Сингапур улсын Төрийн албаны тогтолцоотой танилцах чиг үүрэг бүхий төлөөлөгчдийн айлчлал болов

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Бүгд Найрамдах Сингапур Улсын төрийн албаны тогтолцоотой танилцах чиг үүрэг бүхий төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 2018 оны аравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд тус улсад ажиллав. Тухайн айлчлалын зорилго нь 2019 оноос дагаж мөрдөх Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар гадаад улсын дэвшилтэт туршлагыг судлах зорилготой бөгөөд энэ хүрээнд НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо зэрэг бусад холбогдох төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд зэрэг 11 хүн багтан ажиллав.

Төрийн албаны тогтолцоо нь тогтвортой, туршлагатай, мэргэжлийн зэрэг үзүүлэлтээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлж буй Япон Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсыг сонгосон байна. Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд тус улсын Ерөнхий сайдын ажлын албаны харьяа Төрийн албаны коллеж, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагын удирдлагатай уулзаж, туршлага судлахаар талууд тохиролцсон. Төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсын Төрийн албаны коллежийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн Олон улсын асуудал хариуцсан захирал, хатагтай Тина Нг Сав Тин-тэй 2018 оны аравдугаар сарын 8-ний өдөр уулзалт хийв. Уулзалтын хүрээнд төрийн албаны боловсон хүчний нөөцийг хэрхэн өндөр түвшинд бэлтгэж буй аргачлал, удирдах албан тушаалтны манлайллын сургалтын хөтөлбөр зэрэг асуудлаар санал солилцов.

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангийн үйл ажиллагаатай танилцан, тус сангийн гүйцэтгэх захирал Бэнэдикт Чеонг, Хөтөлбөр, стратеги хариуцсан захирал Жоаннэ Нг нартай албан уулзалт хийв. Тус сан нь дэлхийн 20 гаруй улсад 350 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг төдийгүй өнгөрсөн хугацаанд Монгол Улсын салбар, салбарын цөөнгүй тооны төрийн албан хаагчид, оюутан, залууст сургалт, тэтгэлэгт хөтөлбөр олгож байв. Төлөөлөгчид тус сангийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ цаашид тус сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын төрийн албан хаагчдыг чадавхижуулах, нарийн мэргэшүүлэх сургалтад илүү их хамруулах чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцов.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын их сургуулийн удирдлагатай уулзах, улмаар Азид боловсролын тогтолцоогоо тэргүүлж буй тус сургуулийн үйл ажиллагаа, тэр дундаа төрийн бодлогын салбарын мэргэжилтнийг бэлтгэх, сургалтад хамруулах асуудлаар санал солилцох зорилгоор тус сургуулийн Боловсрол хариуцсан захирал проф. Францеско Манчини, Төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Бандерлайп МакРон, ахлах мэргэжилтэн Жансулу Абдекарим нартай уулзалт хийв. Талууд төрийн албаны удирдах албан тушаалтны манлайлал, сургалтын арга хэрэгсэл, заах арга барил зэрэг сэдвээр санал солилцов. Тус сургууль нь Монгол Улсын Удирдлагын Aкадемитай хамтын ажиллагааг бий болгож, улмаар сургалтын хөтөлбөр, боловсролын түвшинг чанаржуулах, дэлхийн стандартад нийцүүлэх чиглэлээр туршлагаа хуваалцах, хамтран ажиллахаар болов.

Бүгд Найрамдах Сингапур Улсын төрийн албаны туршлагаас суралцах, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрэлдүүлэхэд Сингапур улсаас мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авах, төрийн албан хаагчдын сургалт хариуцсан байгууллага хоорондын удаан хугацааны хамтын ажиллагааг бий болгох зэрэг үндсэн зорилгынхоо хүрээнд тус улсад цөөнгүй албан уулзалтыг амжилттай зохион байгуулж, харилцаа холбоо тогтоосон үр дүнтэй айлчлал болж өндөрлөв. Монгол Улсын Элчин сайдын яам айлчлалыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж айлчлалын бүрэлдэхүүнтэй уулзаж, цаашид айлчлалын мөрөөр хамтран ажиллах, Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлэхээр харилцан тохиролцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.70.33.164) 2018 оны 10 сарын 12

Манай тогтолцоо буруу биш гэж бодож байна. Зүгээр бүх шатандаа хариуцлага л алга.

0  |  0
Top