Б.Мэргэн: Цагаатгагдсан иргэдийн 60 хувь нь хохирлоо нэхэмжлэхээс цааргалсан

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

“Эрх зүйн соёл” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнээс  шүүхийн шатанд хэрэг нь цагаатгагдсан иргэдийн нөхөн олговрын талаар тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд хэдэн иргэн шүүхийн шатанд цагаатгагдсан байна вэ?

-Манай байгууллага 2013-2017 онд цагдан хоригдоод шүүхийн тогтоолоор цагаатгагдсан иргэдийн судалгаа хийсэн. Анхан шатны шүүх 2013 онд 6169 хэрэг хянан шийдвэрлэснээс 12, 2014 онд 6375 хэргээс 72, 2015 онд 6756 хэргээс 8, 2016 онд 5762 хэргээс 6, 2017 онд 8839 хэрэг хянаснаас таван хэргийг цагаатгасан. 2014 онд тогтоолоор цагаатгагдсан 72 хэргийн холбогдогчоос 13 нь цагдан хоригдсон байдаг.  2013-2017 онд анхан шатны шүүх 58133 хүнд холбогдох 40286 хэрэг хүлээн авснаас 33901 хэрэг шийдвэрлэж 7329 хүнийг сэжигтнээр 9516 хүнийг яллагдагчаар цагдан хорьсон.

-Цагаатгагдсан  иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон уу?

-Нийт 173 иргэн шүүхийн тогтоолоор цагаатгагдсан. Тэдэнтэй уулзах хүсэлт хүргүүлэхэд ихэнх нь зөвшөөрөөгүй нь учир шалтгаантай. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн сангаас шүүлт хийхэд 45 шийдвэр гарсан. Тэднээс 17 иргэн л бичгээр голчлон санал, хүсэлтээ илэрхийлсэн. Иргэд цагаатгагдсан тухайгаа ярих дургүй нь дахин хэрэгт  холбогдоно гэсэн болгоомжлол. Мөн цөөнгүй нь   олны танил хүн байсан учраас нийтэд дахин ил гарахыг хүсэхгүй байгаа зэрэгтэй нь холбоотой.

-Нэгэнт цагаатгагдсан учраас нөхөн төлбөр, хохирол нэхэмжлэх эрхтэй. Иргэд яаж ханддаг юм бол?

-Судалгаанд хамрагдсан иргэдийн 60 хувь нь дахин шүүх цагдаагийн байгууллагаар явж хохирол барагдуулах сонирхолгүйгээ илэрхийлсэн. Шалтгаан нь хууль хяналтын байгууллага шударга ажилладагт эргэлзсэн, дахин хэргийн тухай яривал буруутгагдана гэх айдас, итгэл алдарсан байдал нь нөлөөлдөг. Уг нь хохирол нэхэмжлэх ёстойгоо мэддэг.

-Хохирол нөхөн төлүүлэх эрх зүйн боломж ямар байна вэ?

-Энэ судлах ёстой зүйл. Шүүгч нар цагаатгагдсан хүний хохирлыг  барагдуулахдаа гурван янзаар ханддаг. Нэгдүгээрт тухайн шүүгч хууль тайлбарлаж, хуулиа баримталж барагдуулдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 45 дугаар тогтоол, 2014 оны  судалгааг үндэслэн барагдуулж байна. Манай улсын хувьд хохирол нөхөн төлүүлэх эрх зүйн үндсийг Үндсэн хууль болон Олон улсын гэрээ конвенцийн хүрээнд баталгаажуулсан. Гэхдээ хуульд тодорхой аргачлал байхгүй учраас шүүгч бүр өөр өөр аргачлалаар хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж байна.  Ажилгүй хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажил эрхэлж байхдаа цагдан хоригдоод цагаатгагдсан бол цалингийнх нь дундаж хэмжээгээр бодож хохирлыг барагдуулдаг. Эндээс хохирлын хэмжээ ялгавартай гараад байгаа юм. 5 сая төгрөг авсан иргэн байхад 78 сая төгрөгийг хохирлын нөхөн төлбөрт авсан тохиолдол байна.

-Сэтгэл санааны хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал байдаг шүү дээ?

-Орон нутгийн  шүүхийн шүүгч нар сэтгэл санааны хохирлыг барагдуулахдаа ахиу мөнгө гаргуулдаг бол Улаанбаатар хотод шүүгч нар энэ тухайд тааруухан ханддаг нь судалгаанаас харагдсан.

-Гадаадын улс орнуудад цагаатгагдсан иргэдийн хохирлыг барагдуулдаг ямар туршлага байдаг вэ. Та бүхэн судалсан байх?

-Манай улсад цагаатгагдсан иргэд хохирол нэхэмжлэхэд, тэдний хохирлыг барагдуулахад заавал шүүх, хууль хяналтын байгууллагад хандаж байж шийдвэрлэгддэг, Бусад улс оронд арай өөр. ХБНГУ-д хоногийн 28 еврогоор нөхөн төлбөрийг тооцдог бол Англи улсад нөхөн төлбөрийн ердийн хэмжээг 500 мянган паунд, 10-аас дээш жил хоригдсон бол нэг сая паунд байхаар хуульчилсан. Японд хоногийн 1000-12500 иен байдаг. Сэтгэл санааны  хохирлыг хэрхэн барагдуулахыг ч хуульдаа тодорхой оруулж өгсөн байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top