А-80, АИ-92 бензиний онцгой албан татварыг тэглэсэн ч үнэ өсч байна гэв

2018 он гарсаар шатахууны худалдаа эрхлэгчид жижиглэнгийн борлуулалтын үнийг 1,2,7,8,10 дугаар саруудад буюу нийт 5 удаа нэмээд байна.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзэлдэг. Харин төрлийн хувьд 63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзэлж байна.

Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаардаг байна.  

Мөн Онцгой албан татварын хуулиар хилийн боомт, шатахууны төрөл тус бүрээр 1 тонн тутамд онцгой албан татварыг тогтоож байгаа. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 80,000 төгрөг, дизелийн түлшинд 150,000 төгрөг төлдөг. Харин өргөн хэрэглээний А-80, АИ-92 автобензин онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 26 дугаар тогтоолоор тэглэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв. Тэрбээр, “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн тайлбар өглөө.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page