хойш 5,9 сая тонн тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д  экспортолжээ.

Энэхүү судалгаагаар бид шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангах нөөц бололцоо бүрэн бий гэдэг нь харагдаж байна. АМГТГ-ын мэдээлснээр “1,5-2 сая орчим тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаад эхэлчихсэн. Энэ жил дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа. 18 км орчим төмөр зам, 17 км орчим хатуу хучилттай зам, 110 Кватт цахилгаан эрчим хүч дамжуулах шугам гээд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байна. Дэд бүтцийн ажил хийж байгаа компаниуд маань 2019 оны зургаадугаар сард ажлаа бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэрийн барилгын ажил хөнгөлөлттэй зээлийн тусламжаар гүйцэтгэгднэ. Төсөв хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сард багтаж батлагдана. 2023 онд гэхэд үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна” гэсэн юм. 

-РОСНЕФТЭЭС ЯАГААД РУБЛИЭР БИШ ДОЛЛАРААР БЕНЗИНЭЭ АВДАГ ВЭ-

Манай улс ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компаниас шатахууныхаа 95 орчим хувийг импортолдог гэсэн мэдээлэл бий. Үлдсэн таван хувиа БНСУ болон БНХАУ-аас импортолдог. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар өнгөрөгч сард ОХУ-д айлчлал хийж, “Роснефть”-ийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Гэхдээ тэрбээр шатахууны үнийг дээш, доош буулгах тухай огт яриагүй бөгөөд “Нефть хайгуулын ажил хийх, дамжуулах хоолой барих, нефть боловсруулах үйлдвэр болон мөн одоо манай улс хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ хангамжийн асуудлыг ярилцсан” хэмээсэн. Харин риблиэр биш доллараар бензинээ импортолдог тухайд “Доллараар биш рублиэр бензинээ импортолсон ч ижил өртөгтэй байна. Манай  улс дийлэнх импортын бүтээгдэхүүнээ доллараар авдаг учир 2014 онд “Ронефть”-тэй хийсэн гэрээн дээр тодорхой заасан байгаа” хэмээн АМГТГ-аас мэдээлсэн юм.

-ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ХАМГИЙН САЙН АРГА-

Олон Улсад АИ-92-той ойролцоо чанарын бензин литр нь дунджаар 1,45 ам.доллар буюу 2600 төгрөгийн үнэтэй байна. Энэ үнэ тогтмол биш бөгөөд долоо хоног бүр дээш, доошоо 20 центээр өөрчлөгдөж байдаг аж. Шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх хэмээн судлаачид үздэг. Герман улс л гэхэд хоёр жилийн хэрэгцээтэйгээ тэнцэхүйц нөөцтэй. Тэрхүү нөөц нь үнийн савалгаа, нийлүүлэлтийн огцом тасалдал зэрэгт аврал нь болдог аж. Манай улсын шатахуун импортлогчдын хувьд хамгийн ихдээ хоёр сараар нөөцөлдөг бөгөөд их хэмжээгээр нөөцлөх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй зүйл юм. Өнөөдрийн байдлаар нэг тонн АИ-92 бензиний гаалийн татвар 81 мянга, онцгой албан татвар 210 мянга, замын татвар 25,700 төгрөг бөгөөд нэг тонн тутмаас 317 мянган төгрөг татварт төлдөг аж. Үүнээс гадна нэг литр тутмаас 148 төгрөг НӨАТ-д төлдөг байна.

-АМ.ДОЛЛАР ЦААШИД НЭМЭГДЭХ ҮҮ-

Шатахууны үнэ нэмэгдсэн нь ам.долларын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлсэн. Тэгвэл шатахууны үнэ өссөнд ам.долларын ханш өссөн нь буруутай юм бол цаашид ам.долларын ханш өсөх үү, эсвэл буурах уу гэдэг асуулт гарч ирнэ. Монголбанкны өнөөдрийн /2018.10.10/ ханшийн мэдээллээр ам.доллар 2565 төгрөгт хүрээд байна. Өдөрт 3-5 төгрөгөөр тогтмол өсөж байгаа юм. Энэ нь нэг талдаа зөвхөн төгрөгийн эсрэг өсөж байгаа үзүүлэлт биш бөгөөд юань, еврогийн эсрэг ч өсөж байгаа үзүүлэлт юм. Ам.долларын ханш өсөх ганц шалтгаан бол ам.долларын хомсдол хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Гадаад валютын албан нөөц 2018 оны наймдугаар сарын байдлаар 2,1 сая ам.доллар байв. Энэ үзүүлэлт өнгөрөгч тавдугаар сард 3,3 сая ам.долларт хүрсэн ч түүнээс хойш огцом буурчээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд ам.долларын өсөлтөөс үүдэж хүлээлт үүсгэж байж магадгүй хэмээн зарим эдийн засагчид үзэж байгаа юм. Хүлээлт гэдэг нь валютын ирээдүйн өсөлт, хамгийн өндөр цэгийг хүлээж байх магадлал юм. Жишээлбэл, ам.долларыг 2200 төгрөгтэй байхад худалдаж аваад, 2600 ам.доллар хүрэх багцаанд зарна гэсэн хүлээлт юм. Энэ бол ам.долларын хомсдолд орох гол шалтгаан байж ч мэднэ хэмээн судлаачид үзжээ. Ам.долларын ханш цаашид өсөх хандлагатай, мөн нэгэнт 2600 ам.доллар луу дөхсөн учир буурлаа ч энэ нь шатахууны үнэ буулгах шалтгаан болохгүй хэмээн үзэж байна.

Г.Энх-Уянга

Эх сурвалж: www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мянгаа(66.181.188.216) 2018 оны 10 сарын 10

энэ донгио ёрөнхий сайд тэгвэл хэлсэн үгэндээ хүрэх юм бол нефьтээ гадагш гаргахаа зогсоо бид өөрсдөө бага багаар нефьтээ боловсруулж дотоодоо хангая яваандаа том нь жижигээ барьж иддэг хуулиар зохицуулагдана биз

0  |  0
Бүү мэд(202.126.89.32) 2018 оны 10 сарын 10

Зг-д сэтгэл алга даа.ухаан,боловсрол нь хүрдэггүй юм уу, 60-н тэрбумд мөнгө өгчөөд тэрийг ээ олж авах гэдэг юм уу

0  |  0
arai arai(202.126.89.252) 2018 оны 10 сарын 10

92 huvsud1920 bsan.hotod 1880 bolohoor ingej hetsbvdej bgaan bol mani met ni odoo yaj amidraad bnaa.iron nutagt amidarch bgaahiinhaa tuluu hamgiin undur vne hamgiin hotsrogdson baraa.hvnsiig heregleh ymar gem nvgel uildsen hvmvvs ve bid chine.

0  |  0
irgen(84.227.227.238) 2018 оны 10 сарын 10

ene arai heterlee boliochee,,mongold hezeech iim ondor ynetei baih esgui , irged yamar mongoor amdardag bilee umand chin bas neg harizaa gej baih estoi bizdee, ene bol zever mal shig toriin buruu !!!

0  |  0
БААТАР(202.21.106.160) 2018 оны 10 сарын 10

ДЭЛХИЙ ДЭЭРХИ НЕФТЬ БУЮУ ХАР АЛТНЫ ҮНЭЭС ШАЛТГААЛАН ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ, ГЭХДЭЭ МАНАЙ УЛСАД БОРЛУУЛАГДАЖ БАЙГАА БИДНИЙ ГОЛ ХЭРЭГЛЭЭ БОЛСОН А-92 БЕНЗИНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ БАЙГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАМГҮЙ БАЙНА. УЧИР НЬ УРЬД ЖИЛҮҮДЭД 100КМ ТУТАМД 10-11Л ЗАРЦУУЛДАГ БАЙСАН БОЛ 17-18Л ЗАРЦУУЛДАГ БОЛЛОО. НМХГ ДАРГА ЭРДЭНЭЧУЛУУН ГЭДЭГ АВГАЙ ЧАНАР ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА ГЭЖ ХУДЛАА ӨМӨӨРЧ ДОНГОСДОГОО БОЛИМООР БАЙНА. ХАМГИЙН МУУ ШАТАХУУН ОДООГООР ПЕТРОВИС БАЙНА ШҮҮ

0  |  0
залуу(103.229.120.213) 2018 оны 10 сарын 10

орост худалдагдсан ноёдоо шийтгэсэн цагт л монгол нефт боловсруулах үйлдвэртэй болох байхаа..мөн төмөр замаа ч барина монгол нүүрсний үнэ ч өснө.

0  |  0
Асрын өндөр(103.10.21.105) 2018 оны 10 сарын 10

Өмнөх Засгийн үед юу гэж хцаж байснаа, өөөрсдөө юу амлаж байснаа мартсан солиотуудын өөрсдийгөө зөвтгөж байгаа үхлийн царай. Мөн ч хөөрхий харагдаж байна даа. та нарын дэргэд муу нэртэй АН-*ын засаг үнэхээр чадамжтай ажиллаж байсан нь улам тодорч байна даа. Коммунистуудаа та нар гавьяа байгуулах хугацаа тэртэй тэргүй байхгүй болчлоо.Гай болохгүй байж байгаад 20 онтойгоо зайлаач

0  |  0
MGL(202.21.120.170) 2018 оны 10 сарын 10

энэ ч нэг юм дуулганаа

0  |  0
nymaa(183.177.98.182) 2018 оны 10 сарын 10

1.5-2 ochim tn bolovsruulakh chadaltai uildver gene uu yu bicheed bna kk tiim uildver gej baikh uu ymaa zuv bicheech setguulch nertei mal min

0  |  0
Top