Филармони: Дэлхийн сонгодгоос монгол ардын дуу хүртэл...

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Монгол Улсын Филармони уламжлан ёсоор шинэ улирлын тоглолтынхоо талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ жил "Морин хуурын чуулга", дуучид, уран бүтээлчдийн хамтарсан бүтээлээр нээлтийн тоглолтоо хийж байгаагаараа онцлогтой. 

Морин хуурын чуулга, дуучид тоглолтынхоо бэлтгэлийг 100 хувь хангаж дууссан ба үзэгч, сонсогчдод шинэ бүтээлээр бэлэг барихаа хэлэв. Үнэ цэнэтэй, содон соргог мэдрэмжийг төрүүлэх "Морин хуурын чуулга"-ын шинэ бүтээлийг Улсын филармонийн нээлтийн тоглолт болох “NEW SEASON 2019” үзвэрээс сонсох боломжтой.

Тоглолтод Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр нарын дуучид оролцож, удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор "Морин хуурын чуулга"-тай хамтарна.

“NEW SEASON 2019” тоглолтын талаар бүжиг дэглээч, найруулагч С.Сүхбаатар "Монгол Улсын урлагийн төлөөлсөн том байгууллага бол Улсын Филармони. Дэлхийн урлаг, ардын урлаг, орчин үеийн урлагийг хослуулан туурвидаг газар. Энэхүү шинэ улирлын нээлтийн тоглолт нь монгол угсаатны зүйн хувьд биет өв болсон морин хуурын эгшиг аялгуугаар орчин үеийн урлагийг ардын урлагтайгаа хослуулан найруулан тавьж байгаагаар онцлогтой. Мөн уран бүтээлчид орчин үеийн хэмнэлтэй жазз, поп дуунуудыг Үндэсний хөгжимтэй хэрхэн хослуулан, шинэ хувилбараар дуулахыг сонсох боломжтой. Филармонийн ахмад болон залуу дуучид маань сонгодог, орчин үе, ардын, уртын дуунуудыг морин хуурын хослолтой дуулна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top