ТӨСӨВ: Хөөс ХӨРСӨН дээр буудаггүй юм

2018 оны 10 сарын 11

Энэ оны төгсгөлд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл Сангийн сайдад байна. Түүнийхээр бол эдийн засгийн өсөлт ирэх онд ч эрчээ алдахгүй бөгөөд бүр 10 хувьд ч хүрч мэдэхээр байгаа аж. Тэгвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк манай эдийн засгийг оны төгсгөлд 5.9-6.4 хувиар, ирэх онд 6.1-6.6 хувиар өснө гэж таамаглаад буй. Манай тухайд харьцангуй өндөр өсөлт төсөөлөхдөө уул уурхайн салбараа түшиглэж, тэрдундаа нүүрсний экспортыг 42-44 сая тоннд хүргэнэ гэж тооцжээ. Өнгөрсөн жилүүдийн болон энэ жилийн практик дээр тулгуурлаад харахад энэ бол дэндүү ТОМРУУЛЖ тооцсон төсөөлөл юм.

Нүүрний экспортыг огцом нэмэгдүүлэх улстөрчдийн тооцооллыг даах хэмжээний тээвэрлэлтийн хүчин чадал, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, гол зах зээлийн хүлээж авах нээлттэй бодлого бэлэн үү гэдэг асуултууд хариу нэхэж таарна. Өнгөрсөн жил манай улс 32 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч, зорилгодоо хүрч чадаагүй. Энэ жилийн тухайд 28 сая тонн нүүрс экспортлох тооцоололтой. Есдүгээр сарын байдлаар 27 сая тонн нүүрс экспортлосон гэх таатай мэдээ бий. Гэхдээ оны төгсгөлд нэгтгэсэн дүн мэдээлэл гарч таарна.

Ер нь бол төсвийн орлого, зарлагаа хоёр, хоёр их наядаар өсгөж оруулж ирж буй үндэслэлүүд нь нүүрсний экспортын өсөлт хийгээд  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих татварын багц хуультай холбоотойгоор, иргэд, аж ахуй нэгжээс 110 тэрбумыг нэмж олно гэхчлэн эрх баригчид тооцож байна. Яахав тэгээд  татвараа аваад байдаг юм гэхэд ашигт малтмалын салбарын тухайд зохицуулалт ихээр шаардаж таарна. Энэ бол эрсдэлтэй тооцоолол. Тээвэрлэлтийн дэд бүтэц дээр үсрэнгүй урагшилсан байсан бол өөр хэрэг. Харин өдөртөө Гашуунсухайтын боомтоор 1250-1350 машин гарч байна гэсэн статистикаа ярьсан хэвээрээ байгаа ийм үед бол том тоо юм.

Сангийн сайд хэлэхдээ гаалийн шинэчлэлийн хүрээнд зургаан боомтын нэвтрэх чадвар, хяналтыг сайжруулж, гарч байгаа баялгаа бүрэн тооцдог болох тул орлого нэмэгдэнэ гэжээ. Мэдээж гарч байгаа түүхий эдээ бүрэн тооцох чухал. Тэгвэл нөгөө нэмүү өртөг шингээгээд, үнийг нь өсгөөд, илүү орлого авч үлдэх бодлого хаана явна вэ?

Энгийнээр бодоход эдийн засгийн өсөлт эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг дагаж ирнэ. Томоохон төслүүд эргэлтэд орохтой зэрэгцэж ирнэ. Түүхий эдээс үлдэх үр ашиг нэмэгдсэн цагт ирнэ. Зөвхөн уул уурхай бус өөр салбаруудаа амь оруулсан цагт ирнэ.

Тэгэхээр энэ чиглэлд Засгийн газар хэрхэн яаж ажиллах вэ. Төсвийн зарлагын хуваарилалт улстөрчдийн харалган бодлогоос арай дээгүүрт хийгдэж чадах  уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Ирэх онд хийгдэх 1.3 их наядын хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь сургууль,  цэцэрлэг,  эмнэлэг болон  утаа бууруулах чиглэлд зарцуулагдана гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Шийдэл хүлээсэн асуудлууд учраас тийшээ мөнгө очих нь зөв. Гэхдээ утаа бууруулна гэж жил бүр мөнгө төсөвлөөд, эцэстээ та бид утаатайгаа амьдарч л байгаагаа санах хэрэгтэй. Төсөв захиран зарцуулагчдад бодитой хяналт тавих шаардлага хэдийнэ тулсан. Төсөвт хяналт тавих зөвлөл энэ тэр гэж байгуулаад л байна. Гол нь эрх ашгийн зөрчилгүй, эрүүл арга барилаар төсвийн орлого зарлагыг тооцох хэрэгтэй байгаа юм.

Үе үеийн засаг л төсвийг сайжруулах тухай ярьдаг. Ухаалаг төсөв, Иргэдийн төсөв, Шилэн төсөв, Хяналттай төсөв, Тогтвортой төсөв гэхчлэн жагсааж болж байна. Тэглээ гээд улстөржсөн, сонгууль угтаж хиймлээр хөөсрүүлж, пологтуулсан төсөв зурдаг байдал ер тасрахгүй нь. Иш үндэс нь эргэлзээтэй ОРЛОГО тооцоолчихоод тэрнээсээ 2 их наядаар илүү ЗАРЛАГА гаргахаар төлөвлөж байна. Эдийн засаг сууриараа реформ үгүйлж, тоон үзүүлэлт тэрийг нь бататгасаар, зохицуулалтыг хэн хийх ёстой вэ. Зөв тооцоолол, судалгаан дээр үндэслэсэн бодлого, шийдвэрүүд эрх баригчдаас гарах ёстой.

Уг нь төсөв, мөнгөний бодлогыг уяж залах боломж УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд бий ч, эдгээр байнгын хороодын дарга нар нь хоёулаа барилгын компанитай, хоёулаа зам тавьдаг бизнестэй гэдгийг Эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн байна лээ. Энэ мэт эрх ашгийн зөрчил бүхий нөхцөл байдлаас эрүүл саруул төсөв хүлээх боломжгүй л харагдаж буй юм.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.131.228.131) 2018 оны 10 сарын 11

БАЙНГИЙН ХОРООДЫН ДАРГА НАР Ч ГЭЖДЭЭ.

0  |  0
ё(202.131.238.98) 2018 оны 10 сарын 11

Эдийн засагч Ч.Отгочулуу гэж ЭЭБИЙ н зөвлөх байсан баагий

0  |  0
Top