“Том тоглогч”-ийн үгийг 9500 төлөөлөгч сонслоо

Манай хойд хөрш ОХУ-ын Москва хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд болсон  “Оросын эрчим хүчний долоо хоног”  олон улсын  чуулга уулзалтад 9500  төлөөлөгч оролцжээ. Энэ бол тус чуулга уулзалтын цар хүрээг илтгэсэн том тоо гэдгийг эх сурвалжууд тодотгож байна. Эрчим хүч бол дэлхий дахины хувьд стратегийн чухал салбар. Тэрдундаа дэлхийн эрчим хүчний зах зээлийн том тоглогч ОХУ-д болсон чуулга уулзалт бусад улс орнуудын анхаарлыг татсан нь эргэлзээгүй.

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрчим хүчний яам, “Росконгресс” хамтран өнгөрсөн  оны  мөн  үед Москва, Санкт-Петербург хотноо эрчим хүчний үр ашиг,  хөгжлийн асуудлаарх олон улсын форумыг  анх удаа зохион байгуулж байсан юм. ОХУ-ын  түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийг олон нийтэд танилцуулах, эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах зорилготой тус форумд өнгөрсөн жил 8 мянга орчим хүн оролцож байв.


Тэгвэл энэ жилийн чуулга уулзалт эхэнд өгүүлсэнчлэн зорьж ирсэн төлөөлөгчдийн тоо нэмэгдэж, хэлэлцсэн асуудлуудын сэдэв ч өргөжсөн байна. Австри, Ангол, Англи, Вьетнам, Герман, Дани, Испани, Итали зэрэг дэлхийн 66 орны төлөөллүүд цугласны дотор 20 гаруй улсын төр засгийн албаны хүмүүс, 200-гаад компанийн төлөөлөл ирсэн бол зохион байгуулагч ОХУ-ын талаас 700 компани оролцсон гэх мэдээлэл байна. Эрчим хүчний эх үүсвэрүүд болох нүүрс, нефть, байгалийн хий олборлолт болон цөмийн, сэргээгдэх эрчим хүчний салбарын олон зуун компаниуд, шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцсон тус чуулга уулзалтын хүрээнд 60 орчим  арга хэмжээ зохион байгуулагдсаны 12 нь үзэсгэлэн, танилцуулга арга хэмжээнүүд  байсан байна.

Үндсэн чуулга уулзалтыг ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путин нээж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс ишлэн хүргэе.

“Бид газрын тос, байгалийн хийн олборлолт, экспортын хэмжээгээр тэргүүлэх байрыг эзэлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болон нүүрсний олборлолтоороо манлайлагчдын тоонд багтдаг. Дэлхийн эрчим хүчний чиг хандлагыг мэдэрч байх нь бидэнд өрсөлдөх чадвараа үр бүтээмжтэй хэрэгжүүлэх, бусад улс оронтой эрчим хүчний нэгдмэл орон зай, нэгдмэл ирээдүйг бүрдүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Дэлхийн эрчим хүчний хөгжил, эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангахын тулд гагцхүү бүгдэд ижил үйлчлэх нийтлэг дүрмээр олон улсын хэмжээнд түншлэн ажиллах, мөн зах зээлд оролцогчдын ажил хэрэгч илэн далангүй, аливаа улс төрийн далд сэдэлгүй яриа хэлэлцээг өрнүүлэх, прагматизм, нэг үүрэг хариуцлага, харилцан ашиг сонирхол зэрэгт тулгуурлах ёстой. ОПЕК-тэй тохиролцсоны ачаар газрын тосны зах зээлийн эрэлт нийлүүлэлт тэнцвэржсэн нь дээрх зарчмаар явах нь зөв болохыг нотолж байгаа юм.


Орос улс цаашид ч нефть олборлогч орнуудын яриа хэлэлцээг дэмжих бөгөөд энэ нь газрын тосны зах зээлийг тогтвортой байлгах, урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнтэй холбогдуулан онцлоход, ойрын ирээдүйд газрын тосны эрэлт  үндсэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн хэрэглэгчдээс шалтгаалан өснө гэлээ.

Мөн тэрбээр “Орос улс шингэрүүлсэн хийн (LNG) салбарт идэвхтэй оролцогчдын нэг. Бид олборлолт, боловсруулалтын хүчин чадлыг шинээр ашиглалтад оруулан тээврийн дэд бүтцийн хөгжлийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хойд тэнгисийн замыг тохижуулж, мөс хагалагч флот байгуулан Оросын Акртикаар хий тээвэрлэгч, усан онгоцны хөдөлгөөнийг жилийн туршид явуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхийн эрчим хүчинд дахин эерэг үйлчлэл үзүүлж эхэлсэн бас нэг чухал чиглэл бол нүүрсний аж үйлдвэрийн салбар юм. 10 жилийн өмнө уг төрлийн эрчим хүчний нийлүүлэлтийн ирээдүйд итгэх хүн цөөн байсан бол өнөөдөр нүүрсний эрэлт тогтвортой өсөн, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт нэмэгдэж байгааг харж байна. ОХУ-д уг өсөлттэй зах зээлд оролцоогоо нэмэгдүүлэн байр сууриа баталгаажуулах нь маш чухал байгаа юм.

ОХУ нүүрс олборлолтын үр бүтээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж, нүүрс тээвэрлэх  экологийн цэвэр технологид онцгой анхаарал хандуулна. Энэ хэсэгт бид стратегийн хэд хэдэн шийдвэрийг гаргаад байгаа. БАМ, Транссибирийн төмөр замын нэвтрүүлэх чадлыг өргөтгөн далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Нүүрс олборлолтын төвүүдийн үр бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мэдээж нүүрс тээвэрлэх, хэрэглэх, цахилгаан үйлдвэрлэх  экологийн цэвэр технологид онцгой анхаарал хандуулах болно. Бид дулааны үйлдвэрлэлийн өргөн цар хүрээтэй шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Улсынхаа  эрчим хүчний сүлжээнд цахимжуулалтын шийдлүүдийг нэвтрүүлнэ. Үүнийг бид бүхэлдээ цахилгаан эрчим хүчний салбарт нүүрлэсэн асар том сорилтын хариу арга хэмжээ гэж харж байгаа. Ойрын 20 жилд дэлхийд цахилгаан эрчим хүчний эрэлт тооцоолсноос илүү эрчимтэй өсөх таамаг бий. Экспертүүдийн дүгнэж буйгаар 2040 онд тус эх үүсвэрийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх бол газрын тос, нүүрс, хий болон эрчим хүчний бусад эх үүсвэрийн эрэлт ойролцоогоор 30 хувиар өснө. Ийм чиг хандлага нь тог цахилгаан, түүний экспортыг нэмэгдүүлж, цахилгаан үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх таатай боломж олгож байна. Бидний бас нэгэн тэргүүний зорилт бол өндөр технологи шингэсэн цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах явдал юм” гэсэн байна.

Чуулга уулзалтын хүрээнд оролцсон талууд хамтын ажиллагааны гэрээ хийсэн тухай мэдээнүүд бий. Тухайлбал, ОХУ-Казахстан улсууд эрчим хүчний ханган нийлүүлэлтийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хамтын ажиллагааны чиглэлд “NOVATEK”,  “Siemens”,  “Rosseti”, “Sberbank” зэрэг хэд хэдэн компаниуд гэрээ байгуулжээ.

 

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page