Мөнгөний бодлого: Бизнесийн өсөлтийг дэмжинэ

2018 оны 10 сарын 12

Манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт нааштай өөрчлөлтүүд гарч, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Гэсэн хэдий ч дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг улам сайжруулах шаардлагатай байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

2018 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь эдийн засгийн өсөлтийг бий болгох санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн бол 2019 онд эдийн засгийн идэвхжил бий болсонтой холбогдуулж бизнесийн өсөлтийг дэмжих бодлогын баримт бичгийг боловсруулсныг Төв банк дуулгаж буй.

Түүнчлэн өчигдөр болсон “Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн хүрээнд макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулдгийг олон нийтэд ойлгуулан тайлбарлаж, бодлогын саналуудыг хэлэлцэж, судлаач эдийн засагчдын саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг зорьжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Макро эдийн засгийн төлөв байдал, эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүд болон цаашдын сорилт” гэсэн сэдвээр, Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төслийн талаар тус тус танилцуулга хийлээ.

Мөнгөний бодлогод дотоодоос гадна гадаад орчны тодорхойгүй байдал эрсдэл дагуулж болзошгүйг Төв банкны зүгээс мэдэгдэж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top